Америкийн Элчин сайдын захидлын анхаарал татсан асуултууд

2018/04/17
Оюутолгойн гэрээг гардан гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр  хууль шүүхийн өмнө дуудагдаад байна. Үе үеийн Ерөнхий сайд нарын баривчилгааны дуулиантай зэрэгцэн Оюутолгойн гэрээний талаарх Америкийн Элчин сайд Марк Минтоны 2009 оны захидал  гарч ирсэн нь олны анхаарлын төвд орж ирлээ. Товчоор хэлбэл, Америкийн Элчин сайдын захидал Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явдлуудыг илчилж орхисон байдаг.

Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад нийтлэгдсэн Америкийн Элчин сайд Марк Минтоны 2006-2009 оны захидалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг ил болгосон байдаг.

ҮАБЗ-ИЙН МЭДЭЭЛЭЛ ГАДААДЫНХАНД НЭЭЛТТЭЙ БАЙДАГ УУ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдгийг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд “Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна” гэж заажээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс орны эрх ашигтай холбоотой асуудлаар хэдэн удаа хуралдсан, бүр хэн юу ярьсан нь нээлттэй. Хурлын мэдээлэл нэг бүрчлэн гадаадын Элчин сайдын гарт орсон байгаа нь гайхширал төрүүлэм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ҮАБЗ-өөр хэдэн удаа хэлэлцсэн байтугай, төрийн өндөрлөгүүдийн хэн юу хэлсэн, ямар үр дүн гарсаныг  Америкийн Элчин сайд Марк Минтоны захидалд тодорхой бичжээ. Захидалд “Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж,  гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээжээ. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын мэдээгүй, төсөөлөөгүй басхүү төрийн хамгаалалтад өрнөсөн нууц хурлын мэдээлэл гадаадынханд нээлттэй байгааг дээрх жишээ хангалттай нотолно. Үнэндээ улс орны нууц мэдээлэл иймэрхүү маягаар алдагдаж буйг илчилсэн тод жишээ бол эрхэм Элчин сайдын захидал байлаа.

 НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАГЧИД БАЙДАГ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ

Дээр дурдсанчлан нууцын зэрэглэлтэй байх учиртай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл гадаадынханд хэрхэн очив гэдэг нь сонирхол татна. Тэгвэл Марк Минтон нууц мэдээлэл авч байсан эх сурвалжуудын нэрийг захидалдаа ил болгосон байдаг. Энэ тухай захидалд “2009 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн боловч эсрэг хариу гарсан, мөн “Үндэсний аюулгүйн зөвлөлийн ихэнх хуралдаанд байлцсан ноён Бат-Эрдэнэ хэлэхдээ, түр зуурын улс төрийн ашиг хонжоог олохын тулд Монгол Улсын ашиг сонирхлыг гаргуунд гаргаж байна гэж уурласандаа минчийтэл улайсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг буруутгаж байжээ” гэсэн өгүүлбэр бий. Мөн “Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна. Үргэлжлүүлэн “Баяраар ахлуулж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Зоригт болон Сангийн болон Байгаль орчны яамны баг бүрэлдэхүүнийг багтаасан Ажлын хэсэг хувийн фирмуудтай ярилцаж байсан…”, “Айвенход болон Засгийн газрын яриа хэлэлцээний багт байдаг манай мэдээллийн эх сурвалжууд мэдээлэхдээ, Монголын Засгийн газар сүйрч байгаа эдийн засгаа аврахын тулд энэхүү гэрээг заавал хийхийг хүсэж байгаа гэж мэдэгдэж байсан” хэмээжээ. Эндээс тодорхой болж буй бас нэг зүйл бол улс орны нууц мэдээллийг гадныханд зөөдөг, өөрсдийнх нь хэлдгээр мэдээллийн эх сурвалжууд байдаг нь Элчин сайдын захидлаас их тодорхой харагдаж байна.

Монгол төрийн нууц мэдээлэл гадныханы ширээн дээр байж байдаг энэ байдал дан ганц Оюутолгойн гэрээний асуудал бус Монголын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас эрх биш цагдаа, тагнуулынхан шалгасан гэж найдья.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна