Кёкүшюзан Д.Батбаяр гэргийдээ зориулан хайрын шүлгийн уралдаан зарлажээ

2018/02/02
Кёкүшюзан Д.Батбаяр сарын өмнө гэргий Т.Баясгаландаа зориулан шүлэг тэрлэж, Окинава арлаас утаатай Улаанбаатараа санагалзан, монгол эх нутгаа магтан дуулсанаа цахим хуудастаа нийтэлсэн нь олон мянган хүмүүсийн ташаалд нийцсэн билээ.



Тэгвэл энэ удаад тэрбээр энэхүү шүлгээ илүү сайжруулан бичих нэгэн сонирхолтой уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан байна.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр цахим хуудастаа, “Сайн байцгаана уу? Фэйсбүүкийн найзууд аа. Та бүхнийхээ дунд нэгэн гэгээлэг уралдаан зарлахаар шийдлээ. Цаг үргэлж хайр, халамжаараа сэтгэлийг минь дулаацуулж, сайхан инээдээрээ намайг баясгаж байдаг ханьдаа зориулж нэгэн бяцхан шүлэг тэрэлснийг та бүхэн санаж байгаа байх. Хоромхон зуурт сэтгэлд бадарсан тэрхүү мөртүүдийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцсанаар богино хугацаанд фэйсбүүк сүлжээнд олон мянган хүмүүсийн талархлыг хүлээж, басхүү магтаал зэмлэлийг харамгүй хүртсэнд баяртай байна.

Тиймээс тус шүлгийг илүү сайжруулан бичиж боловсронгуй болгох эсвэл нэг сайхан хайрын шүлгийг бичиж ирүүлэх /хошин, уянгын халилтай, хөгжилтэй байж болно./ уралдаан зарлаж байна. Шалгарсан шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхнээсээ ийнхүү туслалцаа хүсч байгаа юм шүү.

-Уралдаанд оролцогчийн шүлгийг "Кёкүшюзан Батбаяр" фэйж хуудсаар хүлээн авна. Мөн шүлгээ илгээхдээ фэйж хуудаст лайк дарж, постыг мөн лайк, шэйр хийнэ үү.

-Та бүхнээс ирүүлсэн шүлгийг Кёкүшюзан Батбаяр пэйж болон Кyokushuzan Batbayar фэйсбүүк хуудаст өдөр бүр нийтлэн уншигчдаас хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд дараах урамшууллыг олгоно.

Үүнд:

Нэгдүгээр байр: Японд сүмо үзэх тасалбар.

Хоёрдугаар байрт: IPhone X гар утас

Гуравдугаар байрт: Sumsung S7 гар утас тус тус бэлэглэнэ.

Шүлгийг 2018 оны 2 сарын 2-ний өдрөөс 2018 оны 2 сарын 13 хүртэл хүлээн авч, уралдааны ялагчдыг шалгаруулах бөгөөд 2018 оны 2 сарын 14-ний өдөр шилдэг гурван шүлгийг гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулна. Шалгарсан шүлгүүдийг цаашлаад дуу болгон олны хүртээлд хүргэх боломж ч бас байгаа шүү манайхаан.

Жич: Та бүхнээс ирүүлсэн шүлгийг мэргэжлийн зохиолч, яруу найрагчдын туслалцаа, сонголтоор фэйсбүүк хуудаст нийтлэх болно.

Уралдаандаа идэвхтэй оролцоорой найзуудаа” хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна