ОХУ-ын тамирчин, биатлоны спортын гялалзсан оддын нэг Антон Шипулин зодог тайлж байгаагаа өнөөдөр зарлалаа.
Тэрбээр 2009 онд Дэлхийн Цомын тэмцээн дээр анх ОХУ-ын шигшээ багт орж, замналынхаа турш хувийн 11 алтан медаль хүртсэн тамирчин билээ. Дэлхийн Цомоос тэр нийт 43 медальтай (11-13-19). 4 улирал Антон Шилдэг 3 тамирчны тоонд багтаж байсан (2017/18 – 3 байр, 2016/17 – 2 байр, 2015/16 – 3 байр, 2014/15 – 2 байр).
Шипулин "Сочи 2014" олимпийн наадмын буухиа төрөлд аварга болсон. 2010 онд Ванкуверт мөн энэ төрөлд хүрэл медаль хүртэж байлаа. ДАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан. Өнгөрсөн 2017 онд Хохфильценд болсон ДАШТ-ий буухиад Шипулин ОХУ-ын шигшээ багтай алтан медаль авсан билээ.
Мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Антон "Энэ сарын 29-нд Гельзенкирхенд болох Зул сарын уралдаан миний замналын хамгийн сүүлийн уралдаан байх болно. Энэ хүнд шийдвэрийг гаргахад хэд хэдэн шалтгаан байлаа. Өнгөрсөн жил биднийг олимпод оруулаагүй нь хамгийн том шалтгааны нэг. Манай баг формтой, маш сайн бэлтгэлтэй байлаа. Хэцүү байсан ч амарч, эмчлүүлж дуусаад би дахин уралдахаар шийдсэн. Гэвч Австрийн Цагдаагийн газраас биднийг сэргээш хэрэглэсэн гэж буруутгаж, шалгаж эхэлсэн. Дахиад ч ийм шалгалтууд ирнэ гэдгийг би ойлгосон. Би 3 хоног өрөөнөөс гаралгүй, хэвтэж, зодог тайлахын сайн, муу талыг ялган бичиж үзлээ. Харамсалтай нь 4 хоногийн дараа зодог тайлах нь дээр гэж 90 хувь мэдэрсэн. Эрүүл мэндийн асуудал ч байгаа" гэж хэллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна