Ухаалаг утсыг сургуулийн орчимд бүрэн хориглож чадаагүй байна

2018/10/03
ШИЙДВЭР ГАРГАХДАА ХҮҮХДҮҮДИЙН САНАЛЫГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ГЭВ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хичээлийн цагаар гар утас ашиглахыг хориглох тушаал гаргасан нь 2016 оны аравдугаар сар. Тухайн үед олон нийт үүнийг зөв зүйтэй шийдэл хэмээн сайшааж байсан ч нэг их өргөн хүрээг хамарч чадалгүй тэгсгээд замхарсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн сарын эхээр хуралдахдаа сургуулийн орчимд ухаалаг гар утас хэрэглэхийг бүрэн хориглосон юм.
Шийдвэр хэрэгжиж эхлэсэн хугацаа нь аравдугаар сарын 1

Хүүхдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой шийдвэр.

Харин Засгийн газрын тогтоол бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг сонирхохоор хотын төвд байрлах 45 болон 1 дүгээр сургуулийг зорилоо.

45-р сургууль өмнө нь хичээлийн цагаар утас ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бол өдгөө бүр хоригложээ. Тус сургуулийн 4в ангийн багш Д.Отгонжаргал “Манай ангид ухаалаг утас хэрэглэдэг хүүхэд олон байсан. Гэхдээ хичээл орох үед хурааж аваад тарахад нь буцааж өгдөг юм.

Өнөөдрөөс шинэ тушаал хэрэгжиж эхэлсэн болохоор ухаалаг гар утсыг бүрмөсөн хориглосон. Эцэг, эхчүүд ч дэмжиж байгаа. Ер нь сургууль дээр ухаалаг гар утас хэрэглэх яаж ч бодсон дэмий л дээ. Хүүхдүүд байсхийгээд л утсаараа оролдох гээд байдаг юм. Энэ хэрээр анхаарал нь сарнидаг” хэмээн ярив.

Биднийг очиход хичээлийн завсарлагаа таарав. Сургууль дотуур хэсэгхэн явахад ухаалаг утас барьсан хүүхэд байсхийгээд л таарч байв. Гэхдээ тэд багш нарыг хараад түүнийгээ нуухаа сайн мэднэ. Эндээс харвал хичээлийн үеэр ухаалаг утасны хэрэглээг хориглож чадсан ч завсарлагын үеэр юм уу, хичээлийн дараа гүйцэд хяналт тавьж чаддаггүй нь илт.

Бага анги хариуцсан нийгмийн ажилтан Ч.Мөнхтулга “Дээрээс ирсэн тушаалын дагуу ухаалаг утас хэрэглэхийг бүрэн хориглож байгаа. Үүнд тухайн ангид орж байгаа багш болон нийгмийн ажилтан хяналт тавина. Ер нь гар утаснаас үүдэлтэй хэрэг зөрчил сургуулийн орчинд гарах нь бий. Манай сургуульд гэхэд нэг хүүхэд гадаа тоглож байгаад утсаа мартаад явчихсан. Үүнийг нь өөр нэг хүүхэд олоод өөртөө авчихаж. Утсаа алдсан хүүхдийн эцэг эх нь ирээд нэлээд хэл ам хийсэн удаатай” хэмээн ярив.

Сургуулийн зүгээс хүүхдүүд ухаалаг утас хэрэглэсэн тохиолдолд эхний ээлжинд эцэг, эхэд нь сануулах арга хэмжээ авдаг аж.

Харин дараагийн удаад тухайн улирлын хичээл дуустал гар утсыг нь хураадаг байна. Гэхдээ эцэг эхчүүд үүнийг эсэргүүцэж, маргаан үүсгэдэг аж.

Тус сургуулийн 11-р ангид суралцдаг хоёр хүүтэй цөөн хором ярилцлаа.

-Танай ангид ухаалаг гар утастай хэчнээн хүүхэд байдаг вэ?
-Ер нь бүгд л ухаалаг утастай. Өнөөдөр л гэхэд ихэнх нь утастайгаа ирсэн байна билээ. Багш нар хориглодог ч зайлшгүй хэрэглэх тохиолдол гардаг юм.

-Тухайлбал ямар тохиолдол байна вэ?
-Математикийн хичээлийн тоог тооны машинаар бодохоос өөр аргагүй. Гэхдээ энгийн Nokia-гийн тооны машинаар бодож болдоггүй юм. Бас зарим хичээл дээр ном хүрэлцдэггүй. Хүүхдүүд нэгнийхээ номноос утсаараа зургийг нь аваад хичээлдээ хэрэглэдэг. Англи хэлний хичээл дээр мэдэхгүй үгээ харах зэргээр ухаалаг утас байнга хэрэг болдог.

-Үнэтэй утас барьснаасаа болж дээрэмдүүлэх, хулгайд алдах тохиолдол гардаг уу?
-Дээрэмдүүлэх нь ч гайгүй. Харин хүүхдүүд утсаа байнга хулгайд алддаг. Ихэвчлэн автобусанд суйлуулчихдаг юм. Бас цайны газар, бие засах газарт утсаа мартаад орхисон хүүхэд олон. Эргээд ирэхэд нь алга болчихсон байдаг.

СУРГУУЛЬ ДОТУУР ЯВАХАД УХААЛАГ УТАС БАРЬСАН ХҮҮХЭД ОЛОН ТААРЧ БАЙВ

Бид дараа нь улсын тэргүүний 1 дүгээр сургуулийг зорилоо. Зарим анги тарж, зарим нь зөрөөд орж байгаа учраас сургуулийн хашаан дотор хөл хөдөлгөөн ихтэй байна.

Тус сургууль 2016 онд сайдын тушаал гарснаас хойш утасны хэрэглээг тодорхой хэмжээгээр хориглосон гэж бага боловсрол хариуцсан нийгмийн ажилтан Г.Одонгуа хэлэв. Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд болон ямар нэг эрсдэлээс хамгаалах зорилготой энэ журмыг мөрдөж байгаа.

Хичээлийн цагаар утсаа унтраачихаад тараад ярьж болно.

Гэхдээ бага насны хүүхэд утсаар ярьж байгаад эрсдэлд орвол хэн хариуцах вэ. Тийм учраас 1-5-р анги буюу арав хүртэлх насны хүүхэд ухаалаг утас барихыг бүрэн хориглосон. Сургуулийн удирдлагын зүгээс бүх эцэг эхэд журмаа танилцуулсан.

Одоогоор ухаалаг утас хэрэглэсэн зөрчил гараагүй байна. Хэрэв гарвал журмын дагуу анги удирдсан багш нь хураан авч, дараагийн арга хэмжээ буюу эцэг, эхийг нь дуудаж уулзан сануулга өгдөг.

Манай сургууль 1-5-р ангийн 28 бүлэгтэй. Би 10 бүлгийнх нь эцэг эхтэй өөрийн биеэр уулзсан. Нийтдээ 1000 орчим эцэг, эхтэй уулзахад нэг л хүн энэ журмыг эсэргүүцсэн. хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ажил их байсан болохоор хяналт бага зэрэг алдагдсан байж магадгүй. Энэ долоо хоногт бүрэн жигдрүүлэх болно” хэмээн ярив. Шинэ журмын хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг сурагч хүүхдүүд хамгийн үнэнчээр хэлдэг. 

Тиймээс 12-р ангийн нэгэн хүүтэй ярьж үзэв. Тэрбээр “Ухаалаг утас барихыг хориглосныг хүн болгон л мэдэж байгаа. Гэхдээ хүүхдүүд нэг их тоодоггүй юм. Манай ангийнхны тал нь ухаалаг утастай. Зарим хичээлийн ном олддогүй болохоор утсаараа зургийг нь авч ашиглахаас өөр аргагүй. Мөн гадаад хэлний хичээлд утасны толь байнга ашигладаг” гэж өнөөх хүү ярилаа.

Мөн тэрбээр “Бид ямар жаахан хүүхэд биш, хичээл дээр утсаараа тоглоно гэж юу байхав дээ. Яах аргагүй хичээлийн зорилгоор л ашигладаг юм. Шийдвэр гаргахдаа хүүхдүүдийн саналыг сонсох хэрэгтэй байсан гэж бодож байна” гэсэн юм.

Хотын төв хэсгийн хоёр том сургуулиар ороход байдал иймэрхүү байна. Ер нь ихэнх сургуулийн дүр зураг үүнээс нэг их зөрөхгүй болов уу. Сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс бага, дунд ангийнхны утасны хэрэглээг тодорхой хэмжээгээр хянаж чаджээ. Харин ахлах ангийнхан шинэ журмыг тоож байгаа янз алга. Нэг талаар зайлшгүй хэрэглээ болсныг ч үгүйсгэх аргагүй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна