Дүнжингарав уралдааны үеэр мориноос унасан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

14 цаг 49 минутын өмнө
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон “Дүнжингарав” уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд “Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон хаврын бүсийн “Дүнжингарав” морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиулж ажиллалаа. Хурдан морины уралдаан 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьдыг уралдуулсан. Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурвыг нь эмнэлэгт хүргэсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс урлаг, спортын арга хэмжээг хориглох хуулийн заалт байхгүй. Хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна