​Сүүлийн жилүүдэд тогтмол байсан шатахууны үнэ өсөх шалтгаан юу вэ?

2018/01/15
ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ БА ШАТАХУУНЫ ҮНЭ

Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд, “Бензин шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай,  Засгийн газар сүүлийн хэдэн сар үнийг тогтвортой байлгах гэж тодорхой арга хэмжээ авсан. Цаашид социализмын үеийнх шиг хатуу үнэ тогтоох боломжгүй”  хэмээн хэлсэн. Дээрх үг импортлогчдыг үнээ нэмэхээс аргагүй байдалд хүрсэн болохыг илхэн харуулж байна.

Сүүлийн 5-6 жил тогтвортой байсан үнэ өсөх нь мэдээж ард иргэдэд таатай санагдахгүй. Тиймээс л шатахууны үнэ өссөн шалтгааныг бус, “үнэ өслөө” гэдэг хоёр үгийг л олон нийт өлгөн авч хэлэлцэж таарна. Буруутан нь импортлогчид болж хувирах ийм үед импортлогчдын байр суурийг ч харах хэрэгтэй. Тэд үнэхээр хүссэн үедээ үнээ нэмдэг үү?

Оны эхээр импортлогч нэгэн компанийн төлөөлөл ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Манай Засгийн газраас шатахуун импортолдог компаниудын гэрээ, зардлыг маш нарийн хянадаг.Тиймээс шатахууны үнийг компаниуд дураараа өөрчлөх ямар ч боломж байдаггүй” хэмээн хэлжээ.

Тэрчлэн Төрийн олон байгууллагуудын оролцоотой “Үнийн зөвлөл” гэж бий.Төрийн яам, агентлагуудын төлөөллөөс бүрдэх энэ зөвлөлийнхөн ч бас шатахууны үнийг өсгөхгүй байхыг хүсэж байгаа ч, нэгэнт импортлогчид алдагдалтай ажиллаж эхэлсэн үнэнийг мэдэх хүмүүс учир шийдэлгүй байдалд оржээ. Тэгвэл нефтийн бүтээгдэхүүн импортлогчид яг ямар байдалд ороод байна вэ?

ИМПОРТЛОГЧИД ЛИТР ШАТАХУУН ТУТАМДАА 250-300 ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ ЭХЭЛЖЭЭ

Сүүлийн 5-6 жилд шатахууны үнэ өсөөгүй гэдгийг бид бүхэн мэднэ. Хямралын энэ жилүүдэд импортлогчдыг шатахууны үнээ нэмэхгүй байх боломжоор Засгийн газар хангасаар ирсэн.

Ингэхдээ юун түрүүнд манай улсад шатахуун нийлүүлэгч ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ хямд байх үед онцгой татвараар зохицуулалт хийх замаар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөх үед импортлогчдод онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч байжээ. Харин энэ сараас эхлэн дээрх татвар тонн шатахуун тутамд 210-280 мянган төгрөг болж нэмэгдлээ. Үүгээр зогсохгүй шатахууны импортын үнэ ч бас тонн тутамдаа 100 ам.доллараар өсчээ. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүн импортолж, борлуулдаг аж ахуйн нэгжүүд литр шатахуун тутамдаа 250-300 мянган төгрөгийн алдагдал хүлээж эхэлсэн байна.

Үнээ нэмэхээс аргагүй болж, ашиггүй ажиллаж эхэлсэн учраас тэд төр засгийн байдлыг харсаар сүүлийн гурван сарын турш асуудлаа шийдэж өгөхийг хүлээсэн боловч дорвитой хариу авч чадалгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Албаны мэдээнээс үзвэл манай улс одоогоор100 гаруй мянган тонн шатахууны нөөцтэй байгаа нь олон жилийн дундажтай харьцуулахад хангалттай хэмжээ буюу сар гаруйн хугацаанд хэрэглэх нөөц юм байна. Мэдээж импортлогчид ашиггүй ажилласаар нөөцийн хэмжээ дуусах бодит эрсдэл ч бий. Тиймээс одоо үүсээд байгаа шалтгааныг бүхэлд нь харвал энэ удаагийн асуудал зөвхөн үнийн өсөлт хангамжийн гэхээсээ илүү импортлогчид өөрсдөө ашиггүй ажиллаж эхэлсэнтэй холбоотой юм. Гол нь импортлогчид хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч Засгийн газартай зөвшилцөлд хүрэхийг хүлээж байна.

ШАТАХУУНЫ ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ЫН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Одоо нэгэнт Онцгой албан татвараа нэмчихсэн (Жилийн өмнө ОУВС-д энэ татварыг нэмнэ гэж амлалт өгсөн) Засгийн газар юу хийж чадах вэ.Уг нь үнэ нэмүүлэхгүй гэж үзвэл Онцгой албан татварыг нэмэхээ эргэж харах л шаардлагатай юм.

Гэхдээ Онцгой албан татварын хөнгөлөлтөөс гадна Гаалийн 5 хувийн болон НӨАТ-ын 10 хувийн татварыг хөнгөлөх боломж бий. Үүнийг бууруулах сонирхол импотлогчдод мэдээж байгаа. Ингэж байж тэд ашигтай ажиллахгүй юмаа гэхэд ядаж алдагдал нь багасч үнээ нэмэхгүй байх боломж гарч ирнэ. Долларын ханш дорвитой буухгүй байгаа ийм үед дээрх арга магадгүй хамгийн боломжтой зөв гарц.

Мөн одоо л олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа болохоос “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд импортлогчдод ам.долларыг тодорхой хугацаанд нэг үнээр өгч, ханшийн зөрүүгээс болж үнэ хөдлөх эрсдлээс сэргийлж байлаа. Энэ ч бас сүүлийн таван жилд үнэ өсөөгүй шалтгаануудын нэг юм.

Тиймээс ойрын өдрүүдэд шатахууны үнэ өсөх эсэхийг Засгийн газар, холбогдох яам, агентлагуудын шийдвэрлэж таарах нь ээ.

Энэ онд эдийн засаг сэргэж, уул уурхайн салбар идэвхжих төлөв олон зүйлээс байгаа. Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагууд ч манай улсын эдийн засгийг наад зах нь 4 хувир өснө гэж таамаглаж буй. Мөн өнгөрсөн жил манай улс 1.5 сая орчим тонн шатахуун импортолсон нь өмнөх жилийнхээсээ 400 орчим мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Эдийн засагт эерэг дүр зураг ажиглагдах болсон ийм үед импортлогчдын үйл ажиллагаа ашигтай гарч байж, бусад салбар төвөггүй урагшилна. Засгийн газар, холбогдох яам, агентлагууд харин импортлогчидод ямар хариу өгөх вэ. Үнээ нэмэхийг зөвлөх үү. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна