АТГ-т яллагдагчаар татагдсан Ч.Ганзориг өөрийгөө буруугүй мэтээр тархи угааж эхэллээ

2018/03/12
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэх асуудалд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг тус газраас албан ёсоор өгсөн билээ.

Мөн АТГ-аас, “Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй” хэмээн давхар мэдэгдсэн юм.

Тэгвэл АТГ-т ялагддагчаар татагдан шалгагдаж байгаа Ч.Ганзориг уснаас хуурай гарахын тулд өөрийгөө буруугүй гэх мэдээллийг олон нийтэд өгч, тархи угаалт хийж эхэллээ.

Тэрбээр өнөөдрийн өдөр тутмын сонин болон цахим сайтуудад нийтлүүлсэн төлбөртэй мэдэгдэлдээ, “Миний гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон” гэх мэдэгдлийг зай завсаргүй нийтлүүлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, “Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ түвэгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.

Одоогоор олон нийтэд нээлттэй байдлаар дараах зүйлийг хэлье. Эцсийн дүндээ “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг"нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт үйлдвэр” олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна” гэх зэргээр өөрийгөө өмгөөлөн хаацайлжээ.

“Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан Үндсэн хоёр гэрээн дээр зурагдсан ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч биш хүчин төгөлдөр гэдгийг шинжээчийн дүгнэлтээр Арбитрын шүүх дээр тогтоогдсон болох нь нийтэд ил болсон. Үүнийг батлах мэт Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар тухайн үед ажиллаж байсан Амарбат гэх хүн энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр, гарын үсгүүд хуурамч биш гэх мэдүүлгийг хуулийн байгууллагад өгчээ.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саяхан Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, “Стандарт банкны Хонгконг дахь салбарт Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хоёр данс нээгдэж, түүгээр 2010-2013 оны хооронд их хэмжээний гүйлгээ хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн өгсөн үүрэг даалгаварын улмаас уг гэрээнд Амарбат, Мөнхжаргал, Галбаатар нарын хүмүүс оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагууд тухайн үед Стандарт банкны төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийж байсан тэмдэглэлүүд, Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай цахим шуудангаар олон удаагийн харилцаа явуулсан зэрэг хөдөлшгүй баримтууд байгаа” гэх мэдээллийг өгсөн байна.

Энэ бүхнээс харахад Ч.Ганзоригийн зүгээс өөрийгөө өмгөөлөн хаацайлж байгаа миний гарын үсэг хуурамч гэх мэдээлэл нь хуудуудтай бололтой. Ямартай ч Эрдэнэтийг барьцаанд тавьсан асуудалд Ч.Ганзориг холбоотой болох нь нэгэнт ойлгомжтой байгаа бөгөөд хуулийн байгууллага цаашид шударга ажиллавал Ч.Ганзориг ял авах нь тодорхой байгаа юм.  

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна