Нэгдүгээр сургуульд 41 хүүхэд авах цохолтыг яамны албан тушаалтнууд хийжээ

2018/09/25
АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоог бодитой гарган, харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоонд тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлж ажиллах зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжийн биелэлттэй танилцахаар нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцсан байна. Учир нь төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас элсэлтийн бүртгэл,  хамран сургах тойргийн маргаантай холбоотой гомдол, мэдээллийг олноор нь АТГ-д ирүүлжээ.

Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалах өрхийн бүртгэлд хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс  БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байжээ.

Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэлд 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана гэж АТГ-аас мэдэгдэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна