Тааламжгүй мэдрэмж

2018/02/08
…Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн бүх л зүйлс ѳнгѳѳ алдан гандаж, зүрхэнд минь харууслын хар шуурга тэртээд чоно улих шиг исгэрэн гаслана. Тѳдийгѳѳс ѳдий хүртэл сайн муутай нь хамтад туулж ирсэн амьдрал минь утгаа алдаж, эргэн тойронд минь байгаа бүх хүмүүс намайг үзэн ядацгаах шиг санагдаж, нэгэн цагт айж асан үхэлтэй хамтад хаашаа ч хамаагүй дүрвэж одмоор. Болдог бол цаг хугацааг буцааж саяын болж ѳнгѳрсѳн муу муухай бүхнийг баллуурдан арилгах хүсэл гэвч, болдоггүйн гасланд сэтгэл минь тарчилсандаа орь дуу тавьж, нүднээс минь бус зүрхнээс минь хар хүрэн цус дусалж, ѳвдсѳндѳѳ ёолно. Цаг хугацааны урсгал зогссон мэт санагдаж, сэтгэл зүрх минь юуг хайн бэдэрч тэнүүчилж буйг шаналалдаа ѳѳрѳѳ ч үл мэдэх.

Амьдралд тохиолдсон муу зүйлсээс шалтгаалж хүний сэтгэл дотор таагүй мэдрэмж тѳрдѳг. Хийсэн алдаанаасаа болж ичиж шаналах, хэн нэгэнтэй муудалцаад гомдож ширвээтэх, санаанд ороогүй тохиолдлуудаас болж айн балмагдах бүрдээ бид тааламжгүй мэдрэмжинд хүлэгдэнэ. Тэр мэдрэмж хэр удаан үргэлжлэх нь хүн бүрийн араншингийн хязгаараас шалтгаалах аж. Бид дотор сэтгэл дэх бараан мэдрэмжиндээ гадаад ертѳнц хийгээд бусад хүмүүс яг л ѳѳртэй минь адилхан байх юм шиг хурааж багтраадаг.

Гэвч яг үнэндээ бидний сэтгэл доторхи таагүй муу мэдрэмжинд гадаад ертѳнц хийгээд байгаль дэлхий, бусад хүмүүс огт хамааралгүйгээр ангид оршиж буйг бид анзаардаггүй. Алтан нар шаргал туяагаараа энэ дэлхийг гэрэлтүүлж, зүсэр бороо бохирдсон ертѳнцийг угаан цэвэрлэж, хуй салхи хамаг л хог хаягдлыг хийсгэн арилгаж, шувууд нов ногоон модны мѳчир дамжин жиргэн хѳгжилдѳж, араатан жигүүртэн бүхэн ѳѳрсдийн хувь заяандаа автан амьдарна. Хүмүүс гэрээсээ гарч ажил руугаа яаран алхаж, бие бие руугаа гараараа даллан мэндэлж, нѳхѳрсѳг дотно сэтгэлээ илчлэн дал мѳрѳн дээр нь алгадан инээх аж. Ѳѳр ѳѳрийн амьдралын хэмнэлдээ автан амьдрах тэдний хэний нь ч сэтгэл доторхи сайн муу мэдрэмжийг чи мэдэх боломжгүйтэй адил, тэд ч чиний сэтгэл доторхи тааламжгүй мэдрэмжийг анзаарахгүй.

Тэгэхээр яах хэрэгтэй гээч! Зүгээр л сэтгэл доторхи таагүй мэдрэмжээ сэтгэл дотроосоо хүчээр авч хаяад, нуруугаа цэхлэн эрхэмсэг бардмаар инээмсэглэ. Сэтгэл дотроо нар шиг гэрэлтүүл, бүх зүйлсийг ѳнгѳлѳг ѳѳдрѳгѳѳр хар, салхи шуургаа зогсоо. Урд тань угтах амьдрал “ѳѳдрѳг сайхан байх болно” гэдэг бодлоор ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч уучил, ѳѳрийгѳѳ аргадаж тайвшруул. Нэгэнт цаг хугацааг эргүүлж ѳнгѳрсѳн алдааг буцааж залруулж чадахгүй, тийм боломжгүйгээс хойш зүгээр л мартаж орхи. Алдаандаа хүлэгдэж, таагүй мэдрэмжиндээ автаж амьдрах юм бол урсан урссаар буй цаг хугацааны эргүүлэгт чи ѳѳрѳѳ живж, элэгдэж үгүй болно. Хэн ч чамайг аврахгүй, болохоор ѳѳрѳѳ л ѳѳрийгѳѳ аврах хэрэгтэй болдог. Чи гадаа гараад гайхамшигтай энэ ертѳнцийг, бас эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хар даа. Энэ бол хүн болж тѳрсний хүвьд чамд оногдсон бэлэг. Ийм гайхамшигуудын дэргэд жижигхэн зовлон юу юм бэ? Уртаар амьсгаа аваад сайхан инээмсэглэ. Чи ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гээч! Амьд байх гэдэг сайхаан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна