Гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

23 цаг 55 минутын өмнө
Гадаад суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай оюутнууд гадаадын 30 гаруй оронд суралцах боломжтой байдаг. Мөн БСШУСЯ-наас жил бүр хэд хэдэн төрлийн тэтгэлгийг уламжлал болгон зарладаг. Тухайлбал, сургалтын төрийн сангийн санхүүжилтээр, Засгийн газар хоорондын гэрээгээр, хоёр улсын хамтарсан санхүүжилтээр суралцах боломжтой. Мөн нийгмийн идэвх зүтгэл сайтай, хамт олноо манлайлагч, сурлага сайтай оюутнуудад дэлхийн шилдэг 100 сургуульд урилгаар суралцах, 100 хувийн тэтгэлэг авах боломж бий. Энэ жилийн хувьд Засгийн газрын тэтгэлэг, бусад тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2-4 дүгээр сарын хооронд элсэгчдийн өргөдлийг хүлээн авах аж.

УНГАРТ 200 ОЮУТАН СУРАЛЦАНА

Манай улсаас жил бүр 2000 гаруй оюутан гадаадын их, дээд сургуульд суралцдаг. Энэ жилийн хувьд мөн адил тэтгэлгээр суралцах иргэдийн тоо, монгол оюутнуудыг хүлээн авах улсын тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ жил хамгийн олон оюутан суралцах боломжтой орны нэгээр Унгар улсыг тодотгож болох аж. Сүүлийн жилүүдэд тус улсын Засгийн газар 100-200 хүртэлх монгол оюутан элсүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. 2018-2019 оны хичээлийн жилд 200 хүртэлх монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах юм байна. Шалгалтыг БСШУСЯ, тухайн улсын их, дээд сургуулиуд зохион байгуулах аж. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Унгарын тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг мэдээлэлдээ дурджээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын Засгийн газрын цахим хуудсаас хүлээн авч үзээрэй.

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЖЭЭ

Магистрын зэрэг горилохоор бэлтгэлээ хангаж буй оюутнуудад дуулгах таатай мэдээлэл байна. АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг ирэх гуравдугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Энэ хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой юм. Элсэхийг хүсэгчид нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOEFL, IELTS-ийн оноотой байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

КАНАДАД МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ

Магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад боломж бас бий. Канадын Албертагийн сургууль намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэг­жүүлдэг. 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрөө саяхан зарлажээ. Энэ нь зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой юм. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ыг хүртэлх хугацаанд магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж. Энэ жилийнхээ тэтгэлэгт хамрагдах материалыг 2018 оны тавдугаар сар хүртэл хүлээн авах юм байна. Суралцахыг хүсэгчид Killam болон Andrew Stewart Awards -н өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой гэжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна