Долоон настай хүүг захиалгаар хөнөөлгөсөн бүсгүйд 20 жилийн ял оноожээ

2018/01/24
Өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 06-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт долоон настай хүүг гэртээ ганцаараа байхад нь гар утасны цэнэглэгчийн залгуураар хоолойг нь боомилж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч, Монголын нийгмийг цочроож байсан билээ. Тухайн үед хүүг амиа алдсан байдалтай байхад нь ээж нь анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бөгөөд хүүгээ амиа хорлосон, эсвэл тогонд цохиулсан гэж бодсон байдаг аж. Гэвч цагдаагийн байгууллагын үзлэгээр хүүг гадны нөлөөтэй хоолойг нь боомилж хөнөөсөн болох нь тогтоогдсон байна.

Улмаар цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг олж илрүүлсэн юм. Тодруулбал өөрөөсөө 20-иод насаар ах талийгаач хүүгийн аавтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаатай байсан С гэх 1992 онд төрсөн бүсгүй өөрийн нагац эгчийн хүүхэд болох 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хүүг алуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдгийг тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байв. С гэх бүсгүй өөрөө таван настай охинтой бөгөөд түүнээс гадна талийгаач хүүгийн аав Ц-ээс жирэмсэн болж зургаан сартай ураг тээж байсан аж. Харин тэрээр харамсалтайгаар хүүхдээ алдсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ хүүхдийнх нь эцэг болох Ц болон түүний эхнэр М нар нийлж машинаар дайрч хүүхдийг нь зулбуулсан гэж мэдүүлсэн байдаг юм байна. Харин мөрдөн байцаалтын явцад С нь өөрийн хүүхдээ өөрөө зулбуулсан нь тогтоогдсон байна.

Энэхүү аймшигт хэрэг хоёр жил гаруйн хугацаанд шүүхийн шатанд үргэлжилсэн бөгөөд оны өмнөхөн Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэгдлээ. Захиалгаар хүүгийн аминд хүрсэн Б гэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байжээ. Харин шүүгдэгч С гурван шатны шүүх хурлын туршид огт хэргээ хүлээгээгүй юм байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Би энэ хэрэгт ямар ч холбоогүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. Б-г ийм хэрэг хийснийг нь огт мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. Б-г ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Б-н ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Нагац эгч Г, талийгаач хүүгийн ээж М нар найзууд. Тэгэхээр М болон Г нарын явуулгаар Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна, хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй " хэмээн мэдүүлдэг байжээ. Ингээд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Хяналтын шат буюу Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С-д "Хүнийг алах", "Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах" гэмт хэрэгт буруутгаж нийт 20 жилийн хорих ял, шүүгдэгч Б-д "Хүнийг алах", "хулгайлах" гэмт хэрэгт буруутгаж 14 жилийн ял оноож хорих ялыг тус тус хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна