“Буюу” хэмээх холбоос бүхий “Солиот эх” дээр хийсэн ажилбар

2018/03/02

Анхаар: Уг нийтлэлд киноны үйл явдлыг илчлэх болно

Угтал хэдэн үг “буюу” алгасаж ч болох бичвэр

Дэлхийн урлагийн ай савын дийлэнх хувийг эмэгтэй хүний сэдэв давамгайлдаг гэхэд тийм ч хол зөрөхгүй билээ. Кино урлагийн зуу гаруй жилийн хугацаанд ч эмэгтэй хүний, тэр тусмаа эх хүний дотоод ертөнц, сэтгэл зүйн талаарх бүтээлүүд үй олноор түрэн гарсаар энэ цагтай золгожээ. Өнгөрсөн зууны Монголын киноны түүхэнд ч энэ сэдэвт бүтээл гарсан нь нилээдгүй их. Хамгийн сүүлд эхийн тухай “Ээж” (Найруулагч: Б. Эрдэнэцэцэг. 2016 он) гэх кино гараад хоёр оныг үджээ. Үүний дараагийнх өнгөрөгч оны эцэст нээсэн X-ТҮЦ продакшны ээлжит уран бүтээл болох олныг нилээдгүй шуугиулаад буй “Солиот эх” (Хятадын зохиолч Ван Хэн Жигийн “Солиот эх” хэмээх өгүүллэгийн зохиолоос сэдэвлэсэн) хэмээх бүтээл байлаа. Харин тэрхүү олны хандалтыг түр хойш нь тавиад нэг бяцхан довцог дээрээс уг бүтээлийг харах гээд үзье. Бүгд л хөгжил ярьдаг болжээ. Эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, соёл, урлаг хөгжих хэрэгтэй тухай амтай бүхэн уралдан, уралцан амаа халааж, урдах замаа туулах бус зүгээр л харан сууцгааж байна. Зүгээр л харан суухаас зайлсхийдэг хувь уран бүтээлчийн хувьд ар араа дагасаар гарч буй цаг зуурын хөнгөн цагаан үүлс мэт зуурдын, өнгө хөөсөн бүтээлүүдийг үзээд “уран бүтээл” гэх шалгуурыг дотроо нэхэн санасаар явдаг билээ. Уг “уран бүтээл” гэх үгийн хальсан дотор өнөөх л Монголын кино урлагийн хөгжил, ирээдүй гэх бодол хөтлөгдөн байдгийг дурдах хэрэгтэй болов уу. Сүүлд гарсан кинонуудаас ур хийц, хэлбэр агуулгын хувьд бусдаасаа арай дөмөгхөн болсон хэмээн хувьдаа үзсэний үндсэн дээрээс үүнийг бичиглэв. Орчин цагийн ихэнх кино “тиймхэн” болоод буй үндсэн шалтгаан нь зохиолд оршиж байна. Түүхий (дутуу ажилбарт) зохиолоос түүхий кино л гарна шүү дээ. Үүнээс сэдэл аван уг бүтээлийг хэд хэдэн хэсэгт задлан үзсэнээ дор дурдъя.

Өнөөх л зохиол буюу “Солиот эх” кино “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлээгүй,  хийсэн

Монголчуудын дунд цахим сүлжээгээр нилээдгүй тархаж, олонд багагүй танигдсан Хятадын Ван Хэн Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн гэж уран бүтээлчид киногоо тодотгон, зүүлт хийжээ. Киногоо цацахаас сарын өмнөөс өгүүллэгийг нь улам их түгээх болж, олонд ч ихээхэн хүрсээр “Солиот эх” гэх үг тодорхой бүлэг хүмүүсийн дотор хоногшсон гэхэд худал зүйлгүй билээ. Маркетинг хэмээгч нь  ч яах вэ ийм зүйл байдаг гэх. Тэгвэл зохиолоос сэдэвлэнэ гэж юуг хэлдэг вэ? Товчхондоо сэдэвлэнэ гэдэг нь сэдэл авахыг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл утга агуулгын түвшинд ямарваа нэгэн санаа сэдэл аван зохиомжлон хийхийг сэдэвлэх гэж нэрлэх нь. Кино зохиолоос сэдэвлэхдээ аливаа хүүрнэлээс (хүүрнэл зохиол) кино болгох юм уу, кино  хэлбэрээс шууд кино зохиол гарган кино бүтээл болгодог хоёр ерөнхий шинж байна. Тухайн зохиолыг өөр нэгэн нөхцөл байдлын (улс орны гэх мэт) хөрсөн дээр буулгаж хэлбэрийг нь ялимгүй өөрчилж, агуулга утга санааг нь хэвээр авч үлдэхийг сэдэвчилнэ гэж үзэхгүй юм. Солиот эх кино тэр чигээрээ л өгүүллэгээс нь бүтжээ. Өгүүллэгээсээ өөр ганцхан зүйл нь энд Монголд үйл явдал өрнөнө. Тэр нь “хэлбэрийн” л хувьд буюу XX-р зууны эхэн үеийн монголчуудын амьдралын хэв маягийг илтгэх агаад бүхэлдээ Ван Хэн Жигийн “Солиот эх” өгүүллэгийн үйл явдлын үндсэн шугам хөвөрсөөр төгсөх юм. Иймээс юун түрүүнд уг зохиолоос сэдэвлэсэн бус уг зохиолоор “хийсэн” хэмээн үзэх нь зүйн хэрэг билээ. Аливаа киноны хувь заяаг зохиол л шийддэг. Тэгвэл “Солиот эх” киноны хувь заяаг зохиол нь хэрхэн шийдэж, мөн эргүүлснийг харцгаая.

Зөрчил үүсэх шалтгаан буюу ТУСЛААГҮЙ ТУСЛАМЖ

Хошуу нутагтаа ад үзэгдэж, хүүхэд харчуулын элэг доог болсон нэгэн солиот эх байх. Цааш нь үргэлжлүүлэхээс урьдхан эхлээд солиотой хүн гэж ямар хүн болохыг тодорхойлох хэрэгтэй болов уу. Анагаахын шинжлэх ухааны үүднээс товчхондоо өөрийгөө хянан захирч эс чадах, сэтгэл зүйн эрс тэс төлөвт орших хүнийг “солиот” хэмээн нэрлэдэг ажээ. Сэтгэцийн эмч нар хүн бүрийн дотор солиорлын эс оршдог гэдгийг ч нотолсон байх. Тэрхүү эс давамгайлах шинжээр нь солиот, солиот бус гэдгийг ялган үздэг байна. За энэ ч тусдаа асуудал л даа.

Туйлдаж ядарсан ноорхой хувцастай нэгэн эмэгтэй зөрж өнгөрөх хүмүүсийг хоргоон, хоол нэхэн хятад пүүсийн үүдэнд сууна. Хүн бүхэн л түүнийг хөөж тууж, ад үзсэн харц шидлэх аж. Эсрэг талын пүүсээс нэгэн хазгар эр (Зэрмэ), хятад худалдагчаас хүнс аван зогсох агаад түүний дэргэд ажиллах борог залуу солиот эмийг байн байн харна. Дүрс (кадр) солигдоход өнөөх борог эр солиотыг зандчин нэгэн шавар тагзын хойно чирэн сөхрүүлж хүч хэрэглэх гэнэ. Солиот дэмий л гараа сарвалзуулан авиа гаргаж буйгаас хэлгүй гэдэг нь илт. Яг энэ мөчид Зэрмэ гарч ирж өчүүхэн ч үл анзааран дэргэдэх хашаа руу шээн зогстол эр солиотыг орхин явж одно. Зэрмэ дуусаад солиот рүү зурвас хараад цааш алхална. Солиот зэрмийг хойноос нь ихэд талархсан байдлаар харан хоцорно. Удалгүй Зэрмийн хойноос сэм даган явна. Эндээс л бүхний үүтгэл тавигдаж буй юм. Энэ хорвоо дээр өөрийг нь гэх хэн ч үгүй хэлгүй ядарсан энэ эмэгтэй өмнө нь ямархан бэрх өдөр хоногуудыг туулсаар өдийг хүрснийг хэн ч эс мэднэ. Магадгүй хэн ч өмнө нь өөрт нь тусалж айсуй аюулаас хамгаалж байгаагүй биз ээ. Ямар ч эр хүн ингэж хандаагүй биз. Гэтэл Зэрмийн хувьд хэнд ч туслаагүй шүү дээ. Санамсаргүйгээр тусалснаа ч огт мэдэхгүй. Ийм том үйл явдал руу чиглэсэн дүрүүдийн үл анзаарагдам дотоод харьцаа сүүлийн үеийн монгол кинонд нэн дутагдсаныг нөхсөн мэт санагдсаныг энд дурдъя. Эмэгтэйн, эрэгтэйг дагасан энэхүү үйлдлийг харахад солиотой бус зүгээр л хэлгүй эмэгтэй гэх бат бодлын эхний сэдлийг төрүүлсэн юм.

Хоёр эхийн зөрчил буюу ЗЭРМИЙН АЙЛ ГЭРТ ЗӨВШӨӨРӨГДӨХ

Хэзээнээсээ л үр удмаа үлдээх гэсэн хүсэл хүн гээч амьтанд байсан билээ. Зэрмэ ээжтэйгээ хоёул аж төрөх агаад эх нь хүүгээ улс амьтантай ойр явж, хань ижилтэй болохыг дотроо хүснэ. Хазгараасаа ямагт санаа зовонгуй явдаг хүү нь олонтойгоо үл нийлэн зожиг өссөөр өдийг хүрчээ. Өдрийн хүнсээ тарвага зурамханаар болгодог ийм нэгэн зүдрүүхэн айлд гэнэт нэгэн үл таних ухаан мэдрэлгүй гэж харахаар эмэгтэй хүүг нь дагаад хүрээд ирэв. Кино эхлэлээсээ авахуулаад нилээн хэдэн хоромд үйлдэл, дүрс, дүрийн харьцаа, харцны тоглолтоор голлосоор хамгийн эхний текст энэ хэсгээс хэлэгдсэн нь олзуурхууштай. Эх эхлээд хөөж туухыг бодох авч эмэгтэйг гэртээ үлдээх болсон нэгэн бичил шалтгаан урган гарахуй. Шөнө дөлөөр эх гэнэт сэртэл хүү нь алга байлаа. Гайхан гадагш гарваас гэрийн ойролцоо Зэрмэ гар хангалга хийн суухыг үзнэ. Кино урлаг үнэнд нийцэх тусмаа үнэ цэн нь өсдөг. Ийм бэлгийн ахуйлаг дүрслэл монгол киноны түүхэнд өмнө нь миний л санахын огтоос байгаагүй гэхэд буруудахгүй болов уу. Зэрмийн зүүн мөрийг оруулан цаана буй гэрээс ээж гарч ирэн хүүгээ харж буй ганцхан хэсэгчилсэн дүрсээр (средний план) авчээ. Ийм дуу авиаг голлоод, дүрсээ далдалж боломжит, зөв өнцгөөс зураглан, ёс зүйн хэм хэмжээг бодолцсон нь киноныхоо ерөнхий төрх байдалтай ч тохирч байв. Ийм үйлдлийг хэлбэр нь (нүүдэлчин ахуй) илүү сонирхолтой болгож буй юм. Сүүлийн үеийн Казахстаны нүүдлийн уламжлалт бүхий сэтгэлгээг илтгэх зарим чанартай уран бүтээлүүд (Director: Ermek Tursunov. Kelin. 2009) энэ мэтчилэн дүрслэлүүдээр их. Тийм дээ ч олон улсын кино сонирхогчдын анхаарлын төвд орсоор буй.

Эхлэлээсээ харилцан яриа бага, дүрс голлосон кино хэмээн сэтгэж байтал цааш өрнөх тусмаа үг нэмэгдэж байлаа. Бүр зарим хэсэг дээр огт шаардлагагүй текстүүд ч хэлэгдэж байв. Жишээ нь солиот төрсний дараа Зэрмэ ээжээсээ: - Хүү зүгээр байгаа? гэж асуухад “-Зүгээр ээ. Эв эрүүл гэх утгатай үгс хэлдэг. Ийм үзэгчдэд тайлбарласан мэт харилцан яриа нь илүүц агаад дүрсээр ойлгуулах (ойлгогдох) зүйл юм. Солиот эм одоо эх болжээ. Хүүгээ энгэртээ наан өөрөө хөхүүлэхийг ихэд л хүсэн гуйхад Зэрмийн ээж ая тал огтхон ч үл өгнө. Санасандаа хүрч, эмэгтэйг ашигласан эх хүү хоёр солиот эхийг нохой мэт хөөж туусаар явуулна. Энэ хэсэг киноны “хурдасгуурыг” гаргаж ирэх нөхцөл шалтгаан болов. Солиот эх гэр эзгүй хойгуур хүүгээ хулгайлан зугтжээ. Зэрмэ хот айлынхаа хүнтэй хамт эрэлд гарна. Солиот эх бяцхан ойн төгөлд хүүгээ шохоорхон, энхрийлэн үртэй хүний жаргалыг эдлэн байтал Зэрмэ олж хүүгээ аван одно. Солиот эх буцан хүүгийнхээ хойноос очтол хэдийн нүүсэн байх агаад хоосон буйр л үлджээ.

Хүү эх хоёрын зөрчил буюу ХҮҮДЭЭ ЗӨВШӨӨРӨГДӨХ

Сүүлийн үеийн хэд хэдэн кинонуудад (Хоёр амь, Цагаан хадаг гэх мэт) модны дүрслэл их үзэгдэх болжээ. Хэдий ерөнхий мод гэх дүрслэл буй ч бэлгэдэж буй хэлэмж нь өөр өөр. Энэ удаа амьдралдаа хэзээ ч харж байгаагүй ээжийгээ санан хүлээж буй хүүгийн (Бороо) эхийн хайр халамжийг төлөөлүүлсэн мод болох “өлгий мод”-г гаргажээ. Энэ л мод бяцхан хүүг бүхнээс илүү ойлгогч агаад хаанаас ч амар амгалан газар бол энэ. Бороо өлгий модон дотроо ээжийгээ хамгийн сайхнаар төсөөлнө. Нэгэн өдөр гэнэт ээж нь хаанаас ч юм хүрээд ирэх нь тэр. Харамсалтай нь түүний дотроо төсөөлж байсан ээж нь биш, халтар царайтай ноорхой хувцас бүхий нэгэн солиотой эмэгтэй байв. Бороо өөрийнх нь ээж гэдэгт итгэсэнгүй. Солиот эх хүүгээ хэрхэн том болсныг харан сэтгэл дотроо мэлмэрэн байхуй. Энэ үзэгдэл дээр хэдий солиот эхийн (И.Одончимэг) харцны тоглолт, үнэлгээ сайн байсан ч бүгд солиот эхийг тойрон зогссон нь хэтэрхий тавилттай мэт хиймэл харагдуулж байлаа. Хүү эхийгээ хүлээж авсангүй. Солиот эх хүүдээ таалагдахын тулд байдгаараа л хичээнэ. Үгүүллэг дээр гардгийн адил нэгэн өдөр солиот эх хөрш баяны хүүгээс, өөрийн хүүгээ (Бороо) өмөөрөн дээш өргөж айлгаснаас баян ихэд хилэгнэж Зэрмийн гэрийг түйвээн бусниулдаг. Энэ үзэгдэлд Ван Хэн Жигийн өгүүллэгээс ондоо,  монгол эрийн уужуу тайван байдлыг илтгэсэн шийдэл хийсэн нь киногоо өргөж чадсан юм. Зэрмэ сандайж, сүйдсэн гэртээ чимээгүй сууж байснаа гэнэтхэн ханаа ханз татаж эхэлнэ. Энэ дүрслэлийг Зэрмийн ээжийн нүүрэн дээр туссан гэрийн хананы сүүдрээр зохиомжлон дүрсээ авсан нь хэд хэдэн хэлэмжтэй зураг авалтуудын (shot) нэг нь байлаа. Ингээд бууриа сэлгэж, хүү сургуульд орж солиот эх хүүдээ таалагдахын тулд өдөр бүр гамбир дөхүүлж, хүү сургуулийн хүүхдүүдээс ичиж ээжийгээ хөөнө. Өгүүллэгийн адил эх хүү хоёрын хэн хэндээ зөвшөөрөгдөх гэсэн зөрчил хөвөрсөөр. Эндээс шууд төгсгөлийн хэдэн дурдууштай зүйл рүү оръё. Ээж нь өөрийн гараар түүж авчирсан жимсээ хүүдээ амсуулсан уулзалтаар кино үзэгчдийн дунд бараг төгсчихсөн юм. Хүүгийн (Г.Тэнүүн-Эрдэнэ) жүжиглэлт худлаагаас гадна, хэт их сунжруу хэрэггүй харилцан яриа киногоо хэдэн шатаар унагаачихсан билээ. Үүний дараа эхийгээ жимс түүж яваад хавцлаас унасныг нь олоод хүүгийн уул хад цууриаттал хашхирсан нь жинхэнэ төгсгөл болж чадсан юм. Тэгсэн бол эхлэл шигээ элдэв чимэг зүүлтгүй энгийн төгсгөл болох байлаа. Харамсалтай нь өнөөх л байдаг нялуун дурсамжийн өнгө аяс бүхий жаахан гэгээлэг төгсгөх гэсэн аргаар өндөрлөв. Хэдэн жилийн дараа хүү (Бороо) өнөөх модон дээрээ охинтойгоо иржээ. Мөн л охинтойгоо ярилцах (dialog) хэрэггүй байсансан. Дээрээс нь төгсгөлийн дуу (“Тэнгэр ээж минь өршөө” Ая: Ш.Батсайхан Үг: Ш.Чимэдцэеэ) чихэнд чийр өгч байснаас гадна, хүлээн авагчдаас (үзэгчдээс) нулимс л нэхэж байсан мэт... Ямартай ч дүрүүдийн зорилгоор нь авч үзэхэд эхийн хүүдээ зөвшөөрөгдөх зорилго “үхэл”-ээр гүйцэтгэгдэн, хүүгийн ээжийгээ хүлээн зөвшөөрөх зорилго нь “ухаарал”-аар шийдэгдэж байна.

Одоо зайлшгүй сайшаан дурдах хэрэгтэй хэдэн зүйлс буй. Юун түрүүнд гол дүрийн жүжигчдийн тоглолт хоорондын харьцаа тун сайн байснаараа киногоо авч чадсан юм. Ялангуяа солиот эх (И.Одончимэг) болон Зэрмийн (Т.Бархүү) харцны тоглолт, биеийн үйлдэл, үйл явдалд хандаж буй хариу үйлдлээс (үнэлэмж) энэ бүхнийг харж болно. Мөн хүүгийн бага насны дүрийн жүжигчний (Г.Дөлгөөн-Эрдэнэ) үнэн хийгээд энгийн тоглолт үйл явдлаа өргөсөөр байлаа. Киноны нэгэн амин сүнс бол хөгжим. Хөгжмийн зохиолч Б.Цогтбаярын /”Жонон” хамтлаг/ хөгжим киноны ерөнхий агуулга, зураглалтай яв цав таарч байлаа. Оргил өргөлттэй хэсэг дээр төрөл бүрийн өөр ая шуум, хөгжим сэлт хадсан нь үйл явдлаа дарснаас гадна хэт чийртэй сэтгэгдэл төрүүлж байсныг л эс тооцвол шүү дээ.  Залгуулан өөрийн зүгээс харсан зарим “тиймхэн” зүйлийг хавсаргая. Кинонд “харанхуйлал” гэх зүйлийг холбоосны үүргээр ашигладаг. Сайн киног харанхуйлал хэр их ашигласнаар нь дүгнэдэг тал бий. Эвлүүлгийн хувьд нэг дүрснээс өөр нэг дүрсрүү шилжүүлэхдээ уг хоёр холбогдож буй дүрс өнгө болоод дүрсний хувьд төст байдлаар шийддэг. Үүнийгээ ч бодолцож дүрсээ авдаг. Харанхуйлал хэт их орсон кино нь холбоос муугийн шинж билээ. Мөн дээрээс нь нисдэг камераар авсан зураглалууд зарим тохиромжгүй хэсэгт ихээхэн оруулсан нь хэт гоёчилсон мэт харагдуулж өрнөл хийгээд үйл явдалтайгаа нийцэхгүй байв. Магадгүй дээрээс авсан дүрс утга агуулгын үүднээс үзвээс ганцхан л орсон бол дээр байхсан болов уу. Тэр нь солиот эх хүү дээрээ буцан (Зэрмийнх рүү) очтол нүүчихсэн хэсэг дээр буюу гэрийн буйран дээр гансран хэвтэж буйг дээрээс эргэлдүүлсэн хэсэг дээр яг цав тохирох байв. Цаг хугацааны хувьд гурван мөчлөгтэй гэж харж болохоор. Эх хүүгээсээ хагацсан үе, хүүтэйгээ уулзаж буй үе буюу хүүгийн бага нас, хүүдээ хүлээн зөвшөөрөгдөх үе буюу хүүгийн өсвөр насны үе. Энэ хоорондын цаг хугацааны холболтыг хэт тайлбарлан бичгээр (тэдэн жилийн дараа г.м) харуулах огтхон ч шаардлагагүй билээ.

Гэхдээ эцэст нь... буюу МИНИЙ МОНГОЛЫН НУЛИМСЛАГ АРД ТҮМЭН

Эцэст нь эх солиот бус зүгээр л хэлгүй эх гэж үзэж болохоор болж буй юм.  Солиорсон эх болгон хүүгийнхээ төлөө ийм нинжин сэтгэл гаргах уу гэж бодвоос бас үгүй билээ. Тиймээс “Солиот эх” хэмээх нэрийг “солиот эх” чигээр нь үлдээн зөвтгөх ганц зүйл нь хүн бүхэн өөр, хүн бүхний дотоод орон, сэтгэл зүй өөр гэх дүгнэлт л болж байна. Мөн дээр нь нэгэн солиотой хэлгүй эмэгтэй ээж болсныхоо дараагаар солиот бус зүгээр л хэлгүй эмэгтэй болон өөрчлөгдсөн гэж үзэж болохоор. Ээж л бол ээж шүү дээ. Ээжийн хайр ямар ч нөхцөл тавьдаггүй. Хүүгийн зүгээс шаардагдах зүйл гэвэл ээжийнхээ хүү нь байхад л хангалттай. Үүнийг хүү ээж хоёрын зорилгын үүднээс дээр тодотгон тайлбарласан.

Юуг “өрөвдөх” хэмээн нэрлэдэг вэ? Өрөвдөх гэх ухагдахууныг нинжин сэтгэл хэмээх утга дагалдана. Монголчуудын төрөлх архетип өрөвч байдал байх л даа. Монголчууд хэзээнээсээ л бүхнийг өрөвддөг нинжин сэтгэлт ард түмэн. Энэхүү уугуул шинж дээр нь өнөөгийн Монголын олон олон салбар тоглолт хийж байна. Товчхондоо, хэмжээлшгүй их зовлон зүдгүүр харуулж, нулимс их урсгаснаараа үзэгчдийг өрөвдүүлж тэр чинээгээрээ хүлээн авагчдаас мөнгө урсгах юм. Нийтийн соёл нь илүү хүртээмжтэй, их зүйл бүтээж туурвихыг шаарддаг болохоос тааруухан зүйл олноор үйлдвэрлэхийг тулгадаггүй. Нулимс дагаж мөнгө гэдэг арга барил шинэ цагийн кино бүтээгчдийн дотоод уриа болчихвуу гэлтэй. (Энд зөвхөн “солиот эх” кинон дээр тодотгон хэлээгүй бөгөөд энэ бичиглэлд хавсарган өгүүлж буйг ойлгох буй заа.) Харин энэ цагийн монголчууд өрөвч үү (энэрэнгүй, хүнлэг, нигүүлсэнгүй), эс бөгөөс зүгээр л их “нулимслаг” болчихсон хэрэг үү?

Б. Ууганбаяр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна