Г.Эрдэнэбат: Төрдөө зүтгэсний төлөө нуруугаа авхуулж байна, би хариуцлага хүлээхэд бэлэн

2019/04/02

С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбатын "Ардчилал таймс" сонинд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 
Би хуулийг алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. 

Намайг үйл ажиллагаатай танилцахаар очиход нэг камерт нэг хэргийн яллагдагч нарыг хорьчихсон байсан. Ингэж болохгүй одоо боль гэсэн. Ингээд больчихлоо гэсэн. Гэхдээ би нэг зүйл дээр алдсан. Маш их сонор сэрэмжтэй байж ийм алдаа гаргуулахгүй байх минь яав гэж.

Гүйцэтгэх ажил яаж явдгийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Энэ гүйцэтгэх ажилд манай нууц ажилтан яваа. Энэ хүнээ бид нууцална.

2017 оны шинэ хуулиар гүйцэтгэх ажил үзэх прокурорын эрх нэмэгдээд ирсэн. Ингээд 2018 оны 12 сард энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Хүч хэрэглэж хүн шалгасан асуудал байж болзошгүй гэж. Шалгалтыг хийсэн. Ингэж Ц.Нямдорж сайдын гаргаад байгаа бичлэг илэрсэн юм. Сайдын илрүүлсэн зүйл биш, хуулийн байгууллага илрүүлээд мөрдөөд явж байгаа зүйл.

Би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Тэр өөрийн чинь үзсэн гээд байгаа бичлэг дээр гарч байгаа үйлдлүүдийг зөв гэж өмөөрөхгүй. Энэ бол алдаа гарсан уу гэвэл гарсан.

Хууль зүйн сайд мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үзэх, харах эрх байхгүй, хуулиараа. Хуулиа мэддэг хүн бол мэдэх ёстой л зүйл.

Энэ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож, том улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа нь маш аюултай.

Мөрдөн шалгах ажиллагаанд буруу бохир зүйлүүд байгаа нь үнэн. Ний нуугүй хэлэхэд энэ хүрээний бузрыг дэлгэвэл далай болно. Яривал энэ нас хүрэхгүй гэдэг шиг. Үүнийг засах гэж янз бүрийн аргаар, бага багаар өөрчлөлт оруулж эрх зүйн орчноо дээрдүүлэх гэж явж л байна.

Д.Энхбатыг тамлаад хуруу гарыг нь хугалаад эцэст нь үхүүлсэн энэ чинь оргүй худлаа зүйл биш. Өөр өчнөөн олон асуудал байдаг. 

Намайг хянаж чадаагүй, зохион байгуулсан гэж гүтгэж хариуцлага хүлээлгэвэл тэр л биз. Бүх юм хуулийн хэм хэмжээнд хуулийн дагуу л явах ёстой. Би яах вэ яллагдаад үлддэг л юм байгаа биз. Гэтэл хамгийн хэцүү зүйл нь энэ арга барилаар ажилладаг нь бусад хэрэг дээр үлдэнэ.

Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурорын ажлыг Ц.Нямдорж сайд шийдээд байх шиг байна.

Хүмүүс хэргийг мөрдөн шалгахдаа зарим тохиолдолд ийм болхи бүдүүлэг арга хэрэглэдгийг мэдлээ, харлаа. Бас гүйцэтгэх ажил яаж явуулдаг, түүнийг нь прокурор бүрэн дүүрэн хянаж болдоггүйг ч мэдлээ. Үүнийг Монголын нийгэм арай мартахгүй байлгүй дээ. Одоо үүнийгээ зас гээд шаардах байлгүй. 

Гуравдугаар сарын 15-нд миний удирдлагаар ажилласан хоёр хүнийг барьж хорьсон юм байна. Би тэр хоёрт ингэж мөрдөх ажиллагаа явуул гэж заагаад өөрөө өөрийгөө хэрэгт хийсэн болоод таарлаа. Энэ ажлыг Ц.Нямдорж сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу барьж хориогүй. Хэргийг шалгасан мөрдөн байцаах, прокурорын саналын дагуу шүүх хорьсон. Гэтэл энэ хэргийг Ц.Нямдорж гэдэг хүн илрүүлсэн болоод явчихлаа.

С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа.
 
Б.Содномдаржаа харин өөрөө мэдүүлэг өгөхөөр уг хэрэгт холбогдолтой гэж ойлгогдохуйцаар баталж ярьдаг. Зөвхөн хэрэгт байдаг тэр нарийн ширийн зүйлсийг хаанаас олж мэдэж ярьсан юм бол гэдгийг огт сонирхохгүй байх шиг байгаа юм.

Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай нэг камерт байснаас хойш тав хоногийн дараа би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна гэж бичиж өгсөн байдаг. Үүний дагуу мөрдөн байцаагч байцаалт авсан. Тэрээр хэрэг хийсэн тухайгаа ярихдаа бид захаас гутлын үдээс авсан. Түүгээрээ Б.Булганыг хүлсэн гэж мэдүүлэг өгсөн. 

С.Зоригийн хэргийг илрүүлсэн бүх баримт нотолгоог устгаад зохиомлоор хэрэг үүсгэсэн гэж үзээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт хэлмэгдсэн гээд цагаатгаад хаах гэж байгаа юм байна. 

С.Зоригийн хэргээс болж, төрдөө зүтгэсний төлөө бүгд нуруугаа авхуулж байна.

Энэ хэрэг захилагат гэдэг нь тодорхой л доо, хэн ч үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ би одоо үргэлжилж байгаа мөрдөлтийн нууцыг задлах эрх алга даа. Одоо ийм үед бүүр хэцүү. Дайран дээр давс нэмнэ.
 
Ц.Амгаланбаатар дандаа худал ярьж хэргийг будлиулах гэж оролддог хүн. Их өөр өөр юм ярина. Ц.Амгаланбаатарын мэдээллээр шалгалт хийж Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг олсон. Гэхдээ Б.Содномдаржаа өөр зүйлээр хэргээ нотолсон хүн. 

Захиалагчийг шалгах ажлын хэсэг зарим хүмүүст маш аюултай байгаад байна л даа, тэгээд саад болж эхэллээ. Ц.Нямдорж сайд улаан цайм хууль бус үйлдэл хийж зөрчөөд зохиомол хэрэг гээд хэлчихлээ. 

Ц.Нямдорж сайд юм л бол над дээр хэрэг нээдэг гэх юм. Баримт нотолгоо гараад ирэхээр хэрэг нээхгүй тэгээд яах юм. Нууц задарсан. Би дур гутаад байж байна.

Энэ хэрэг дээр Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр мэдсээр байж нуусан, дарсан заавар өгсөн зүйл байхгүй.

Би одоо ч итгэл арилаагүй. Энэ гурван хүн үйлдсэн нь тодорхой бүх баримт бүх зүйлээр нотлогдчихоод байна. Харин алдаа завхрал байсан уу гэвэл байж.

Би энэ хэрэг дээр хэрэндээ хичээсэн. Гэхдээ төрд гомдох гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ эрх мэдлийн тулааны золиос болмооргүй байна.

Энэ төрд чинь үүргээ биелүүлснийхээ төлөө буруудаад, хэн нэгний золиос болоод байвал хэн ажиллах юм. Үүнд нь харамсаж байна. Эрх мэдлийн тулаан дунд иргэд төдийгүй хэдэн хуулийн нөхөд чирэгдэж байх шиг байна.

Ц.Амгаланбаатар гэгч ялтан онц ноцтой гэмт хэрэгтэн. Ц. Амгаланбаатарт их урт хэргийн түүх байдаг. Таксины жолооч алсан хэргээр шоронд ороод дан шоронгоор явж байгаа хүн. Нарийн яривал гэмт хэргийн түүх нь бүүр 14 наснаасаа эхэлнэ.

Телевизээр Б. Содномдаржаагийн эхнэр ярилцлага өгсөн байдаг юм. Ц.Амгаланбаатар хэзээнээс Б.Содномдаржааг дарамталж мессэж бичиж эхэлсэн бэ гээд асуутал бүр 2004 оноос л Б. Содномдаржаад мессеж ирээд түүнийгээ нуугаад, шалгаад үзсэн чинь Ц.Амгаланбаатар баахан заналхийлсэн байсан талаар ярьдаг. Бид 2013 онд хэрэг илрүүлэх үед л эхнэр нь 2004 онд ингэсэн гэж ярьдаг. 

Б.Содномдаржаа гэнэ алдаж алсан туайгаа яриад, Т.Чимгээ гэнэ алдаж итгэсэн хүнд хэргээ ярьсан. Т.Чимгээ би их том хэрэг хийсэн гэтэл тэр хэргийг мэддэг хүн намайг дарамтлаад байна одоо би яах вэ гэж. Тэгээд чи томдоо юу хийсэн юм гэж асуухаар их том зүйлээ гэдэг. Тэгээд энэ муу одоо намайг дарамтлаад байх юм үүнийг тэнд нь цааш харуулчихдаг арга байна уу. Чамд танил их байдаг биз дээ надад туслаач гэсэн байдаг. 

Т. Чимгээгийн хашаанд хэнийх нь үл мэдэгдэх цогцос хаясан байсан уу гэвэл байсан. Хэн болохыг тогтоох аргагүй хээрээс шарилын газраас олж ирээд шидсэн байсан. Үнэн үү гэвэл үнэн. Ямар зорилгоор яаж хаясныг мэдэхгүй байна. 

Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарын явуулсан мессэжийг яриад байгаа юм. Бидэнд үзүүлснээр Б.Содномдаржаагийн явуулсан мессэжүүд бас байдаг. 

Б.Булган энэ гурван ялтанг биш гэдэг. Эхлээд зургийг нь үзүүлэхээр энэ ч юм уу гэж заадаг Б.Содномдаржааг. Тэгээд мөрдөн байцаагчид нь ямар итгэл үнэмшил төрсөн юм гэхээр Б.Булган энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй гэсэн бодол таамаг төрсөн байдаг. Яагаад гэхээр гэрчүүдийн мэдүүлэг хэргийг үйлдсэн гэх хэрэгтнүүдийн мэдүүлэг өөрсдийн нь мессэж илчлээд байхад Б.Булган хүлээн зөвшөөрдөггүй. 

 Б.Булганыхаар энэ гурван хүн биш юм байж. Гэтэл бүх нотлох баримтаар нотлогдоод байна.

Т.Чимгээ нь Б.Содномдаржаад шоронгоос ярилаа хэргийг чинь илчилнэ гэхээр нөгөөх нь юу яриад байгаа юм, мэдэхгүй гэж хэл гэж хоорондоо ярьдаг. Тэгээд Б.Содномдаржаа нь Т.Чимгээгээ чи ямар амьтантай нийлээд яваад байгаа юм наад хүнээсээ хол бай асуудал үүсэх вий гэж хоорондоо ярьдаг. 

Гүйцэтгэх ажилд янз бүрийн арга хэрэглэдэг байх. Мессэж явуулж болох юм гэж ярьж байсан. Мессэж явсан байх. Гэхдээ тэр Ц.Амгаланбаатарын дүрээр тагнуулын гүйцэтгэх ажилтан мессэж явуулж байгааг прокурор хянаж, зөвшөөрөл өгдөггүй. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна