Кёкүшюзаны зарласан хайрын шүлгийн уралдаан олны талархлыг хүлээж байна

2018/02/05
Кёкүшюзан Д.Батбаяр гэгээн валентины өдрийг угтаж гэргий Т.Баясгаландаа зориулж хайрын шүлгийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Тэрбээр уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Түүний зүгээс хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд японд сүмо үзэх тасалбар, IPhone X гар утас, Sumsung S7 гар утас олгох болсоноо амлаад байгаа юм.

Тэгвэл Кёкүшюзаны гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдаан цахим орчинд маш олон хүмүүсийн талархлыг хүлээж яруу найрагчдаар зогсохгүй шүлэг яруу найрагт хайртай олон зуун хүмүүс уралдаанд маш идэвхтэйгээр шүлгээ ирүүлж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар 700 орчим хүмүүс Кёкүшюзан Д.Батбаярын гэргий дуучин Т.Баясгаландаа зориулан бичсэн шүлгийг өөрсдийнхөөрөө сайжруулан бичсэнээ түүний цахим хаягаар илгээжээ. Цаашид энэ тоо хэд болохыг таашгүй бөгөөд одоогийн байдлаар ийм олон шүлгийн эзнээр тодорсон хүнээр дуучин Т.Баясгалан тодроод байгаа нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бас нэгэн сонирхолтой амжилт юм гэх яриа сошиал хэрэглэгчдийн дунд гарчээ. 

Удахгүй тэрбээр эдгээр шүлгүүдээс мэргэжлийн яруу найрагчдын туслалцаатайгаар шүүлт хийж өөрт таалагдсан шүлгүүдээ фэйсбүүк хуудастаа нийтэлж эхлэх юм байна.
 
Уралдаанд ирүүлсэн зарим  шүлгээс толилуулж байна: 

Кёкүшюзан Батбаярын гэргий Баясгаландаа зориулсан шүлгийн уралдаанд (Оролцогч Л.Пионер)

Ханьдаа

Чи миний зүрхэнд нар болон гэрэлтсэн
Чимэг болж сэтгэлд хайр шивнэж эрхэлсэн
Би чиний амьдралд багана болж тулсан
Бичвэр сайтай номонд чинь гол дүр болж амилсан

Орчлонг туулах хүлэг болж итгэл хөтөлж ирсэн
Онцгойлж ганцхан чамтай аяны замдаа ханьссан
Хорвоог хөглөх аялгуу болж хуурын чавхдас шиг эгшиглэсэн
Ховор нандин жаргалаар намайг дүүргэж богцолсон

Бид хоёрыг таалах гэж амьдрал учрлуулаа бизээ
Бид хоёрт эрхлэх гэж хайр дэлгэрээ бизээ 
Жаран намрын навчисыг бидний өлмийд ижилхэн зулаад
Жаргал зовлонг талцуулж бидэнд даатгаа бизээ

Би чамдаа хайртай.

Кёкүшюзан Батбаярын гэргий Баясгаландаа зориулсан шүлгийн уралдаанд (Оролцогч: С.Шүрэнцэцэг)

ХАЙРЫН ОРЧЛОН

Алхан хээтэй ган тулгыг
Асааж хамтдаа бадраахын учир
Амраг сэтгэлийн хан тэнгэрт
Ангир хун шиг ижилдэхийн учир

Бие биеэ гоёсон хайр гэж байдаг юм.
Бие биедээ уусан ханийн заяа түшдэг юм.

Аав л ээж минь дотносож
Алтан ураг сүлэлдэхийн учир
Ахан дүүс минь ижилсэж
Амраг садан сүжрэхийн учир

Харц харцаа гоёсон хайр гэж байдаг юм.
Хатан сүйх гэрэлтэж ханийн заяа ирдэг юм.

Азын шагайнд морь бууж
Алиахан үрсээ тэврэхийн учир
Аавын голомт өнөржин өсч
Алдрай нялхас дэрвэхийн учир

Хүн хүнээ гийгүүлсэн хайр гэж байдаг юм.
Хүж дэлхий инээж хүмүүн заяа ивээдэг юм.

Нандин хайр минь эгшиглсээр
Нарны чавхдасаар наадахын учир
Намайг чамруу нүүлгэсээр
Насны жаргалаар уусахын учир

Зүрх зүрхээ хөглөсөн хайр гэж байдаг юм.
Зүйлийн хорвоо уясах ханийн жаргал ирсэн юм.

2018. 02. 03.

Кёкүшюзан Батбаярын гэргий Баясгаландаа зориулсан шүлгийн уралдаанд (Оролцогч: Azjargal Eruulmend Amjilt ​)

Окинава далай сайхан байсан ч 
Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ. 
Хоёр дахь эх орон минь хосгүй ч
Хоёулахнаа байх нь юутай сайхан юм бэ.
Урагшаа соёл хөгжилтэй боловч
Унаган нутгийг минь яаж гүйцэх билээ.
Баясгалант бүсгүйчүүд олон боловч
Баясаа минь наддаа сайхаан. 
Дуулим хорвоод дуучин бүсгүйчүүд их боловч 
Дуугаараа уяраасан нь ганцхан чи минь билээ. 
Дурлал хайрын ертөнцөд үзэсгэлэнт бүсгүйчүүд их боловч 
Дурлалын бурхан нь ганцхан Баясаа чи минь билээ. 
Халхын бүсгүйчүүд олон боловч 
Халамжит ханийг минь яаж гүйцэхэв дээ. 
Аавын охид олон боловч Авьяаслаг чамайг минь яаж гүйцэхэв дээ.
Тэнгэрлэг сайхан хань чамайгаа 
Тэвэртэй багтаасан би жаргалтай. 
Тив дэлхийн олон эрчүүд 
Тэндээс надад атаархан суудаг байх. 
Хань чамдаа хайртай шүү 
Хайр сэтгэлээр бялхдаг шүү.
Нартын сайхан хорвоодоо 
Насаараа чамайгаараа гоёно оо би.

2018.02.02.

Кёкүшюзан Батбаярын гэргий Баясгаландаа зориулсан шүлгийн уралдаанд (Оролцогч: Doogii Doogii​ ​)

Ханьдаа


Ааг бяраар гайхагдаж явахдаа
Арлын Японыг зоридог байлаа
Аавын намба суусан болхоор
Амин нутагтаа тэмүүлэх боллоо
Окинава далай сайхан ч гэлээ
Онон, Хэрлэнг минь яаж гүйцэх вэ
Олны хүндлэл арвин ч гэлээ
Оргилуун хайрыг минь яаж гүйцэх вэ.
Эрийн хиймор бадрааж явахдаа
Эгэлгүй тавиланд хөл алдсан ч
Ээлт орчлонгийн хүмүүн нар чи минь
Энэхэн биеийг минь түшээд авсан даа
Арлын Япон ч гайхам ч гэлээ
Арын хангайг минь яаж гүйцэх вэ
Алдрын оргил бардмаар ч гэлээ
Ашдын ханийг минь яаж орлох вэ
Түмний манлайд алдартай явахдаа
Түшигтэй чамтайгаа ерөөлөөр учирсаан
Төрийн албыг түшилцэж явахад минь
Түвшин амгалан гэрийг минь гийгүүлсэн
Уртын дууны өлгий ч гэлээ
Уяхан хоолойтой нь цөөхөн билээ
Урын сан арвин ч гэлээ
Урлаж дуулдаг нь чи минь л юм даа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна