Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан уралдааны ялагчид тодорлоо

2018/12/10

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн “Оошима” дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан зургаан монгол залууг сонгож байжээ. Тухайн үед энэхүү шалгаруулалтаас Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Н.Цэвэгням, Б.Энхбат нар шалгарч Японы нийслэл Токио хотыг зорьж байсан түүхтэй. Ингэж монголчууд сүмо хэмээх шинэ спортын түүхийн замнал эхлэлээ тавьж байсан байна.

Монголын сүмо бөхийн холбоо нь түүхэн 25 жилийн хугацаанд 20 гаруй залуусыг мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгчээ. Эдгээр залуусаас сүмогийн их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгааг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр онцлон хэлж байв. Тэрбээр “Бөхийн орон монголчууд 1992 онд болсон сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Япон, АНУ-ын багийн араас гуравдугаар байрт орж байсан түүхтэй. Тухайн үеийн багш, дасгалжуулагчид, спортын мэргэжилтнүүд нэгдсэн бодлого, системтэйгээр бэлтгэх нь зүйтэй гэж үзсэнээр 1993 онд Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдах анхны суурь тавигдсан. Монголын сүмочид олон амжилтаараа дэлхийд танигдаж байна. Одоогоор Монгол улсын есөн сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар ойгоо угтаж байна” гэсэн юм.

Ойн арга хэмжээний хүрээнд чансаа өндөр 64 бөх өчигдөр барилдаж Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэсэн юм.

Мөн “Сүмо 25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сүмо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээлийг өнөөдөр шалгаруулалаа. “Сүмо 25” хүүхдийн гар зургийн уралдаанд Х.Хүслэн 1-р байр эзэлж Япон улсад аялан Дисней лэнд үзэх эрхээр шагнагдсан юм. Х.Хүслэн хүү энэхүү зургаараа Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьжээ. Мөн анхлан Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргаж олон Монголчуудыг араасаа дагуулаагүй байсан бол өнөөдөр манай бөхчүүд ингэж аварга болж чадахгүй байсан гэдгийг илэрхийлж гаргасан байна.

“Сүмо 25” хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлээс… 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна