13 настай охиныг хөнөөсөн гэмт этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Уг хурал өнөөдрийн 11 дэх хурлаар товлогджээ.
2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан. Хэрэг гарснаас хойш нэг жил гурван сарын дараа дээрх хэрэгт сэжигтнээр татагдаад байсан хоёр этгээдийг буруутай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон.
Тодруулбал шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг хэргийн шүүх хурал энэ сарын 14-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр тухайн үед “Б.Жавхлангийн хоёр өмгөөлөгчийг шалтгаангүйгээр ирээгүй тул эхний удаад сануулга өгч хойшлууллаа. Өмгөөлөгч О.Цэрэнпунцаг өмнө нь шалтгаангүйгээр гурван удаа шүүх хурлыг хойшлуулж байсан. Энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгуулсан юм байна. Тиймээс дахин торгох нь тухайн хүний эрхзүйн байдлыг дордуулах учраас энэ удаад торголгүй өнгөрөөж, дараагийн удаад дахин ийм байдал гаргавал торгоно гэж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна