Стенфордын судалгааны багийн эрдэмтэн Дуглас Энгелбарт анх компьютерийн хулганыг зохион бүтээснээс хойш 50 жил өнгөрчээ. Дугласын зохион бүтээсэн энгийн нэгэн компьютерийн хулганыг Сан Францискогийн Лип Моушн компани өөрчлөхөөр шийдсэн байна.
3 инчийн урттай, хөдөлгөөн мэдэрдэг Лип төхөөрөмжийг ашиглан зөвхөн гарын хөдөлгөөнөөрөө компьютерийн хулганыг хянаж, дэлгэцэн дээр байгаа зүйлсийг удирдах боломжтой.
Windows, Mac OS X компьютерт холбогдон ажиллаж болох Лип төхөөрөмж 8ft³ зайд хөдөлгөөн мэдрэх Лед мэдрэгч, мөн 1.3 мегапиксел камерын тусламжтайгаар таныг хулганагүйгээр хүссэн зүйлээ хийх боломжийг олгох юм. Липийн үйлдлийн систем хэрэглэгчийн гарын хөдөлгөөнийг маш нарийвчлалтайгаар мэдэрдэг бөгөөд хуруугаа бага зэрэг /миллиметрийг зуу хуваасны нэгтэй тэнцэхүйц зайд/ хөдөлгөх төдийд л ажиллах чадвартай гэнэ.
Лип төхөөрөмжийг ямар ч компьютерт суулгаж болохоор маш бага хэмжээтэй бөгөөд энэ хавраас худалдаанд гарах юм байна. Лип төхөөрөмжийг зөвхөн хулганын оронд хэрэглэхээс гадна и-спорт тамирчид, график дизайнерууд өөрийн ажилдаа хэрэглэж болох ажээ. Липийн зохион бүтээгчид хэрэглэгчиддээ зориулж шавар урлал хийх, оркестр удирдах, дохио зангааны хэлээр ярилцах зэрэг аппликейшнуудтай дэлгүүр /app store / нээхээр төлөвлөж буй ажээ.
Лип төхөөрөмжийг гуравдугаар сараас эхлэн 70 доллароор онлайн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна