2015 оны зургадугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Миссури мужийн цагдаагийн ажилтнууд 48 настай Клаудин Бланчардыг өөрийн Спрингфилдээс холгүй орших байшиндаа хутгалуулж нас барсан байдалтайгаар олжээ. Түүнийг хөршүүд, найз нөхөд, танилууд нь Ди Ди хэмээн дууддаг байж. Ди Ди өөрийн астма, цусны хорт хавдар, булчингийн тэжээлийн дутагдал өвчнүүдээр шаналдаг охинтойгоо хамт амьдардаг байсан бөгөөд Ди Дигийн цогцсыг цагдаа нар олох үед түүний дутуу төрсөн учраас тархи нь гэмтэж, 7 настай хүүхэд шиг сэтгэн бодох чадвартай гэгддэг Жипси охин нь ор сураггүй болсон байв. Цагдаа нар энэ хэргийг хүн хулгайлах гэмт хэрэг хэмээн үзэж, асран халамжлах хүнгүйгээр биеэ авч явах чадваргүй Жипси охиныг эрэн сурвалжилж байлаа. Жипси охины цаг тутам уух шаардлагатай эм бэлдмэлүүд болон тэргэнцэр гэрт нь үлдсэн байсныг цагдаагийн ажилчид үзээд ийнхүү дүгнэсэн юм. Гэтэл энэ хэргийн учир тайлагдах үед олон нийт ихэд цочирдов.
Ди Ди, Жипсигийн түүх
Ди Ди, Жипси хоёрыг олон нийт аль эртнээс мэддэг байв. Хүүхэлдэйн кинонуудад дуртай, сониуч бяцxан охин Жипси. Хэдий эмч нар түүнд амьдрах хугацаа бага үлдсэн хэмээсэн ч бүхнийг өөдрөгөөр харж, амьдрах чин хүсэл эрмэлзэл өвөртөлсөн мэт үргэлжид инээмсэглэж явдаг байв. Жипсигийн ээж Ди Ди охиныхоо дэргэдээс үргэлж холдохгүй, өөрийгөө Жипсиг асрахын төлөө, түүний ээж байхын төлөө төрсөн хэмээн ярьж явдаг байлаа. 2005 онд Катерина хар салхинд өртөж орон гэргүй болсных нь дараа нутгийн иргэд тэдэнд байшин барьж бэлэглэжээ. Өндөг шиг өө сэвгүй, сайхан сэтгэлт ээж охин хоёр эрхгүй л олны хайрыг татдаг байжээ. Тэдэнд туслах хүсэлтэй хүмүүс маш их байдаг байсан бөгөөд, хэн ч байсан өрөвдмөөр ээж охин хоёр хандив, халамжийн мөнгөөр дутагддаггүй байжээ.
Нууцын тайлал
Гэтэл бодит байдал олон нийтийг алмайруулж орхив. Ди Дигийн цогцсыг олсны маргааш Жипсиг Висконсин мужид өөрийн интернетээр танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон гэх найз залуу Николасын хамт явж байхад нь цагдаа нар олжээ. Булчингийн устал, ужиг өвчнүүдээсээ болоод тэргэнцэр ашиглаж явдаг байсан Жипси ямар ч асуудалгүй алхаж чадаж байв. Түнийг эмнэлгийн үзлэгт оруулж, цагдаагийн мэдүүлэг авсны дараа Жипси цоо эрүүл нэгэн болох нь батлагджээ. Чихрийн харшил, залгиурын өвчлөл, астма, цусны хорт хавдар, булчингийн устал гэх мэт тоо томшгүй ужиг өвчнүүдийн аль нь ч Жипсид байхгүй байлаа. Жипси охин ээжийнхээ хэлсэн шиг 7 настай хүүхдийнхтэй ижил хэмжээний сэтгэн бодох чадвартай нэгэн ч биш байв. Түүний ээж Жипсигийн насыг дарж 1993, 1995 онд төрсөн хэмээдэг байсан боловч үнэн хэрэгтээ Жипси 1991 онд төрсөн, насанд хүрсэн эмэгтэй байжээ.
Жипсигийн хүүхэд нас ба гайт унадаг дугуй
Жипси 7 настай байхдаа унадаг дугуй унаж яваад өвдөгөө гэмтээжээ. Жипсигийн гэмтэл маш хөнгөн, бараг шалбарсан төдий байсан хэдий ч Ди Ди Жипсиг заавал тэргэнцэр дээр суулгана гэж зөрүүдлэв. Жипсиг бага сургуулийн хоёрдугаар ангид байхад нь Ди Ди сургуулиас нь гаргаж гэрийн боловсрол олгожээ. Жипсиг 10 настай байхад Ди Ди түүнийг хараа болон сонсголын бэрхшээлтэй болсон хэмээн онош гаргуулав. Жипсиг удалгүй залгиурын асуудалтай хэмээн үзэж шүлсний булчирхайг нь, мэс заслын аргаар авахуулж, гуурсаар хооллох болжээ. Охины үсийг тогтмол хусаж, Жипсиг үсээ хусуулахгүй хэмээн дургүйцэх үед ''Угаасаа л бүгд халцраад уначихна шүү дээ, ургуулах юм бол чи үзлийн харагдана'' хэмээн хэлдэг байв. Ди Ди охиндоо эмнэлэгт очихдоо худал зовиур хэлүүлж сургасан бөгөөд, тэргэнцэртэй бяцxан охиныг эрүүл гэж хэн ч сэжиглэхгүй байлаа. Үүнээс гадна Жипсигийн уудаг эмүүд түүний эрүүл мэндийг улам дордуулж байв. 2005 оны наймдугаар сард Катрина хар салхи дэгдсэний дараа Ди Ди, Жипси хоёр орон гэргүй болж, Жипсигийн төрсний гэрчилгээ гэх мэт чухал бичиг баримтууд үерт өртсөн нь Ди Дигийн хувьд азтай тохиолдол болов. Тэр Жипсигийн насыг дарж, өрөвдүүлэх үзүүлбэрээ илүү удаан үзүүлж чадах болов.
Ди Дигийн жүжиг сэжиг төрүүлж эхлэв
Мэдрэлийн эмч Бернардо Фластерстейн Жипсигээс цусны шинжилгээ болон MRI зураг авсны дараа нэг ч ужиг өвчний шинж тэмдэг олсонгүй. Ингээд тэрбээр охины өвчний түүхийг гүнзгийрүүлэн судлах гэсэн боловч өвчний түүх бусад бүх бичиг баримтын адилаар үерт автсан хэмээн Ди Ди өгүүлэв. Тэднийг хуурамчаар өвчин зохиож, татвар төлөгчдийн мөнгөнөөс хууль бусаар тэтгэмж авдаг гэдгийг сэжиглэж буйг Ди Ди мэдмэгцээ Жипсиг дахин Бернардо дээр аваачихаа больжээ.
Үнэмшилгүй болж эхлэв
Жипси өсөж том болохын хэрээр ээжийнхээ зан авирыг этгээд хачин гэж бодож эхлэв. Ди Ди эмч нарын нүдийг хариулж жор бичдэг цаас хулгайлж, өөрөө жор бичээд, Жипсид эмчийн зааварчилгаагүй дур мэдэн эм уулгах болов. Хулгай хийж, худал хэлдэг гэдгийг нь мэддэг байсан ч өөрийнх нь өвчний талаар худал хэлж байна гэж сэжиглэлгүй Жипси 18 нас хүржээ. Энэ бүх төөрөгдөл Жипсиг анх удаа амттан идэж үзэх үед алга болсон юм. Ди Ди Жипсиг чихрийн харшилтай хэмээн итгүүлсэн боловч охины бие чихэр идсэний дараа ямар нэгэн сөрөг хариу үйлдэл үзүүлсэнгүй. Жипси энэ явдлын дараа шөнө ээжийгээ унтсан хойгуур босож чихэр нууцаар иддэг болсон ба энэ нь түүний бүх шүд ялзарч муудахад хүргэжээ. Шүлсний булчирхайгүй, дээрээс нь өдөр бүр уудаг хэдэн арван эмийнх нь сөрөг нөлөөгөөр Жипсигийн шүд хэврэг болсон байжээ. Жипси бүх шүдээ авахуулж, ердөө 18 насандаа хиймэл шүдтэй болов.
Богино настай эрх чөлөө
Энэ явдлын дараа Жипси гадаад ертөнц, үе тэнгийнхээ хүмүүстэй танилцахыг улам ихээр хүсэх болжээ. Чихрийн харшилтай гэж худлаа хэлсэн хүн өөр ямар ч өвчин гэж худлаа хэлсэн байж магадгүй хэмээн бодох болов. Ингээд тэрбээр ээжийнхээ хандивын мөнгө хадгалдаг цүнхнээс мөнгө нууцаар авч ээжээсээ нууцаар зөөврийн компьютер худалдаж аваад, интернетээр өөрийн найз залуу болох Николастай танилцжээ.
Анхны хайр хүчтэй байдаг гэдэг шүү дээ. Охин Николаст зовлонгоо тоочиж, эрх чөлөө олгодоггүй эхийнхээ тухай ярьж тайтгардаг байв. Николас түүнийг тайвшруулж, би чамайг үлгэрт гардаг ханхүү шиг нэг л өдөр аврах болно гэж ярьдаг болжээ. Тэдний харилцаа улам даамжирсаар, шөнө болгон ярилцаж, нэгэн өдөр Жипси ээжийнхээ луйвар, хавчлага дарамтыг дахиж тэсэх тэнхэлгүй болсон тухайгаа, мөн Никтэй хамт амьдарч, хүүхэдтэй болох хүсэлтэйгээ хэлэв. Николас хожим нь Аутизм өвчтэй хэмээн оношлогдсон билээ. Николас Жипсигээс тэгвэл ''би ээжийг чинь алаад өгөх үү?'' гэж асуухад Жипси зөвшөөрч нэг шөнө энэ үйл явдал болжээ. Залуу охиноос өөр мужид амьдардаг байсан бөгөөд Жипси түүнд хандивын мөнгөнөөсөө автобусны мөнгө явуулж Ник охин дээр ирэв. Ээжийг нь унтсаны хойно Ник гэрт нь орж ирээд бүх үйл явдал маш хурдан болж өрнөжээ. Жипси, Ник хоёр зугтаж, шинээр амьдралаа эхлэнэ хэмээн ярьж маш аз жаргалтай 7 хоногийг өнгөрөөсний дараа тэд цагдаа нарт баригджээ.
10 жилийн хорих ял
Жипси болон Ник нарт Шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон хэдий ч Жипсигийн туулсан амьдрал олон нийтэд өрөвдөлтэй санагдаж, түүнд оногдсон шийтгэл хүндэдсэн мэт санагдсан тул шүүхэд давж заалдан ялын хэмжээг 10 жил болгон бууруулж чаджээ. Эцэст нь бүх насаараа ээжийнхээ худал хуурмагт итгэж, эд эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсон хэмээн үзэж түүний ялыг хөнгөлсөн байна.
Ди Дигийн цочирдом онош
Ди Ди бага наснаасаа л ''муу хүүхэд'' байжээ. Хойд эхийнхээ хоолонд хор хийж, алахаар завдсан нь илэрмэгц гэрээсээ зугтаж, хуурамч чек үйлдвэрлэн амь зогоох болж. Жипсигийн аавтай согтуу байхад нь хуримлаж, хүүхэд гаргажээ. Жипсиг өсөж том болоход аав нь түүнийг эрүүл хүүхдэд шаардлагагүй мэс засал, эмчилгээ хийлгэж байна хэмээхэд Ди Ди түүнээс салж, гэрээсээ хөөж явуулав. Өрөвдүүлэх тал дээр дэндүү сайн байсан тул охиноо асран халамжлах эрхийг мөн энэ л замаараа олж авчээ. Жипсигийн аав Ди Ди нас бартал түүнд хүүхдийн тэтгэмж хэмээн сар бүр мөнгө явуулдаг байсныг Жипси сүүлд нь олж мэдсэн юм.
Ди Диг эмч нар ''
Munchausen''-ий хам шинжтэй хэмээн оношлов. Энэ нь хэн нэг хүн худал өвчин, сэтгэлзүйн эмгэгтэй хэмээн итгүүлж, бусдаар өрөвдүүлж, анхаарлыг нь татаж, түүнээсээ таашаал авахыг хэлдэг ажээ. Энэхүү хам шинжтэй хүмүүс ихэвчлэн өөрөө бус өөрийн асран халамжилдаг хүмүүс, үр хүүхдээ өвчтэй хэмээн бусдад мөн өөртөө ч итгүүлдэг аж. Ди Ди сэтгэцийн эмгэгтэй болох нь нас барсных нь дараа л илрэв.
Зовсны эцэст жаргана
Жипси шоронд сайхан амьдарч буй хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Спортоор хичээллэж, шинэ хүмүүстэй танилцаж буй гэнэ. Шорон бол түүний амьдарсан амьдралын дэргэд хамаагүй эрх чөлөөтэй, сайхан гэнэ. Жипсиг 10 жилийн дараа 32 нас хүрч байх үедээ шоронгоос суллагдахад түүнийг аав нь, хойд эх нь амьдралаа шинээр эхлүүлэхэд нь тусалж, муухай дурсамжуудыг нь мартуулахаар хүлээж буй.
Эх охин хоёрын түүхээс сэдэвлэгдсэн олон ангит кино болох ''The Act'' гуравдугаар сарын 20-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болсоор буй билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна