Жижиг дунд бизнесийнхний санхүүгийн үндсэн хэмжүүрүүд

2018/04/08
Бизнес эрхлэгч аливаа эрхэм мэдвэл зохих санхүүгийн хэмжүүр үзүүлэлтүүд байдаг.  Санхүүгийн хэмжүүрүүдийг тодорхойлж, тэдгээр тоонуудын цаад утгыг ойлгосноор,  танай бизнес ашигтай эсхүл алдагдалтай ажиллаж байгааг мэдэх болно. Эс бөгөөс нэг  л өглөө босоод ирэхэд, дампуурал таныг угтаж байвал яана.

“Би нягтлан бодогч биш ч гэлээ, олон жил бизнес удирдсаны хувьд аливаа удирдагч байгууллагынхаа санхүүгийн хэмжүүрүүдтэй танилцаж, тэдгээрийн утга учрыг ойлгох нь маш чухал гэж үздэг.  Үүнийг хийхийн тулд та нягтлан бодогчтойгоо хэлэлцэх юм уу мэргэшсэн нягтлан бодогчоос зөвлөгөө авч  болно.”

Миний уулзсан нэг зээл олгогч  “Өөрийн байгууллагын санхүүгийн үзүүлэлтийг надаас илүү түвшинд ойлгож чаддаггүй хүнд би зээл олгодоггүй.” гэж хэлж билээ.

Эдгээрээс үзэхэд бизнес удирдагч та санхүүгийн хэмжүүрүүдээ сайтар мэддэг байх нь чухал байгаа биз.

Аль ч бизнест зайлшгүй тодорхойлох шаардлагатай 5 үндсэн хэмжүүрийг дурдлаа. Үүнд:

1. Орлого: Орлого үгүй бол бизнес үгүй. Орлогогүй байснаар, цалин олгохгүй, бүтээгдэхүүнийг цагтаа хүргэхгүй, хангамжийн материал худалдан авч чадахгүй, үйл ажиллагаа зогсоно.

Иймдээ ч хамгийн эхэнд мэдвэл зохих санхүүгийн хэмжүүр. Миний хувьд бизнесийн орлогоо өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр тооцож, харьцуулалт хийдэг.

2. Зардал: Бизнесийн байгууллага бүр зардлаа өөр өөрөөр хуваадаг. Харин тэдгээр зардал хэр үр өгөөжтэй байгааг тодорхойлох нь чухал.

Мэдээж орлого, зардлын зөрүүгээр ашиг тодорхойлогддог.Харин зарим бизнес эрхлэгчийг хараад байхад, орлогын өсөлтдөө анхаарч ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг хэрнээ, ашгийн өсөлтийг тооцдоггүй нь - Орлогын өсөлтийг дагасан зардлын өсөлтийг хэмжиж үздэггүйтэй холбоотой.      

3. Мөнгөн гүйлгээ: Энэхүү хэмжүүрийг тооцохдоо мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн харьцааг олно. Санхүүчид тухайн үзүүлэлтийг 2:1 байвал зохистой хэмжээнд байна гэж үздэг. Харин энэ нь байгууллагын хувьд томхон сорилт болон хувирдаг.

Энгийнээр хэлбэл энэхүү үзүүлэлтийг тооцох шалтгаан нь  танай байгууллагын дансанд мөнгө байна гээд баярлаад сууж байтал, яг үнэндээ тэрхүү мөнгө нь өр төлбөрөөс бага байвал, нэмж зээл авбал хэцүүднэ л гэж ойлгож болно.

4. Орлого татах хугацаа: Танай хэрэглэгч нэхэмжлэх хүлээн авснаас хэр хугацааны дараа төлбөрөө шилжүүлж байна вэ? Та түүнд 30 хоногийн хугацаа өгсөн байхад, яг 30 хоногт багтаан төлбөрөө төлж байна уу? Эсвэл 45-60 хоног болж байна уу?

Дээрх хугацааны мөчлөгүүд үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалж, өөр өөр байдаг ч, гол нь үүнийгээ тодорхойлох хэрэгтэй. Ийн тодорхойлсны дүнд, та орлого татах хурдыг нэмэхийн тулд, “Тэд” хоногийн дотор төлбөл “Тэдэн” хувийн урамшуулал олгоё гэх мэтийн бодлого хэрэгжүүлж болно.

5. Төлбөр төлөх хугацаа: Төлбөр төлөх гэрээт хугацаа дуустал, хэд хоногийн хугацаа байна вэ? Хэрэв та орлого татах хугацаа, мөнгөн гүйлгээ, орлогоо зөв удирдаж чадвал, энэхүү үзүүлэлтийг хэмжих замаар зардлаа бууруулах боломжтой.

Миний л мэдэх хэд хэдэн бизнесмэн нийлүүлэгчид өгөх төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж, хөнгөлөлт авдаг. Үүгээр ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Удирдагч та байгууллагынхаа нягтлан бодогчоос эдгээр үзүүлэлтүүдийн нарийн учрыг асуухаас бүү эмээ. Зөвлөх өнгө аястай харилцаанаас  Ажил хэргийн, захирах өнгө аястай харилцааг чухалчилдаг нь  удирдах ажилтанд байдаг нийтлэг алдаа. Та нягтлан бодогчтойгоо зөвлөлдсөний дүнд, эдгээр үзүүлэлтийг  тооцох, категоричлох арга хэрэгслийг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохируулан хэрэгжүүлж болно.

Эх сурвалж: www.ondeck.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна