Гишүүн Л.Болд монголчуудыг доромжилсон Герман бүсгүйг дуудаж мэдүүлэг авах ёстой гэв

2018/03/06
Германы аялагч Анне Вествордз гэх бүсгүй өөрийн блогтоо Монголчуудын талаар “секс” гэж хэлэн, гар хөлөөрөө зааж, дохиж үзүүлдэг аймшигтай ард түмэн хэмээн бичсэн нь цахим сүлжээнд маргаан мэтгэлцээний сэдэв болж байна.

Түүнийг үгүй гэж хариулахад эрэгтэйчүүд нь гайхсан царай гаргаж байсан ба 12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны малчин, суурин амьдралтай янз бүрийн хүн л түүнээс секс л асууж, унтахыг оролдож байсан гэнэ.

Энэхүү дүрс бичлэгт Анне Вествордз бүсгүй Мөрөн хот орохоор явган алхах замд мотоциклтой залуутай таарч Мөрөн юмуу Цагааннуур сум руу сундлаж явахаар хүссэн боловч нөгөө залуу:

- Ганц тэвэрчихье л дээ хэмээн дайрахад бүсгүй:

- No, no хэмээн цааш алхаж буй хэсгийг үзүүлжээ...



Мөн тэрбээр "Монголын аймшиг” гэх гарчиг бүхий нийтлэлдээ “Увс аймгийн залуучууд миний гуя, хөхийг шууд барьж, тэмтэрч байсан, усны саваа дүүргэх гээд зогсож байхад хоёр хөлний завсар гараа оруулан базах жишээний. Би дэлхийн 50 гаруй улсаар аялж байсан, гэхдээ хэзээ Монголд болж байсан шиг явдал гараагүй. Хүмүүс Исламын орнуудад эмэгтэй хүн аялахад их хэцүү гэж ярьдаг ч, миний аялсан Исламын 7 улсад надад хүндэтгэлтэй хандаж байсан. Монгол улс Буддийн шашинтай, гэхдээ дээрэнгүй шовинист үзэл, сексизм буюу хүйсээр ялгаварлах үзэл дээр зэргийн газар авсан газар. Энэ улсын нийгэм үнэндээ дампуурсан газар, бүр жаахан хөвгүүдэд эмэгтэйчүүдийг дайрч, доромжлох нь хэвийн гэж заадаг. Монгол бол ужиг өвчтэй өвчтөн” хэмээн бичсэн байна.

Герман блогчны энэхүү үйлдлийн талаар цахим сүлжээнд олон янзын байр суурь, шүүмжлэл хөвөрсөөр байгаа агаад УИХ-ын гишүүн Л.Болд хүртэл үзэл бодлоо илэрхийлээд авчээ. Тэрбээр бичихдээ, “Бид хуультай улс. Үүнийг шалгах ёстой. Нэг бүрчлэн хүнийг нь тогтоогоод хариуцлага үүрүүлэх естой. Гадныхан биднийг ингэж дураараа доромжилж болохгүй. Тэр бүсгүй ирж мэдүүлэг өгөх ёстой” хэмээн жиргэсэн байна.
 


Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна