Сонсоход эвгүй боловч олонх үнэхээр арчаагүй байна. Дотоод хагарал, явуургүй бодлого, оновчгүй сонголт зэргээсээ болоод нүд нь сохорч, мөрийн хөтөлбөр, саналыг нь авч сонгогдсон ард иргэдийнхээ бодит хэрэгцээ шаардлагыг ч үл тоон өөрсдөөр нь өөрсдийг нь үгүйсгүүлж суух хэмжээнд хүрчихэж.
Нийслэл нь юм хийх гээд үзээд байдаг, УИХ, Засгийн газраас нь дэмжлэг нойл. Туулын хурдны зам зогслоо. Одоо Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг зогсоох уу яах вэ гэдэг дээр эргэлзэж байгаа бололтой. Хэдэн хүн сумлаад “Сэлбэ гол ширгэлээ” гээд жагсааж болохгүй болохоор яалт ч үгүй гайхаад зогсчихсон бололтой байдал Байнгын хорооны хурал дээр хэлж байгаа хэдэн гөлийсөн нөхдийн хэлэх гээд чадахгүй байгаа үнээс нь ажиглагдсан. Хаа очиж Харбины гэрээг харин оролдохгүй гэж шийдсэн. Одоо тэгээд УИХ нэгэнт шийдсэн бол Н.Учралын Засгийн газар одоо Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалынхаа хил холболтыг шуурхайлах хэрэгтэй шүү дээ. Шивээхүрэн-Сэхээ гэхэд 300-хан метр зам тавиад шууд холбоно, нэмэлтээр 10 сая тонн экспортын гарц нээгдэнэ. 10 сая тонн нүүрс гэдэг чинь Туулын хурдны замын мөнгө. Өнөөдөр Монгол Улс экспортоо нэмж, доллар оруулж ирдэггүй л юм бол байгаа хэдээ цалин тэтгэвэрт тарааж өгч, тэрийгээ инфляциар буцааж хураасан чөтгөрийн тойргоосоо хэзээ ч гарахгүй шүү дээ.
Хагарал үнэхээр нэг тогоон дотор байж чадахааргүй болтлоо хурцадсан гэж болохоор байна. Яах вэ, асуудал хурцаддаг юм байж, гэхдээ улс орны эрх ашиг гэж хамгийн эрхэм зүйл бий. Улс орон хөгжих ёстой. Дэлхийн улсуудын араас гэлдрээд ч болтугай дагах ёстой болохоос зогсох ёсгүй. Төрд гарсан хэдэн нөхдийн хэрүүл, хэн хэнээсээ дээш гарах гэсэн тэмцэлдээнээс болж ард иргэд хохирох учиргүй.
Монгол ардын нам 2024 онд сонгогчдод “Шинээр сэргээгээд өгнө өө” хэмээж байхдаа яг л гараан дээрээ дүүхэлзэх хүлэг морин лугаа адил байсан сан. Гэтэл хоёрхон жилийн дотор бүх ажил нь ойлгомжгүй, зогссон /төслүүд/, ухарсан /хууль дээдлэх/ аргацаасан /татвар_ нийгмийн даатгал/ шинжтэй болж, хөгжүүлэх нь битгий хэл иргэдийнхээ бүсийг чангалж, байсан байранд нь аль болох удаан уяхыг хичээж байгаа мэт санагдах болов. Ардын намын үйл ажиллагааг тодорхойлоход “ойлгомжгүй”, “унхиагүй”, “учраа олохгүй” гэсэн үгс яг тохирохоор харагдаж байна. Байгуулсан Засгийн газрынх нь нэрнээс харсан ч ийм байгаа юм. Эхлээд “Хамтарсан” Засгийн газар байгуулсан. Энэ үед үнэндээ хамгийн их ажил амжсан. Гэтэл 14 мега тсөлийн дөрөв нь л хөдөлсний дараа “Хангалттай” гэж үзсэн үү, унагасан, Г.Занданшатарын Засгийн газрыг гаргаж ирж, зүйрлэвэл ухрах араандаа залгасан. Дараа нь Н.Учралын Засгийн газар байгуулагдсан ч асуудлаа шийдэж чадахгүй байгааг одоо бүгд хараад, гайхаад сууж байна шүү дээ.
Төр засгийн буруу бодлогоос болж ард түмэн зовж зүдэрч байна. Хамгийн харамсалтай нь, бодлогын алдааг дунджаас доогуур амьдралтай хүмүүс нь үүрч байна. Хоёр, гурав иддэг хүмүүс нэг иддэг, хоосон хонодог болохгүй. Тэд идэх хоолноосоо аль хэдийнэ илүү гарчихсан улсууд. Хоногийн хоолныхоо төлөө ажилладаг олонх л энэ хямралыг ходоодоороо мэдэрч байгаа.
Гэтэл “Бид одоо улс төржиж боллоо, ажлаа хийе. Уул уурхайгаа түшиглээд, болох ордуудыг нь хөдөлгөөд иргэдээ ядаж идэх хоолтой байлгая” гэсэн сэтгэл гаргаад буулт хийчих төрийн хар хүн энэ нам дотор алга. Томчууд нь жижгүүдээ хуваагаад л хэдэн тийшээ хэвтээд байдаг. Гэтэл ард нь компаниуд дампуурсаар, улс орны эдийн засаг унаж гүйцлээ.
Үнэндээ монголчууд төрөөс, ажил олгогчдоос нэг их юм хүсдэггүй. Идэх хоолноос илүү гарах цалин өгчихөд л болдог байхгүй юу. Гэтэл энэ төр чадахгүй байна. Улс төрийн томилгоогоор авсан, “ажил хийдэггүй” төрийн албан хаагчдаа “халахгүй” гэж эрхлүүлээд, мэргэшсэн албан хаагчдыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулж чадаж байна шүү дээ.
Яам, агентлагууд өнөөдөр “хэлдэг гурав, хийдэг ганц” гэдэг шиг л зарчмаар ажиллаж байна. Юу ч хийхгүй цалин аваад, хийдэг ажилтнуудаасаа тайлан авч, дээд даргадаа танилцуулдаг ийм л тогтолцоо арилахгүй байна. “Дээш нь танилцуулаад” хийх ажил нь шувтардаг ийм нөхдүүд дэндүү олширсон байна.
Юм идүүлэхгүй бол өлсөж үхээд ажил хийх хүн олдохгүй болох учраас л цалин гэж хэдэн төгрөг дуртай дургүй өгч байгаа юм шиг харагдаад байдаг. Хувийн хэвшлийг дэмжихгүй байна. “Та бага орлого олбол бага татвар авна, ихийг олбол их татвар авна шүү, битгий өргөж, битгий томор” гэж дарамталж байна.
Зээл, дэмжлэг нь даргын байгуулсан “Татаасны” компаниуд руу урсаж байна. Ард түмэн улс орныг ийм байдлаас нь салга гэж Ардын намыг сонгосон болхоос улам дордуул гэж сонгоогүй.
Ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсээр. Ажилгүй ядуу хүмүүс бол эрх баригчдыг эсэргүүцэх хамгийн том зэвсэг, сөрөг хүчний “нохойд барих мод” болдог. Төр үнэхээр ямар ч боломжгүй, чадамжгүй болохоороо хөдлөхгүй байгаа бол ойлгож болно оо. Тийм бол өөрсдөө “Монголд баялаг бүтээх боломж алга, та нарыг сайхан амьдруулж чадахгүй юм байна” гээд зайлаад өгөх хэрэгтэй шүү дээ. Дахиад сонгуулиа хийе, сайн удирдагч олъё л доо.
Гэтэл боломж байсаар, өч, төчнөөн баялаг газар дор хэвтсээр, ашиглахын тулд нэг их ухаан зарах шаардлагагүй атал философи яриад, иргэдээ “хэр тэсэхийг нь харъя” гэж даажигнаж байгааг нь бодохоор үзэн ядсан ч багадмаар. Африкт бол иргэд нь ядуудаа, өлссөндөө хувьсгал хийдэг юм гэсэн. Нэг нөхөр гарч ирээд “Энэ баячуудын эдэлж хэрэглээд, идэж уугаад байгаа баялаг угтаа бол та нарынх. Булаагаад ав, тансаг харшаас нь хөөж гаргаад өөрсдөө амьдарцгаа” гэж хэлэхэд гарцгүй болсон хүн хөдөлдөг л байхгүй юу. Мозамбик гэж улс яг ингэж нэг хүний эрхшээлд орсон шүү.
Монгол хүн бол өлссөндөө болоод хувьсгал хийхгүй ээ. Монголд хүн өлсөж үхэх ч үгүй. Эрх чөлөөгөө алдах, бусдын даажигналын бай болохыг харин хэзээ ч тэвчихгүй. Гэтэл итгэл хүлээлгэсэн улстөрчид нь иргэдээрээ даажигнаж байна.
Өнөөдөр Монголд дэлхийд байхгүй хоёр том орд байна. “Стратегийн” гэдэг ангилалд дөчөөд орд байна. Гэтэл эрх баригчид нь өнгөн дээрээ л хөрөнгө оруулалт татна гэж яриад үнэндээ бол бүр гаргаж зайлуулах хүсэлтэй мэт ажилладаг. Ашигт малтмалынхаа хуульд 7.5 "Нэг ордод нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээд 34-өөс илүү хувь эзэмшихийг хориглоно", төр 34 хувь авна, хүвэл 50 хувь ч авна гэх мэтээр "бөлдөгдчихсөн". Тэгээд "Бидэнтэй тохирвол энэ хууль хамаарахгүй шүү" гэж байгаа юм.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хурлаар Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт ярихаар нь 7.5-аа оруулаад ирэх нь гэсэн, хөрөнгө оруулалт татах талаар огт яригдсангүй, хуваарилалт тал дээр л өөрчлөх юм ярьсан. Бие даасан хуулийн сураг байгаа ч Ашигт малтмалын хуулийн болохгүй заалтуудыг өөрчлөхөөс нааш Хөрөнгө оруулалтг дэмжих ямар ч хууль үйлчлэхгүй шүү дээ.
Байгалийн нөөцөөс өөр юмгүй улс уг нь хөдөлснийг нь сайжруулаад, хөдлөөгүйг нь хөдөлгөөд явмаар. Сонгогчдын итгэлийг хүлээж гарч ирсэн намын хувьд энэ ажлыг яаж ийгээд хийх л ёстой.
Бусад асуудалд ч болохоосоо бүтэхгүй хүртэл нь яваад, нэг нь болохгүй бол нөгөө рүү нь ороод аль болох бүтэх талаас нь ажиллах учиртай. Гэтэл “Болж бүтнэ, хамтраад ажиллана” гэж урьсан АН-аа шалтгаангүйгээр хөөчихсөн. “Хариуцлагаа дангаараа үүрнэ” гээд л гаргасан. “Бид сонгуульд ялсан учраас ард түмнийг зовоох эрхтэй, тэгээд дангаараа хариуцлагаа хүлээгээд л болчихно” гэх маягийн элий балай юм ярьсан. Ард түмэн зовж байна шүү дээ, өнөөдөр. Гэтэл хариуцлагаа хүлээнэ гэж байгаа юм.
Хариуцлага гэж юуг хэлээд байгаа юм бэ. Дараагийн сонгуульд ялагдахыг хэлж байгаа юм уу. Ард түмэн итгэлээ өгч сонгохдоо тэднийг “Улс орноо хөгжүүл” гэж сонгосон болохоос “Дөрвөн жил биднийг өлсгөж зовоо, тэгээд улс төрийн тавцангаас зайлцгаа” гэж сонгоогүй л байлтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Удах тусмаа манантана ш дээ.ккк. Урьдын МАН биш болсон ш дээ. Эрх мэдэлд удаан байх тусмаа эрүүл сэтгэлгээгүй, хяналтгүй болж бөгс долоогчдын цуглуулга болж байгаашдээ. ТӨР ийм байдаггүй юмаа. Төр засаг толгойлох хүн ядаж эдийн засгийн тогтолцоог бүхлээр нь харж зөв оношилж, цогцоор нь асуудлыг харж чаддаг байх ёстой. Баян айлын мангар бацаан өсөхөөс өдий хүрэхдээ лав өрхийн төсөвтөө санаа зовж байгаагүй байх. Өсвөр үедээ PC тоглож өссөн болохоор цахим гээл хамаг юмыг самардаад бн. Цахимын чинь ард төрийн үйлчилгээ авч чадахгүй иргэд, сонгуулийн залилан, хувь хүний нууц алдагдах, хүнд суртал, тэгш биш хүртээмж гээд олон асуудал бий. Одоо төрийн байгууллагад ажлаа мэддэг, ядаж 1 хуудас үндэслэлтэй санал боловсруулдаг хүн үгүй болсон бн. Нуль хулгай, луйвар..дэмий сэлгүүцсэн өндөр цалинтай төрийн захиргааны албан хаагчид л бн. Монголын төр модоор бол доод үндэс нь илжирч муудаад удахгүй ганхан унахад бэлэн болсон гэсэн үг. Төрийн албыг намын тавиул, чадваргүй хүмүүсээр дүүргэх схемийг МАН хэрэгжүүлсэн. Одоо төртэйгээ, намтайгаа сүйрнэ. Төр бүгдийг самарч байгаа болохоор дороос өсөж өндийж байгаа үр хүүхдүүд нь хүртэл чадвар, сэтгэлгээний доройтолд орж байна. AI , chatgpt толгойтой хөндий цээжнүүд..ккк
Хариулах