4$-ын үнэтэй экспортын мах буюу "Манай улс биотерроризмын хохирогч болдог уу"

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

-Улс орон бүр аюулгүй байдлаа хангахдаа учирч болзошгүй аюулыг эрэмбэлж, тэр эрэмбийн дагуу ач холбогдол өгч бэлэн байдлаа хангадаг-

Монгол Улс гаднын улс оронд нэг кг махыг дөрвөн ам.доллараар нийлүүлдэг гэх асуудал олон нийтийн анхааралд орж ирсэнтай холбоотойгоор энэ сэдвийг хөндөж байна. Юуны түрүүнд экспорт гэдэг бол юун түрүүнд валют олох зорилготой учир экспортыг буруутгаж огт болохгүй. Элсэн цөлд алт биш, ус хэрэгтэй байдаг шиг Монгол Улс гаднаас хэрэгцээт бараагаа авахын тулд валют хэрэгтэй. Тийм учраас л экспортын гарц боломж бололцоогоо тултал ашигладаг. Өөр шийдэл гэвэл магадгүй, монголчууд өөрсдөө импортын бараа хэрэглэхээ болих дээр л тулж очно. Харин үнэ ханш дээр бол асуудал бий. Тиймээс үнэ ханштай шууд холбоотой гэдэг утгаар биотерроризм, агротерроризмын асуудлыг хөндөж байна. 

Цөмийн дайнаас илүү бодитой

Улс орон бүр аюулгүй байдлаа хангахдаа учирч болзошгүй аюулыг эрэмбэлж, тэр эрэмбийн дагуу ач холбогдол өгч бэлэн байдлаа хангадаг. Тэгвэл энэ эрэмбэд биологийн аюулгүй байдлын эзлэх байр үлэмж нэмэгдэх, магадгүй цаашид хамгийн чухал нь болох магадлалтайг коронавирусийн дэгдэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдал харуулж байна.

Энэ байдал шинэ мянганы заагаас эхлэн олон улсын аюулгүй байдалд хамгийн их аюул занал учруулдаг хүчин зүйл болсон алан хядах ажиллагаанд ч тусгалаа олох эрсдэлтэй тул улс орон бүр онцгой ач холбогдол өгөх болжээ.

Биотерроризм, биологийн дайны талаарх мэдээ баримтыг судалж үзэхэд шинжээчид юуны түрүүнд “Цөмийн дайнаас илүү бодитой” гэж дүгнэсэн нь анхаарал татна. Үнэхээр ч барууныхны сурталчилдаг шиг БНАСАУ ч юм уу, аль нэг улс, эсвэл алан хядагчид цөмийн зэвсгээ АНУ руу чиглүүлчихээд товчлуур дарахаас илүүтэй биотерроризм буюу биологийн агент ашиглан халдлага үйлдэх нь хавьгүй амар гэдэг нь үнэн аж.

Биотерроризмын гэмт хэрэг нэмэгдэж байна

АНУ-д энэ төрлийн гэмт хэрэг байнга өсч байгааг тус улсын ТТГ-ын дарга асан Ж.Вулси хүлээн зөвшөөрч ярилцлага өгч байжээ. Түүний хэлснээр, ХХ зуунд АНУ-д биологийн агентыг зөвшөөрөлгүй хэрэглэсэн 100 гаруй тохиолдол бүртгэгдсэний 19 нь алан хядах гэмт хэргийн шинжийг агуулж байсан аж. Аз болоход, үй олноор хөнөөх зорилготой дээрх халдлагуудын нэг нь ч амжилттай болоогүй гэнэ. 19 тохиолдлын найм нь л хүний амь насанд хохирол учруулжээ (29 хүн нас барж, 31 хүн хохирсон).

1984 онд шашны бүлэглэлийнхэн Орегон мужийн Дейлс хотын ресторануудын хоолыг сальмонеллын нянгаар бохирдуулж 751 хүнийг хордуулсан хэрэг ч гарч байсан гэнэ. Гэхдээ азаар хүний амь хохиролгүй өнгөрч байжээ.

Дээр хэлсэн 100 гаруй тохиолдол, тэр дундаа алан хядах зорилготой тохиолдлуудын ихэнх нь буюу 66 нь зууны сүүлийн хагаст гарсан нь энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг харуулж байна гэж Ж.Вулси онцолжээ. Шинэ зуунд байдал бүр ч дордож, огцом өссөн байна. Холбооны мөрдөх газрын тайланд 2000 он хүртэл энэ төрлийн 267 хэрэг дээр мөрдлөг явуулсан бол (187 нь биологийн агент ашигласан) зөвхөн 2000 онд 257 хэрэг мөрдсөн (115 нь биологийн зэвсэг хэрэглэсэн буюу хэрэглэхийг завдсан) гэсэн нь үүнийг батална.

ДЭМБ 2002 онд биотерроризм нь XXI зуунд хүн төрөлхтний эрүүл мэндийг хохироох гол аюул заналын нэг болсныг хүлээн зөвшөөрч, энэ төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тэмцэхэд улс орон бүр анхаарах шаардлагатай хэмээн зарласан байна.

Биологийн зэвсгийн түүх

Биологийн зэвсэг бүтээх, түүнээ ашиглан дайсандаа хохирол учруулах санаа нь харьцангуй эртнийх ч тухайн үеийн шинжлэх ухааны түвшнээс шалтгаалаад тэр бүр бүтэлтэй болж байсан баримт байдаггүй. Грек, Ром, Персийн түүхэнд дайсныхаа ундны усны эх үүсвэрийг үхсэн амьтны сэг зэмээр хордуулсан тухай мэдээлэл байдаг ч яг баримттай тохиолдол нь XII зуунд Италид гарчээ. Ариун Ромын эзэнт улсын хаан Фридрих I Барбаросса үүнийг хийсэн гэдэг. Яг энэ аргыг АНУ-ын иргэний дайны үеэр түгээмэл ашиглаж байв.

Байлдан дагууллынхаа үед монголчууд тахалтай тарвагыг дайсныхаа хотын хана хэрэм давуулан шидэж байсан тухай баримт бий. Тэгвэл яг баталгаатай анхны тохиолдол нь XVIII зуунд хамаарна. Хойд Америк дахь АНУ-ын цэргийн командлагч Сэр Жефри Амхерст (Jef- frey Amherst) 1763 онд усан цэргүүдийн дунд салхин цэцэг өвчин гарсныг мэдээд нутгийн уугуул оршин суугчдын эсрэг ашиглахаар шийдэж, өвчтэй хүний нөмөрч байсан хөнжил, майхан зэргийг индианчуудад бэлэглэсэн гэдэг. Түүний энэ арга британичуудын байлдан дагуулалд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн эсэх нь тодорхойгүй ч индианчууд хуучин тивээс ирсэн олон янзын өвчинд илүүтэй өртдөг байсан нь бодитой баримт. Түүхчид бол үүнийг нутгийн индианчуудад өвчний дархлаа суугаагүй байсантай холбож тайлбарласаар иржээ.

Микробиолог, халдварт өвчин судлалын хөгжилд өнгөрсөн зууны эхээр огцом дэвшилт гарсан нь анагаах ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээгээр биологийн зэвсгийг мөн шинэ шатанд гаргасан нь мэдээжийн хэрэг байв. Дэлхийн I дайны үед Герман улс олзны хүмүүс дээр холер, тахал өвчин туршихын зэрэгцээ дайсан орныхоо хөдөө аж ахуйн үндэс болсон малд боом, булчирхайн өвчнийг халдааж байлаа. Химийн зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол ч энэ үед анх гарсан бөгөөд дайн дууссаны дараа дэлхий нийт энэ байдалд анхаарал хандуулж, 1925 онд дайнд хими болон бактериологийн зэвсэг хэрэглэхгүй байх Женевийн протоколыг баталжээ. Энэ протоколд тухайн үед оршин байсан улсуудаас Сальвадороос бусад 133 орон нэгдсэн ч Дэлхийн II дайн хүртэлх хугацаанд биологийн зэвсгийн судалгаа туршилтаа эрс эрчимжүүлсэн юм. Протоколд “Хими, бактериологийн зэвсгийг хэрэглэж болохгүй” гэснээс биш судалгаа, туршилтын ажлыг хориглоогүйн гай ингэж гарав.

Тэднээс Япон улс хамгийн идэвхтэй ажилласан бөгөөд “731 дүгээр отряд” гэж нэршсэн судалгааны ангийг Манжуурт ажиллуулж, хятадууд дээр туршилт хийн бактериологийн зэвсэг бүтээж байв. Микробиологич Иший Широ даргатай тус ангийн мэдэлд 150 барилга байгууламж, 3000 гаруй ажилтан байсан гэдэг. Тус анги Манжуурт 13 жил ажиллахдаа хэдэн арван мянган хүн дээр туршилт хийж, 10 000 гаруй хүний аминд хүрсэн гэдэг багцаа тоо бий. Энэ анги хүнс, цэвэр усны нөөцийг хордуулах, өвчин тахал дэгдээх зэрэг чиглэлээр нэг бус туршилтыг Манжуурын нутагт хийсэн юм. Бусад улс тэр үед энэ салбарыг Япон шиг ингэж анхаарч байсангүй. Герман улс дэлхийн дайныг эхлүүлснийхээ дараа хорих лагериуддаа хүн дээр туршилт хийж байсан ч одоо үүнийгээ “Хордуулах, өвчлүүлэх биш, хамгаалах, дархлаа суулгах, эмчилгээ боловсруулахын тулд судалгаа хийж байсан” гэж тайлбарладаг болжээ. Гэхдээ энэ нь үнэнд нийцэхгүй бөгөөд германчууд Хойд тэнгист Шотландын эргээс холгүй орших арал дээр боом өвчний бөмбөг хаях туршилт хийсэн байдаг. Арал бохирдож 1980-аад оныг хүртэл амьд амьтан очоогүй аж.

Дайн дууссаны дараа хэсэг тайван байсан ч 1950-иад оны дундаас судалгааны ажил дахин сэргэхэд хүйтэн дайн голлох нөлөө үзүүлсэн. 1960-аад он гэхэд АНУ хүн, амьтан, ургамлыг (агротерроризм, дор жич өгүүлнэ) хордуулах олон төрлийн биологийн зэвсэг бүтээж амжаад байв.

Хүн төрөлхтөн химийн зэвсэг хэрэглэж байсныг харуулах олон сэжигтэй тохиолдол бий. Жишээ нь Персийн булангийн дайнд оролцсон АНУ-ын цэргүүд бараг бүгд “Булангийн дайны синдром” гэж нэрлэгдсэн нууцлаг өвчнөөр өвдсөн. Эрдэмтэд энэ өвчний шалтгааныг ололгүй байсаар дууссан. Булан руу илгээсэн 150 000 цэрэгт бүгдэд нь боом өвчний вакцин тарьсантай холбоотой гэх таамаг гарсан ч Холбооны Засгийн газраас албан ёсоор няцаасан байдаг.

АНУ-ын агаарын цэргийн хүчин биологийн зэвсэг бүтээх турших судалгааг 1969 он хүртэл хийсэн бөгөөд тэр жил Р.Никсон энэ төрлийн бүх судалгааг зогсоох тушаал өгсөн байдаг. Энэ талаар “Судалгаанд зарцуулсан хөрөнгө үр дүн авчраагүй, хянах боломжгүй, амьдрал дээр эсрэг үр дүн гарсан учир ингэсэн” гэсэн яриа л байдаг. Ингэж үзэх шалтгаан бий. АНУ-ын Нисэх хүчин 2004 онд “Вьетнамын дайнд оролцсон 10 000 ахмад нисгэгч нь хорт хавдраар өвчилсөн” талаар мэдэгдсэн. Судлаачид ч шалтгааныг нь тэр дор нь таамаглаад хэвлэлд бичиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АНУ 1966 онд AgentOrange хэмээх химийн нэгдлийг Вьетнамын газар нутаг дээгүүр онгоцноос цацдаг байсан. Тэрхүү химийн бодист хордсон сая гаруй хүн хорт хавдар болон чихрийн шижин өвчнөөр өвдсөн гэдгийг гаргаж ирсэн юм. Энэ ажиллагаа нь эсрэгээр эргэн “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч болж нисгэгчид нь өвчилсөн гэж тайлбарласан. Энэ тайлбарыг АНУ-ын Батлан хамгаалах яам үгүйсгэсэн юм.

Өөр өнцөг

Үе, үе давтамжтай гарч буй шинэ вирусийн дэгдэлт нь зориудынх гэж үздэг хэсэг бүлэг бий. “Орчин үеийн анагаах ухаан хорт хавдраас бусад бараг бүх өвчнийг эмчилдэг болсон тул эм үйлдвэрлэгчдэд шинэ, шинэ өвчин, шинэ зорилт хэрэгтэй болсон” гэдэг зарчимд тулгуурласан энэ үзэл нь бас ч гэж учир шалтгаантай аж. Энэ талаар гарсан нийтлэл, баримтууд бүгд шахам “Хөгжингүй улсуудад төрийн хатуу хяналтад ажилладаг лабораториуд нь вирус буюу өвчин зохион бүтээж, түүний эмчлэх арга зүйг боловсруулан эмийг нь гаргачихаад хадгалдаг. Хэрэгтэй цагт гаргаж ирээд эм, вакциныг нь худалдаж хөлждөг гэх утгыг агуулах аж.

Шинээр гарч байгаа өвчин, вирус нь цоо шинэ биш, харин өмнө нь гарч байсан өвчний “сайжруулсан” хувилбар байдаг нь эхний сэжиг.

Жишээ нь, 2016 оны эхээр Бразилд гарсан зика вирус 1947 онд анх мэдэгдэж, “хөнөөл багатай” өвчний ангилалд бүртгэгдэж байжээ. Тухайн үед хангалттай судалсан учир 50 жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөөд илүү хөнөөлтэй болсон гэдэг нь учир мэдэх эрдэмтдийн хувьд үнэмшилгүй тайлбар юм байна.

Байсгээд л дэгдэж, үхэл дагуулах эбола, гахайн ханиад, шувууны ханиад зэрэг өвчин нь энэ замаар бий болсныг эдгээр хүмүүс үгүйсгэдэггүй.

2016 онд Өмнөд Америкт гарсан зика вирусийн халдварын үеэр resumenlatino- americano.org цахим хуудсанд тавигдсанд нэр бүхий эрдэмтэд яг дээрх өнцгөөр нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг нийтлэлд “Томчууд” мөнгө, эрх мэдлийн төлөө хүн төрөлхтний эрүүл мэндийг золиослох явдал гарсаар байгааг хурцаар шүүмжилсэн байдаг.

2015 онд Африкт дэгдэж, дэлхийг донсолгоод авсан эбола вирусийг эмчлэх эрхийг гэхэд л АНУ-ын Холбооны Засгийн газар аль 2009 онд патентлаад авчихсан байдгийг тэд жишээндээ дурджээ. Эмчлэх арга боловсруулах судалгааны ажил Сьерра Леон, Либерид явагдахад АНУ-ын Батлан хамгаалах яам, Жорж Соросын сан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг.

Хувирч, хор хөнөөл учруулах чадвартай болсон вирусийн дэгдэлт 2000 оноос хойш ихэвчлэн БНХАУ юм уу Африкийн буурай орнуудад гарсан нь ч анхаарал татна. Дашрамд, шувууны ханиад H5N1 вирусийн эсрэг үйлчилдэг “Тамифлю” эмийг БНХАУ-д худалдах эрхийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфельд эзэмшдэг байсныг энд дурдахад илүүдэхгүй. Тэрээр хэл ам гарсны дараа эрхээ өндөр үнээр худалдсан байдаг.

Биотерроризмын аюул хажууд бодитой оршин байна

Хими, бактериологийн зэвсэг алан хядагчдын гарт орсон тохиолдолд богино хугацаанд асар хор хөнөөл учруулж чадах нь хэдийнэ ойлгомжтой болсон. 10 кг боом өвчний үүсгэгч нь мегатонны чадалтай цөмийн бөмбөгнөөс хэд дахин илүү хохирол учруулах тооцоо бий. Дэлхий дээр биологийн зэвсгийн хэд, хэдэн бодитой эх сурвалжууд, нөөцүүд байна. Шинэ өвчин бүтээх, түүний эмчилгээг боловсруулах үйл явц тасралтгүй явагдсаар. Дэлхийн 67 улсад 453 цогц бактерийн омог, 54 анагаах ухааны төвд боом өвчний судалгаа, 18 төвд тахал өвчнийг нарийвчлан судалж байна. 10 улс биологийн маш хүчирхэг зэвсэг эзэмшиж байгаа бөгөөд тэдний тоонд ОХУ, БНХАУ хоёулаа орж байна.

1982-1996 оны хооронд дэлхийн 25 улсад халдварт өвчний 23 904 тохиолдол бүртгэгдсэнээс 2105 нь нас барсан гэсэн мэдээлэл ДЭМБ-ын архивт байна. Өмнө нь устсан гэж үзсэн өвчин сэргэн гарахыг ч үгүйсгэх аргагүй. Жишээ нь, ДЭМБ салхин цэцэг өвчнийг хүн төрөлхтөн үгүй хийсэн гэж зарлах гэтэл ОХУ гурван жилээр хойшлуулах санал тавьсан. Хойд хөршийнхний гаргасан үндэслэл нь гэвэл одоогийн байдлаар дэлхийн хүн амын 60 хувьд энэ өвчний дархлаа суусан. Гэтэл өвчин үүсгэгч вирусийн нөөц нь ОХУ, АНУ-д одоо ч хадгалагдсаар байгаа. Дэгдсэн тохиолдолд дархлаагүй хэсэг нь хохирогч болох эрсдэлтэй хэвээр байгаа гэсэн байна.

Биологийн зэвсэг нь тээвэрлэхэд хялбар, хяналт шалгалтыг давахад амар байдаг нь аюул заналыг нь улам ч нэмж буй.

Алан хядагчдын гарт орох магадлалтай 48 организм (25 вирус), 13 бактери, 10 хор байгаа бөгөөд улс орон бүр эдгээр ядаж 48 төрлийн вирус, бактери, хорны вакцин, ерөндөгийг гаргаж авахын тулд эрчимтэй ажилладаг аж.

Агротерроризм

Агротерроризм нь ерөнхийдөө химийн болон биологийн зэвсгийг хөдөө аж ахуйд хэрэглэх замаар хөнөөл учруулахыг хэлнэ. Тариалангийн талбайг онилох нь цэргийн байгууламж, тусгай хамгаалалттай объектыг онилохоос хавьгүй хялбараас гадна учруулах хохирол нь илүү өргөн далайцтай байдагт агротерроризмын гол аюул нь оршино.

Дэлхийн нийт хүн амын 1/7, хөдөлмөрийн идэвхтэй (15-72 нас) хүн амын 20 гаруй хувь нь энэ салбартай холбоотой байдаг. Тэдний бэлтгэсэн хоол хүнсийг бүх хүн иддэг гэхээр агротерроризмын аюул занал бүх хүн төрөлхтөнд хамаатай юм.

Дээр олонтаа жишээлэгдсэн АНУ 1960-аад оны сүүл гэхэд газар тариаланг устгаж хүн амыг өлсгөлөнд нэрвэгдүүлэх зорилготой бактери, мөөг, ургамлын шимэгчийн олон омгийг гарган, үлэмж нөөц бүрдүүлээд байв. Энэ бүхнийг бүтээхийн тулд 1951-1957, 1962-1969 онд 23 бус нутагт 31 удаагийн туршилт явуулсан гэдэг баримт бий. АНУ энэ нөөцөө 1973 онд устгасан гэдэг ч чухам үнэнийг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Энэ төрлийн халдлага нь эдийн засагт асар их хөнөөл учруулдаг онцлогтой. 2001 онд Бельгийн шувууны фермүүдэд нийлүүлэгдсэн тэжээлээс канцороген диоксин илэрсний дараа бусад улсууд тахиа төдийгүй үхэр, гахайн махыг нь авахаа больсон. Энэ явдлаас болж Бельгийн эдийн засагт тэрбум ам.долларын хохирол учирч, Ерөнхий сайд нь огцорч байв.

Манай улс агротерроризмын хохирогч болдог уу

Орчин үед биотерроризм нь хүн хөнөөхөөс илүүтэй эдийн засгийн зорилгоор явагддаг болсон байх магадлал өндөр. Британид гар хөл амны өвчин гарахад аялал жуулчлалын салбар нь унаж таван тэрбум ам.долларын хохирол учирсан. Нийт хохирол нь 24 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо байдаг. 2003 онд БНХАУ-д SARS өвчин гарахад мах, махан бүтээгдэхүүний салбарт 7.6 тэрбум ам.долларын алдагдал учирч, 2.8 сая ажлын байр хорогдсон жишээ бий.

Манай улсын хувьд биотерроризмын хохирогч болдог байхыг үгүйсгэхгүй. Хоорондоо холбоотой, сэжиг таамаг үүсгэмээр баримтууд бий. Жишээ нь, хоёр хөрш манайхаас малын мах экспортлохдоо “Тухайн бүс нутагт сүүлийн таван жилд халдварт өвчин гараагүй байх” гэсэн болзол тавьдаг. Гэтэл шалгуур хугацаа дуусахын өмнөх жил малын гоц халдварт өвчин гарсан тохиолдол хэд давтагдсан. Улмаар энэ салбарт БНХАУ-тай хамтарсан үйлдвэрүүд байгуулахаар тохирсны дараа л манайхаас мах авах шалгуур үзүүлэлтүүдээ зөөллөсөн байх жишээтэй. Малын гоц халдварт өвчнийг вакцин импортлогчдын хийж байгаа ажил гэж дотоодоосоо буруу хайсан бас нэг таамаг явдаг. Харамсалтай нь үнэнийг тогтоох боломжгүй. Дэлхийн хэмжээнд ч биологийн халдлага болсон нийт тохиолдлын гарал үүсэл, замыг нь тогтоож чаддаггүй байна.

Манай улс Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12, Терроризмтой тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд биотерроризмын аюултай тэмцэх талаар тодорхой зааж өгсөн бөгөөд энэ дагуу холбогдох байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна