Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд зохион байгууллаа.
Тус уралдааныг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хороолол хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо“ ТББ, “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ, “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ, “Улаанбаатар Смарт карт” ХХК-уудын төлөөллүүд хамтран дүгнэсэн юм.
Тус уралдааны дүнгийн хурал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Улаанбаатар чуулга”-д зохион байгуулж салбарын шилдгүүдээ шалгарууллаа.
Уг уралдааны тэргүүн байрыг “Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ, II байрыг “Сутайн буянт” ХХК, III байрыг “Мяралзаа” ХХК, Тусгай байрыг “Эс Энд Эй” ХХК, “Эрдэм транс” ХХК тус тус эзэлсэн юм.
Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “ВИП такси сервис” ХХК Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа.
Мөн тус дүнгийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа 3 жолооч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 жолооч, “Хүндэт тэмдэг”-ээр 1 жолооч, Зам, тээврийн хөгжлийн яамны “Онц тээвэрчин” цол тэмдэгээр 1 жолоочийг тус тус шагнасан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна