Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

2018/03/18
Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ.

Ийнхүү Зэвсэгт хүчний 97 жилийн ойн бөхийн барилдаанд харцага О.Хангай найман даван түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа.

Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос 1 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан, 9 харцага, 27 начин нийт 46 улсын цолтон магнайлан барилдсан юм. Барилдааны бүртгэлийг хоёр өдөр цахимаар явуулсан бөгөөд бөхийн тоо илүү гарсан учир олон сумын цолтон багталгүй хасагджээ.

Зэвсэгт хүчнийхээ ойд Алдар спорт хорооны бөхчүүд олноор оролцон барилдсан бол улсын арслан Д.Ганхуяг ерөнхий хөлийн цэцээр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зохион байгуулалтад ажиллав. Н.Батсуурь арслан нэгийн даваанд Алдар спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарамд өвдөг шороодсон. 

Булган аймгийн начин Э.Сумъяабат улсын начин Б.Ганхуягийг давхар хаман дайраад давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан у.н Ш.Шинэбаярыг бужигнуулсаар хаясан гээд олон сэтгэл догдлуулсан барилдаан боллоо.

Барилдааны хамгийн даацтай мэхийг зургаагийн даваанд начин Б.Анар, П.Бүрэнтөгс арсланг, харцага О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагвыг давсан агшингууд байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна