Уран зохиолын тухай өнгөрсөн хэрэгт (шүүхэд хүрсэн тул ингэж нэрлэе) манай хүрээнийхэн янз бүрээр л оролцлоо. Мөн хэргээс манай үеийн цөөхөн гайгүй яруу найрагчдын нэг М.Уянсүхийн бичсэн “Ямар ч сайхан ордон батгана дуугарахад гутна” гэх бичвэр анхаарал татсан юм. Эндээс мэдээж яруу найрагч М.Уянсүх 1990-ээд оноос хойш юм уншаагүй нь харагдлаа. Энэ нь ч давуу тал нь юм байна. Уншаагүй гэхийн учир нь өөрийнх нь уран бүтээлийг ихэд өргөмжлөн бичсэн шүүмжлэгч Ч.Билигсайханы “Цагийн салхи асгарсан авьяас” гэх 62 нүүр бүхий жижиг номын өөрийн тухай бичсэн сэдвээс бусдыг нь уншаагүй байна. Ялангуяа уг номд орсон “Монголын зохиолчид шинэ зуунд юунд найдна вэ?” шүүмжийг сөхөж ч хараагүй аж. Учир нь Ч.Билигсайхан багш «ХХI зуун юм бүхэн дотогшоо нарийсч, мэргэжлийн шинж нь давуу болж байна. Үнэндээ бид ардын аман зохиолч, мэргэжлийн зохиолч хоёроо социализмын үед ялгалгүй нэг зиндаанд тавьж ирснээр учрыг нь олоход төвөгтэй болгож орхисон юм. Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр ХХI зууны уран зохиол өндөр хөгжсөн өнөөдөр энэ байдал аргагүй ялгарах боллоо. Аман зохиолчид гээд байгаа нь урлагаар бол сайн дурын уран сайханчид, зохиол сонирхогчид. Харин мэргэжлийн гэдэг нь сонгомол буюу элит бүр нарийвчилбал дэлхийн өнөөгийн зохиолчдын хэмжээнд уран зохиолыг ойлгодог мэргэжлийн хэсгийг хэлж байгаа юм» (Билигсайхан.Ч. Цагийн салхи асгарсан авьяас. УБ. 2011. х40) гэсэн байдгийг оршил болгоё.
Яруу найрагч М.Уянсүх «...Гэтэл өнөөдөр шал өөр байдлаар талцах хандлага цухалзах болов. Энэ нь дээр өгүүлсэн шиг уран бүтээлийн тодорхой сэдвээс үүдсэнгүй. Хэн нь том хэн нь жижиг тухай ярвигтай асуудлаас үүсчээ. Нэгэнт үүссэн ийм маргаан хэт даамжирвал дор бүрдээ өөр, өөрийн байр сууриа хамгаалах гэж үхэлдэн тэмцэлдэх нь гарцаагүй...» (Уянсүх.М. Ямар ч сайхан ордон батгана дуугарахад гутна. undesniishuudan.mn 2017-12-09) гэсэн байна. Энэ нь мөнөөхөн “...эрээчих дон” шүүмжид уран бүтээлчдийг элит, массын гэж заагласныг “Хэн нь том хэн нь жижиг тухай” гэж яруу найрагчийнхаараа ойлгожээ. Угаасаа манай ихэнх яруу найрагчид нарцисстууд байдаг нь нууц биш.
Мөн Ч.Билигсайхан профессор «...Энэ бүхний эцэст дүгнэн бодоход Ц.Доржготов, Д.Энхболд, До.Цэнджав, Г.Аюурзана, Б.Золбаяр нарын мэргэшсэн зохиолчдоо хэн нэг Шүүдэрцэцэг, Ц.Мухар, Хон хэрээд Энхбат нартай нэг зиндаанд ижилсүүлээд нэрлээд байж таарахгүй байх аа. Энэ хооронд л өнөөгийн Монголын элит хүүрнэл, хээнцэр уран зохиол хоёрын том ялгаа оршиж байгаа юм. Аль аль нь байгаа, цаашид ч орших нь тодорхой авч алдарт “Нууц товчоо”-д хэлснээр “Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд” байх хувь тавилантай» (Билигсайхан.Ч. Цагийн салхи асгарсан авьяас. УБ. 2011. х50) гэж тэртээ 2010 оны 5-р сарын 10-нд бичсэн байдгийг “...эрээчих дон” шүүмжид жаахан дэлгэрүүлснийг уянсүхчилж ойлговол том жижгийн тухай амбиц болдог бололтой юм. Гэвч үгүй л дээ.
Бас яруу найрагч маань шүүмжийн тухай агуу дүгнэлтдээ «...Уран бүтээлийн маргааныг бараг ялагчгүй маргаан гэхэд хилсдэхгүй. Үүний шалтгаан нь өнөө л олон өнгө, олон үзэл бодол...» (Уянсүх.М. Ямар ч сайхан ордон батгана дуугарахад гутна. undesniishuudan.mn 2017-12-09) гэж томорчээ. Энэ бол жинхэнэ хүйтэн дайны үеийн өөрөөр хэлбэл коммунистуудын үеийн аль эрт хоцрогдсон дүгнэлт байна. Нөгөө байлдаантай кино үзээд аль нь манай тал вэ гэдэг шиг л юм. Зүгээр ч үгүй профессор Д.Галбаатар, яруу найрагч О.Дашбалбар нарын маргааныг жишээлэхээр оролджээ. Тэгтэл С.Буяннэмэх, Д.Сэнгээ нарын маргаанд, Ш.Гаадамба, Ч.Лодойдамба нарын маргаанд, Д.Галбаатар, О.Дашбалбар нарын маргаанд хэн ялсан бэ? гэж асуу л даа. Уран зохиолын бүх маргаан маш тодорхой ганц л ялагчтай байдаг юм. Тэр бол УНШИГЧ. Эгэл олон уншигч ялдаг тул элдвээр хэлүүлэх, гүтгүүлэх, муулуулах, шүүхэд дуудагдах, уучлалт гуйх.., энэ тэр бол юу ч биш. “Болор цом”-д тэчьяадах, шүүмжийг шинжлэх ухаанчаар дүгнэх хоёр бол газар тэнгэр шүү.
Мөнөөхөн улигт шүүмжээс болж өрнөсөн маргаанд ч мөн л уншигч олон ялсан. Ялсан уншигчид, ялангуяа оюутан залуус нэлээд зүйл ойлгож авлаа. Үүнд:
1. Жинхэнэ уран зохиол, хуурмаг уран зохиол гэж байгаа юм байна гэдгийг хаа хаанаа мэдлээ.
2. Уран зохиолын салбар уруу уран зохиолын бус хүмүүс олноороо хүч түрэн орж ирсэн, зарим уран бүтээлчид ч тэдэнд уусаж, дугуй дугуйгаа олж байна. Эсвэл нэгэн зохиолчийн онож бичсэн “Манайхан «Их сайн хүн байсан юм. Мөнгө л түүнийг эвдчихлээ» гэцгээдэг. Тийм биш, угаасаа л олиггүй амьтан байж. Мөнгө тэр олиггүй чанарыг нь нээн харуулж буй хэрэг...” гэдэг шиг мөнөөхөн хэрэг мөн чанарыг нь харуулж буй биз.
3. Массын уран зохиол жинхэнэ уран зохиолоосоо ч илүү уншигчтай, уншигч ч гэж юу байх вэ? фенүүдтэй юм байна. (Учир нь алиныг нь ч уншаагүй хэрнээ сургаар буюу comment-оор асуудалд хандагчид олон болжээ) Тэдний ихэнхийг залуу үеийнхэн эзэлж байгаа бөгөөд тэдний буруу биш, өнөөдөр зугаацуулах, интертаймент маягын урлаг, хөнгөн хуурмаг дүрслэл, зураг чимэг марктенгийн үйл ажиллагаа ихээхэн үр дүнтэй болж байгаа нь тод мэдрэгдлээ. Суралцууштай л юм.
4. Хар массын эрээчигчид нь өөрсдийн олж авсан «нэр төр»-ийг ихэд анхаардаг, тэр нь борлуулалттайгаа шууд хамааралтай, угаасаа гол зүйл нь бололтой.
5. Нийтээрээ ном унших, түүн дотроо уран зохиол унших нь өргөн дэлгэр болж, уран зохиолын тухай өөр өөрсдийн хэмжээнд шүүн хэлэлцэх асар их сонирхол байгаа нь мэдэгдсэн нь хамгийн нааштай үр дүн байлаа.
Эдгээр нь маргааны үр дүн, ялагчдын олз. Дашрамд дурдахад М.Уянсүх гэдэг хүнийг яруу найрагчийнх нь хувьд хүндэлж явдаг учир “Зохиомж дутмагшлийн хам шинж хийгээд өвгөн Сүхийн яриа” шүүмжийг яруу найрагчаараа үлдээсэй, сайхан шүлэг бичээсэй гэсэндээ хэвлүүлсэн болохыгоо дурдая. Бас “Алганы хээ” роман бичсэн Б.Эрхэмбаяр «...Тантай дахин шинэ бүтээлээрээ эргэн учирахдаа би бээр өчүүхэн ч “хулчийхгүй” байгаагаа энэ дашрамд илэрхийлэхийн ялдамд би ч өөрөө өсөн хөгжиж тань мэтийн мундаг “элит шүүмжлэгчид” адлагдахгүй хэмжээнд хүрчихийг хичээх болно, харин тэр цагт таныг энэ мэтээр шүүмж нэртэй доромжлол эрээчих биш жаахан ёс жудагтай мэргэжлийн байр сууринаас хандахыг хичээнгүйлэн хүсье...» гэсэн нь хамгийн сайн үр дүн болов. Шинэ хүлээлт сайхан л даа.
Харин Ф.Ницшегийн гоо зүйг мэдрэх гоц авьяас бүхий хэтийдсэн хэсгийн таашаалыг ихэд өргөмжилсөн “Хүмүүнлэг дэндүү хүмүүнлэг” (1878) номд, мөн Х.О.Хассетын /Дегуманизация искусства/ “Урлагийн энэрэхүй чанар арилах нь” (1925) зэрэгт дурдагдсан “Шинэ урлагийг хүлээн авдаг шилмэл /элит/ хэсэг бол сурвалжит язгууртнууд, эрх ямбатны давхраа биш хүртэн, тусгах онцгой чадвартай хэсэг. Энэ хэсэг л нийгмийн дэвшилд тус болдог, жинхэнэ уран бүтээлчид чухам энэ хэсгийнхэнд зохиол бүтээлээ зориулах ёстой. Шинэ урлаг нь шилдэг хэсгийг өөрийгөө танин мэдэж, үүргээ ухамсарлаж, цөөнх байж, олонхтой тэмцэхэд нь туслах, ухааруулах учиртай” гэсэн томьёололд таацах хар масс хийгээд элит хэсгийн хөдөлгөөнт холбооны талаар профессор Ч.Билигсайхан «...Ингэхэд элитүүд гэж хэн бэ? Зөвхөн язгууртан дээдэс биш тухайн улс орны сонгомол боловсрол хүмүүжилтэй хэсэг. Хүн оюун ухааны хөгжлийн чадавхиараа хэвийн, түүнээс дээш, доош гэж ангилагддаг нь тогтсон ойлголт. Урлаг соёлыг хэнд зориулж бүтээх тухай яриа эртнээс маргаан мэтгэлцээнтэй явж ирэв. Үнэндээ хүмүүсийн хэвийнээс дээш оюун ухаантай хэсэг нь нийгмээ удирдаж явдаг нь социализмаас бусад аль ч нийгмийн түгээмэл ёс. Тэр хэвийнхээс дээш хэсэгт л урлаг зориулагдах ёстой гэдэг утгаар элит чиглэлийн зайлшгүйн тухай яригддаг» (Билигсайхан.Ч. Цагийн салхи асгарсан авьяас. УБ. 2011. х61) гэсэн байдаг.
Гэтэл бичих, бодох хоёроо ч ялгаж чадаагүй мэт санагдах эрхэм соёлын гавьяат С.Оюун гуай «Масс бол юу ч хүсдэггүй, хэн түүнийг удирдана, яаж удирдах нь хамаагүй. Массд зөвхөн идэж, унтах, тв үзэх, ажиллах, гоо сайханд ороход хангалттай. Эхнэр, нөхөр, хүүхэдтэй, орон байртай, машинтай байж наад захын хэрэгцээ нь хангагдахад масс өөр юуг ч хүсдэггүй. Энэ бол орчин үеийн масс... гэсэн нэг тодорхойлолт байна... Энэ массынхан бол ном уншдаггүй хүмүүс байх нь. Дуурь үзээд явж байгаа их хурлын гишүүнийг олон хараагүй л юм байна. Хэд нь сонин захиалж, хэд нь ном уншдагийг мэддэг хүн бий юу? Хүүхэн хүчинддэг их хурлын гишүүнийг элит гэхэд хаашаа. Их хурал дотор массын төлөөлөл байж мэднэ... Харин зорьж очоод 25000 төгрөгөөр роман худалдаж авч байгаа уншигчийг масс гэж доромжилж болохгүй байх. Уншигчийг би манай нийгэм дэх соёлын элитүүд гэж үздэг» (Facebook. Sanjaajav Oyun. 2018.1.22) гэх мэтээр улигласан төөрөгдөл нь ямар нэгэн тайлбар бус өрөвдмөөр будилалт байв. (С.Оюун гуайн нэрийг дурдсан нь арай жендерийн ялгаварлан гадуурхалт болчихгүй болов уу гэж найдъя)
Ер нь тэгээд элит урлагийн хөгжил нь нийгэмд элитүүдийн байр суурь тодорхой болж ирсэнтэй холбоотой болохоос хар массын таашаалтай хамаагүй л дээ. Профессор Ч.Билигсайханы хэлсэнчлэн хар массынханыг зөнд нь хаяж болох боловч бас профессор С.Энхбаярын бичсэнчлэн «...Гэтэл хамгийн их хайрлаж, ариглаж, дээдлэж явах ёстой энэхүү үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр дамжуулж өөрийгөө илэрхийлэх агуу ихийн гаж донтой /великомани/, бүр байж сууж чадахаа байсан зарим нөхдүүд бас байх юм. Ардчилсан нийгэмд хүний хэлэх ярих нь нөгөө нэг хүнд юуны хамаа боловч, багаар яривал өчүүхэн муу нэр ус маань хамаатдаг, муугаар яривал хоолоо олж иддэг ажил, мэргэжлийн маань салбарт хамаатаад ирэхээр бас ч зүгээр хараад суух эвгүй санагдах үе олон тохиолдох... /ядаж бусад мэргэжлийнхний өмнө ичих гэж нэг хэцүү юм байх/ Нөгөө талаар бас ч гэж бидэнд ч мөн үнэт зүйлс томоор яривал нийгмийн эрх ашиг гэж бас байна шүү дээ. Түүнийгээ, өөрөөр хэлбэл урлаг утга зохиол дахь үнэт зүйлс өв уламжлал, орчин цаг-шинэ үзэл санаа тэргүүтнээ хайрлах, дээдлэх, бусдын тэнэглэлүүдээс харамлан хамгаалах сэтгэл өөрийн эрхгүй төрөх...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. х270) тул яахин нүдэн балай, чихэн дүлий орхих, тиймээс эхлээд би бичье, дараа нь цаг хугацаа чи шүүтүгэй.
2018-03-05
Сэтгэгдэл бичигдээгүй байна