(Ж.Тэгшзаяагийн орчуулсан “ Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номоос сэдэвлэв)
Анхнаасаа л шавьж, хорхой мөн биш гэж шинэ содон зүйл бий болгох гэж маргалддаггүй байсан юм. Ер нь хэн юу болж хувирах нь бидэнд их сонин байхаас Франц Кафкад онц сонирхолгүй байсан биз. Тэгээд ч цох байх, жоом эсвэл бясаа болох ямар нэгэн шалтгаан мэдээж Замзад байсан л байж таарна. В.Набаковын “зарим судлаачид жоом байсан гэдэг нь ор үндэсгүй таамаг юм. Жоом бол урт хөлтэй навтгар жавьж... харин Грегорын гэдэс нуруу аль аль нь гүдгэр мөртлөө жижгхэн хөлтэй... нуман судалтай цүдгэр гэдэстэй бөгөөд хатуу товгор нуруундаа далавчтай байж болзошгүй юм”/ Ф.Кафка “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд “2016, 169, орч Ж.Тэгшзаяа/ гэсэн өнөөх алдартай лекцийх нь алдаатай байж мэдэх таамаглалаас болчихсон юм. Түүнээс хойш бүгд Замзаг ямар нэгэн шавьжтай адилтгаж үзжээ. Синтия Озак ч ялгаагүй хорхой шавьж, ямар нэгэн нялцгай биетэй амьтны зэвүүн байдалд анхаараад өнөөх л хүний оршихуй, амьдрал утга учиргүй тухай улигт онолтойгоо холбочихсон байналээ. Харин ч Грогер Замзад хувь амьдрал нь эрээн бараан байсан байж болох ч бусдынхаа /аав ээж, дүү охин / ирээдүйд илүү гэрэл гэгээ бийд итгэх итгэл, ямар нэг хэмжээгээр өмнөө тавьсан зорилго байжээ. Даанч тэр бүхэн нь шүүмжлэгчдийн үзснээр нэг л өглөө балран унажээ.
Үнэндээ жинхэнэ утга учиртай эхлэл “тэр нэг өдрийн өглөөнөөс эхэлсэн” болохыг яагаад хэн ч ажиглахыг хүссэнгүй вэ? Грегор Замзагийн “хувирал” бол цоо шинэ эхлэл байсан юм. Ажил алба, мөнгө зоос, элдэв ядаргаатай бодлууд баяртай болов. Тэр одоо л жинхэнэ мөн чанараар нь “БЯСАЛГАЖ” эхэлжээ. Хүлээснээс “ЧӨЛӨӨЛӨГДӨЖ” эхэлжээ. Бусдын үзээд байгаа шиг муудаж доройтсон юм биш. Грогер Замза хувираад муудаж доройтсон утга санаатай үгүүлбэр зохиолд нэг ч байхгүй. Сэтгэл санааны хувьд цочролд орсон тухай ч тийм сүртэй өгүүлэмж үгүй.
“би яачих нь энэ вэ?” хэмээн Замза хирдхийн бодов. “ /Ф.Кафка” Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” 2016, 88, орч Ж. Тэгшзаяа / гэсэн ганцхан өгүүлбэр бий. Түүнээс өөрөөр яагаад ийм болж хувирсан тухай дахин хэзээ ч боддоггүй юм. Шаналах ч үгүй. Учир нь Замза өөрийгөө муу муухай, заваан амьтан болчихлоо гэж үзэхгүй байгаа юм. Сайн сайхан зүйл мөд болохыг мэдрээд байна. Мэдрэмж ер нь чухал шүү.
Дахиад л өнөө хорхой шавьж руугаа орьё. Нэгэнт л эхнээсээ зууралдснаас хойш. Миний тооцолсноор Замза хувираад 3 сар 3 хоножээ. Тэгээд л алга болчихно. Ердөө шүүрдээд хаях төдий хөвөнцөр л үлдээнэ. Г. Аюурзаны бичснээр бол”Кафкагийн баатар үхэж зовлонгоосоо ангижирснаар “Хувирал” төгсдөг. Гэрийн үйлчлэгч цох хорхойн хатаж хорчийсон үлдцийг шүүрдэн авч, хог руу хаяснаар гэрийнхний ч сэтгэл амарчээ./Г.Аюурзана” Кафкаг хүлээхүй, Бэккетэд хувирахуй” www. ayurzana.mn / гэсэн өчүүхэн зүйл Замзагаас үлдэж хоцорчээ. Яг л хүрэнцэр, эрвээхий болж хувирахад үлддэг зүйлтэй адил. Гэтэл хүрэнцэр эрвээхий болох хугацаа ойролцоогоор 3 сар байдаг ажээ. Нэг үгээр авгалдай 3 сар болоод эрвээхий болно. Замзагийн 3 сар 3 хоног болоод дахин хувирдагтай юутай адил гээч. Хувираад авгалдай ниснэ. Товчхондоо чөлөөлөгдөнө гэсэн үг. Миний төсөөллөөр Замза нисчихсэн угтаа чөлөөлөгдчихсөн шүү дээ. Түүнээс биш бусад шиг хүүр ч үлдээгээгүй.
Биологийн ухаанд “Шууд бус хөгжилтэй амьтдын хувьд авгалдайн шатнаас бие гүйцсэн амьтан болж хөгжихөд биеийн гадаад, дотоод бүтцэд гүнзгий хувиралт, өөрчлөлт гарахыг МЕТАМОРФОЗ /www.emaze.com/ гэдэг ажээ. Биологийн ухаанд шүү дээ. Санамсаргүй ийм адилхан ойлголт тохиолдоно гэдэг ховор л доо. Тэгэхээр “METAMORPHOSIS” биологийн шинжээрээ хувирч буй хүрэнцэрээс эрвээхий болох үзэгдлийг л нэрлэдэг болж таарна. Грегор Замзагийн хувирал, зохиолын нэршлийг бодохоор л жоом, баасны цох, манайхны нэрлэдэг “нуудгай” алин ч биш л санагдаад байгаа юм.
Бие нь яахав, ямар нэгэн шавьж мэт болжээ. Гол нь зохиолд Грегор Замза ямар толгойтой тухай нэг ч дүрслэл байхгүй. Түүний толгой л гаднах шинжээрээ хувирсангүй. Нотолгоо нь Замза хувирснаасаа хойш ч хүний л бодлуудыг хүний толгойгоор бодож байна. Сайн сайхныг бодож санахыг хичээнэ. Харин бодот байдалд нөхцөл байдал таатай зүйл бодож болох бүх боломжуудыг устгаж байна. Тиймээс Замза бүгдтэй эвлэрэхыг эхлээд оролдоно. Удалгүй энэ бүхнээс ангижрах хамгийн зөв зам, тэр бүгдийн тухай бодохгүй байх гэж санасан ч түүний хүслээр болохгүй байгаа нь Замзагийн жинхэнэ супер зөрчил.
Тэгэхээр юу болж хувирав. Хүн толгойтой эрвээхий болох “ТЭР НЭГ ӨДРӨӨ” хүлээж буй хүрэнцэр. Эртний Грекийн домгийн АРАХНА яагаад аалз болдог билээ. Манай Замза бол түүнээс огт ондоо хэв шинж. Овидийн “Metamorphoses” /Хувирал/-ээс Кафкагийн эргүүлж тавьсан “шинэчлэл” ЗАМЗА бол аалз АРАХНА биш ЗАМЗА бол ГЭГЭЭРЭЛД санаархагч ЭРВЭЭХИЙ юм. Зүгээр л ЭРВЭЭХИЙН ЭФФЕКТ төдий биш юм. Магадгүй Ричард Бахын “Левингстон цахлай” л ЗАМЗАД арай илүү дөхнө. АРАХНА бурхадын шийтгэлээр аалз болж хувирдаг бол манай ЗАМЗА яагаад хувирч байгаагаа ойлгодог. Учир нь түүний толгой хүнийх шүү дээ.
Ер нь хувирч өөрчлөгдөхгүй бол яагаад ч болохгүй болжээ. Судлаач Михайл Свердловын “ЗАМЗА ба КАФКА” гэдэг ижилсэл, аав хүү хоёрын харьцаанаас ургуулсан таамаглал зохиолд бараг үгүйсгэгдэнэ. Яахав, Альберт Камюгийн эсээндээ дурьдсан “Фауст, Дон Кихотын энэрэнгүй үзэл санаа Кафкагийн дүрүүдэд буй” гэсэн ажиглалт л Замзаг арай ойр тодорхойлсон явдал.
“Хөөрхий золгүйчүүдээс хорвоо ертөнц юу нэхдэг билээ тэр бүхнийг гүйцэлдүүлж буй мэт санана. Аав нь банкны шалихгүй ажилчдад өглөөний цай зөөх болж, ээж нь танихгүй хүмүүсийн дотуур хувцсыг тамираа бартал оёж, дүү нь үйлчлүүлэгчдийнхээ дуудсан аясаар лангууны араар урагш, хойш бөндөгнөн гүйнэ. /Ф.Кафка” Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” 2016, 88, орч Ж. Тэгшзаяа / гэж бодохоор л дараагийн хувиралд ЗАМЗА яарч байна. Хүнлэг энэрэнгүй шинж яах аргагүй байна. Тэгээд л мацаг барьж эхлэв. Яагаад...
Гэрийнхэндээ гомдоод тэгж байгаа юм биш. Аавынх нь шидсэн алим биенд нь шигтгэснээс ч тэгж байгаа юм биш. Гагцхүү өөрт нь ч, аав ээж, дүү охинд нь ч дараагийн шилжилт “амар амгаланд” хүргэхийг мэдээд яарч байна. Ингэж таамаглах нь цөөнгүй хэсгүүдээр батлагдана. Түүнээс бус айдас хүйдэст хэн яарах билээ. Үхэлд ч гэсэндээ яарсан гэж үзвэл учир дутагдалтай. Жон Сатерланд “Уран зохиолын товч түүх”/2016/ -дээ Франц Кафкагийн хэлсэн ийм афоризмийг жишээ татсан байдаг.
“ Аливаа зүйлийг ойлгож эхэлж буйгийн эхний шинж бол үхэхийг хүсэх явдал” гэжээ. Гэтэл Замза амиа хорлоогүй. Түүнд тийм бодол нэг ч удаа төрж байгаагүй. Магадгүй үхэхийг хүссэн байх, гэхдээ тийм үйлдэл огт хийгээгүй. Замзагийн бие биологийн болоод байгалийн замаар “хувирч” байгаа ч оюун санаа нь улам саруул, улам цээл болж буйг юу гэж тайлбарлах вэ? Энэ бол одоо болоод ирээдүй нь асуулт.
“Нэг сэртэл цонхны цаана үүр гийж байлаа. Толгой нь алгуурхан сулбайн унжсаар Грогер эцсийн амьсгалаа татав. /Ф.Кафка” Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” 2016, 147, орч Ж. Тэгшзаяа / хэмээх зохиолын хэсгээс түүнийг “эцсийн амьсгалаа татаад хэсэгхэн хугацааны дараа “ эхний амьсгалаа авсан” гэдэгт итгэх л “newargument” цаг үеийн бидэнд хамгийн чухал.
Хэрэв анзаарвал олонх шүүмжлэгчид, Оросын Илья Эринбургээс авахуулаад Кафка бол “хүн төрөлхтөний өмнө тулж ирээд байсан цуст фашизмыг ЗӨГНӨГЧ” зэргээр тодорхойлсон тухай Ч.Билигсайхан багш бичсэн буй. Түүний “Франц Кафка “ өгүүлэлд бичсэн “ Америкийн шүүмжлэгч Эрик Бентлин түүнийг “сюреализмын эцэг”, гэсэн бол Ж.Леман “ ХХ зууны Английн романд хамгийн их нөлөөлсөн хүн”, Германы судлаач Ханс Майер “Кафка дэлхийн II дайны өмнөх болоод хойтох үеийн хүмүүсийн сэтгэл санааны ертөнцийг суутаар урьдчилан харж чадсан/ прокрок / зөнч... /Ч.Билигсайхан “ Бичгийн мэргэдийн билгүүн товчоон “ 200, 300 / зэргээс “хуурай” өргөмжлөлийн цаана “нойтон” мэдрэмжүүд дандаа орхигддогийг анзаарч болно.
Чухам манай дорно дахинд сартваахуудыг гэгээрэлд хүрэх агшинд эрвээхий дэргэдүүр нь эргэлдэн нисдэгийн учрыг В.Набаков, Макс Фрай, Наталья Сарротод маргааш ойлгуулах гэж өнөөдөр бид нар амьдарч яваа юм.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна