“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хурааж, битүүмжлэх шийдвэрийг АРБИТРЫН ШҮҮХ гаргажээ

2018/02/01
“Жаст” группын захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХК-иар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар "Эрдэнэт үйлдвэр"-ийг “Жаст” группын зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан болох нь өнгөрсөн хугацаанд ил болсон юм.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн зүгээс тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбар өгсөн ч шүүхийн шатанд гарын үсгийн хэлбэр жинхэнэ болох нь нотлогдсон билээ. Улмаар “Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаанд тавигдсан “Эрдэнэт үйлдвэр" тус өрийг төлөх эрсдэл хүлээж буй юм.

Уг  маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн үлдэгдэл 50 сая орчим ам.доллар дээр нэхэмжлэгч талын шүүхийн зардал, бусад хураамжууд нэмэгдсээр 75 сая орчим ам.долларын өр барагдуулах шаардлага үүссэн гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа.

Хамгийн ноцтой нь “Стандарт” банкны зүгээс “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө Арбитрын шүүхэд дахин хүргүүлжээ. Улмаар Лондоны Арбитр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, "Стандарт" банкны уг хүсэлтийг хангасан тухай шийдвэрээ  “Эрдэнэт” үйлдвэр ХХК-нд ирүүлээд байгаа гэнэ. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна