Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд барилдаж байгаа Таканоива туслах бөхөө зодож, гэмтэл учруулсан хэрэгт орсон талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээлсэн билээ. Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн хэрэгт холбогдсон. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдоод холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ. Хохирогч Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж, дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна. Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийднэ, маш хатуу шийтгэл онооно гэдгээ Шибатаяма ояката сэтгүүлчдэд хэлсэн юм.
Харин Таканоива холбооны шийтгэлийг хүлээлгүй зодог тайлах гэж байгаа талаар Японы хэвлэл өнөөдрөөс мэдээллэж эхэллээ. Чиганоүра дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн "Таканоива хариуцлага хүлээж, зодог тайлах бодолтой байгаа" гэж ярьсан байна.
Таканоива өнөөдөр зодог тайлахаа зарлана гээд Чиганоүра дэвжээний гадна хэвлэлийнхэн цуглан хүлээж байгаа гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна