Онцгой байдлын алба нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын авто тээврийн товчооны “Сансар” худалдаа үйлчилгээний төвийн хажууд иргэн У-гийн эзэмшлийн “Анун” төвийн барилгын төвд үүрээр буюу 04:55 цагт гал гарчээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтайгаар 11 км зам туулан 05:04 цагт очин ажилласан байна.
Түүнчлэн нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 12 алба хаагч, 4 автомашинтай гарчээ.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Дуудлагын дагуу ээлжийн гурван тасгийн нийт 27 алба хаагч ажиллаж, галыг хоёр цаг 30 минутын хугацаанд бүрэн унтраасан. Мөн ойролцоо байрлах аж ахуйн нэгжүүд болон арваад автомашиныг болзошгүй аюулаас авран хамгааллаа. Гал түймрийн улмаас гэмтэж бэртсэн иргэн байхгүй" гэжээ.
Одоогоор галын шалтгааныг тодорхойгүй байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна