Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон БНХАУ-ын Beijing Forestry их сургуулийн судлаачдын баг хамтран Монгол орны төв болон зүүн бүсийн ховор шувуудын үржлийн популяцийн мониторинг, нүүдлийн судалгааг хийж тэдгээрийг хамгаалахад шаардлагатай шинжлэх ухааны мэдээ материалыг цуглуулжээ. Судалгааны хүрээнд ховордож буй зургаан төрлийн шувуунд сансрын дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандаж байгаа ажээ.
Тухайлбал, хар тогоруу манай оронд үрждэггүй, нүүдлийн үедээ л гол төлөв тохиолддог боловч зарим жил зусдаг юм байна. Энэ зүйлийн тогорууны Монгол дахь нүүдлийн анхны судалгааг өнгөрсөн тавдугаар сараас Улз голоос эхлүүлжээ. Судалгааны дүнгээс харахад хар тогоруу Монгол нутгаас зүүн хойш ОХУ-ын нутаг дахь Тарь нуур хүрч тэндээсээ Онон мөрний сав газраар дамжин зүүн хойш эргэн ой хөвчийн бүсээр Амар мөрний сав газрыг даган БНХАУ-ын зүүн хойт хэсэгт хүрдэг нь тогтоогдсон байна.
Хархираа тогоруу Хэрлэн, Улз голоос нисч Буйр нуурыг даван Халхын голын сав газарт саатаад Хянганы нурууг даван БНХАУ-ын зүүн хойт нутагт очдог байна. Харин цэн тогоруу Хэрлэн, Улз голоос чанх урагш нисч БНХАУ-ын нутаг дахь Поянг нууранд очдогийг сансрын дамжуулагчийн тусламжтайгаар тогтоожээ. Яг одоо хийж байгаа судалгаагаар Улз голоос ниссэн хонин тоодог Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт саатаад урагшаа нүүдэллэн Өвөрмонголын нутагт хүрээд байгаа аж. Мөн манай орны төвийн бүсээс ниссэн өвөгт тогоруунууд Хималайн уулс хүрч хойт бэлд нь түр саатаад байгааг тогтоосон байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Угтамын байгалийн нөөц газраас ниссэн идлэг шонхор наймдугаар сард нүүдлээ эхлэн богино хугацаанд Өвөрмонголын нутаг хүрч тэндээсээ эргэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт ирж хэсэг саатаад буцаж Өвөрмонголын нутагт очоод байгаа аж. Энэ мэтээр нүүдлийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандан судалж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна