ОХУ нисэх онгоцны буудлуудаа алдартнуудын нэрэмжит болгоно

2018/12/06
ОХУ “Оросын агуу нэрс” төслийн хүрээнд нэгэн сонирхолтой санал асуулгыг улс орон даяар явуулжээ. Санал асуулгаар хамгийн их санал авсан түүхэн хүмүүсийн нэрээр нийт 42 нисэх онгоцны буудлын нэрийг сольж өөрчлөхөөр болсон байна. Оросын үндэсний "Россия 1" сувгийн “60 хором” нэвтрүүлгийн үеэр санал асуулгын дүнг зарласан бөгөөд ихэнх хүмүүс Оросын үе үеийн алдартай хаад, эрдэмтэд, зураач, яруу найрагчид, урлаг соёлын алдартнуудын нэрсийг санал болгожээ.

Ингээд хамгийн их санал авсан нэрсийг шалгаруулж дүгнээд, Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудлыг нэрт яруу найрагч Александр Пушкины нэрэмжит болгох бол Домодедово нисэх буудал нэрт эрдэмтэн Михаил Ломоносовын нэрээр овоглохоор болжээ. Пушкины нэр дээр 40 мянган хүний санал ирсэн бол Ломоносовын нэр дээр 188 мянган санал ирсэн аж.

Оросын эзэн хаан I Петрийн нэрээр Воронеж хотын нисэх онгоцны буудлыг нэрлэх бол Калининградын нисэх буудлыг Хатан хаан Елизабетын нэрэмжит болгоно. Харин Краснодарын нисэх буудлыг Хатан хаан II Екатеринагийн нэрээр нэрлэхээр болжээ. Хаадын нэрэмжит болох бас нэг нисэх буудал бол II Николайн нэрээр нэрлэх Мурманскийн буудал юм.

Симферополийн нисэх буудлыг зураач Иван Айвазовскийн нэрэмжит болгохоор болжээ. Мөн алдарт дуучин Дмитрий Хворостовскийн нэрийг Красноярскийн нисэх онгоцны буудалд мөнхөлнө. Казань хотын нисэх онгоцны буудал татар үндэстний яруу найрагч Габдулла Тукайн нэрэмжит болно. Яруу найрагчдын нэрэмжит болох буудлуудын нэг бол Уфа хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудлыг Мустай Каримын нэрэмжит болгох аж.

Үлдсэн нисэх буудлуудын нэрийг хоёрдугаар шатны санал асуулгаар тодруулах ба арванхоёрдугаар сарын 10-21-ны хооронд болох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна