2009 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Рафаэль Надалийг оны эхний их дуулгын түрүүг авах хамгийн өндөр магадлалтай теннисчнээр мэргэжилтнүүд нэрлэж байгаа билээ. Өнгөрсөн жил 5 тэмцээний түрүү өргөөд байсан Испани эр 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын шатанд Америк теннисчин Францис Тиафеотой оноолт таарч, 6-3 6-4 6-2 харьцаагаар хожсон байна. Дэлхийн чансааны 38-т эрэмбэтэй Америк залуугийн хувьд шөвгийн наймд шалгарснаар их дуулгын хамгийн өндөр амжилтаа гаргалаа. Өнгөрсөн жил Рафаэль Надаль өнгөтэй байж, шар тивийн тэмцээний шөвгийн наймд шалгарсан ч, Марин Чиличтэй хийсэн тулааны 5 дахь сетед гэмтлээ сэдрээж байсан юм. Маш том боломжийг олж авсан Хорват залуу шигшээд шалгарсан ч, Швейцарь Маестро Рожер Федерерийг дийлээгүй юм. Тэгвэл энэ удаад Рафаэль Надаль цомын дайралтаа хийх том боломж байна. Испани теннисчин хагас шигшээд Грек теннисчин Стефанос Циципастай оноолт таарчээ. 20 настай дэлхийн чансааны 15-т эрэмбэтэй Грек залуу шөвгийн наймд Испани теннисчин Роберто Баутиста Агутын эсрэг тоглож, 4 сетед буулган авсан байна. Рафаэль Надаль Грек залуутай өнгөрсөн онд Канадын нээлттэй тэмцээний шигшээд өрсөлдөж, 6-2 7-6 харьцаагаар ялалт байгуулж байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна