Монголын үндэсний бөхийн холбооны намрын нээлтийн барилдаан өмнөх жилүүдээс нилээд хожуу буюу 10 дугаар сарын 6-нд “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа. Зохион байгуулагчдыг төлөөлж Улсын гарди Б.Доржсамбуу, заан Ц.Магалжав нар ирсэн нь талцсан талуудын аль нь энэхүү барилдааныг зохион байгуулж байгааг илтгэж байсан. Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглолоо.
Намрын нээлтийн барилдаан сондгойрч, шөвгийн 3-т Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд болон Улсын харцага Б.Бат-Өлзий нар үлдсэн юм. Улмаар Улсын арслан Э.Оюунболд, харцага Б.Бат-Өлзий нар уран мэхийг уралдуулан барилдаж, харцага Б.Бат-Өлзий давсан бол, барилдааны түрүүг Улсын аварга П.Бүрэнтөгс авлаа.
Хоёр бөхийн холбоотой болж, бөхийн өргөөний төлөөх тэмцэл ид өрнөж байгаа үед бөхийн хүчтэнүүдийн хүч шавхсан барилдаан цөөн үзэгчтэй, бөхчүүдээ бүрэн хамруулж чадаагүй, төдийлөн сонирхолтой бус болж байгаа нь харамсалтай. Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх тэмцлийн золиосонд Монгол бөхчүүдийн нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа нь ч нууц биш болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна