Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж дүгнэлээ

2018/02/28
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг өнөөдөр хэлэлцээд "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж дүгнэлээ. 

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоол гаргасан билээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэгдлээ авах талаар тусгасан уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлээд байсан юм.

Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, УИХ-ын 23 дугаар тогтоол "Үндсэн хууль зөрчөөгүй" гэсэн дүгнэлт гаргасныг 17.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд:

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь заалт, 16 дугаар зүйлийн 3 дахь заалт,  45 дугаар зүйлийн 2 дахь заалт, 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчөөгүй байна.

-"Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. 

Энэхүү дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай" хэмээжээ. 

Өнөөдрийн хуралдааныг ҮХЦ-ийн дарга Б.Одбаяр даргалж, ҮХЦ-ийн гишүүд, Цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцлоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна