Далайн давалгааг өөртөө агуулсан мэт гүн цэнхэр нүд, донжтой гэмээр ''ярвайлт'', салхинд хийсэх шаргал үст Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн хорвоогоос халиад аль хэдийн 25 жил өнгөрчээ. Гэсэн ч тэрбээр өнөөг хүртэл бүх насныхны шүтээн хэвээрээ. Хоёр настайгаасаа эхлэн дуулж, урлагийн амьдралд хөл тавьсан Курт 20 насандаа Нирвана хамтлагийг байгуулж, гаргасан цомог бүрд нь түүнийг амжилт дагах болов. Икс үеийнхний буюу 1960-1980-аад онд төрсөн хүмүүсийн дунд Нирвана хамтлагийг мэдэхгүй, сонсоогүй хүн байхгүй биз ээ.
Тэрээр 1967 оны хоёрдугаар сарын 20-нд Вашингтонд төржээ. Куртыг найман настайд нь эцэг эх нь салснаас хойш сэтгэл гутралд автах болов. Аавтайгаа, хойд эхтэйгээ болон эцэг нэгт хоёр дүүтэйгээ амьдарч байсан Курт ахлах сургуулийн хоёрдугаар ангиасаа эхлэн ээжтэйгээ хамт амьдрах болжээ. Хичээлээ тасалж хөгжим зохиодог байсан Курт ахлах сургуулиа дундаас нь хаяж, төгсөх боломжгүй болов. Ээж нь Куртэд хоёр сонголт өгчээ. 1. Ажил олох, 2. Гэрээс явах. Курт ээжийнхээ хатуурхалд ихэд шаналж, орон гэргүй болов. Тэрээр найзуудындаа хоног төөрүүлж, зарим үед Вишка голын гүүрний доор унтаж байлаа. Хожим тэрээр энэ таагүй дурсамжуудаа өөрт нь амьдралыг шинээр харах боломж олгосон хэмээсэн билээ. 1986 оны сүүлээр тэрээр амралтын газар ажиллаж, олсон мөнгөөрөө хямд байр түрээслэв. Битлз хамтлагийн шүтэн бишрэгч хөвгүүн ойр орчимд нь болж буй бүхий л рок- тоглолтуудыг алгасахгүй үздэг байлаа.
Куртын үзлээр дууны ая нэгдүгээрт, харин үг хоёрдугаарт тавигддаг. ''Яагаад сэтгүүлчид миний дуунуудын үгнүүд дээр задлан шинжилгээ явуулаад байдаг юм бол? Тэдэнд ямар нэг утга байгаа гэж үзээд, түүнийг тайлахыг оролдохын оронд зүгээр л нүдээ аниад хэмнэлийг нь мэдрээсэй гэж боддог.'' хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Курт илэрхий зүйлүүдэд дургүй байсан. Далд утгатай зүйлсийг сонирхож, бүтээлдээ тусгадаг байв. Махны дэлгүүрийн зар сурталчилгааны зургуудыг хайчилж аваад ард нь дууныхаа шүлгүүдийг бичдэг байсан. Анатомид дурлаж, дуундаа мутант хүмүүсийг дүрсэлдэг байлаа. Бас хүүхэлдэйнүүд. Аймшгийн хүүхэлдэйнүүд. Зургийн хэрэгсэл авах мөнгөгүйн улмаас байгаа зүйлсээрээ урлагийг бий болгодог байв. Биеийнхээ ''шингэнүүдээр'' ч зураг зурна. Түүний зургуудын зарим нь цомгийн нүүр болсон байдаг. Дууны клипнүүдийг хийхдээ өөрийн зохиомжоор явна гэж найруулагчдаа сандаргадаг байжээ.
1992 онд Курт, Лав хоёр охинтой болов. ''Би өөрийгөө гей гэж мэдэрдэг. Би багаасаа л эмэгтэйлэг байсан. Хэрвээ би Кортни Лавтай гэрлээгүй байсан бол бисексуал амьдралаар амьдрах байсан'' хэмээн хожим нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний гэнэтийн, нэг шөнийн дотор олдсон алдар, асуудалтай үерхлүүд болон дуучин Кортни Лавтай батлуулсан гэрлэлт нь Куртыг сэтгэл санааны гутралыг тартагт нь хүргэв.
13 наснаасаа эхлэн хар тамхитай ''танилцсан'' Курт архаг бронхит болон гэдэсний ужиг өвчнөөр шаналдаг байлаа. 1994 оны гуравдугаар сарын нэгэнд Германд болсон ээлжит аялан тоглолтынхоо дараа бронхит, хоолойн өвчин нь хүндэрсэн зовууртайгаар Ром хотруу эмчилгээ хийлгэхээр явав. Эмнэлэгт эмчлүүлж байхдаа нойрны эмийг оргилуун дарсаар даруулж хэтрүүлэн хэрэглээд хордлогод оров. Энэ нь түүний анхны амиа хорлохоор завдсан оролдлого боллоо. Үүнээс хойно, 1994 оны гуравдугаар сарын 18-нд Сиэтл хотын цагдаагийн газарт эхнэр Кортни нь дуудлага өгөв. Курт гар буугаа барин ариун цэврийн өрөөнд орж хаалгаа дотроос нь түгжсэн байна. Куртыг сэргээн засах эмчилгээнд явахыг ятгасан ч Курт хилэгнэн уурлаж, өөрийгөө тусгаарлав. Гэсэн ч найз нөхөд, хамтлагийн гишүүд, эхнэр нь түүнийг ятгаж гуравдугаар сарын 30-нд Курт Лос Анжелесийн сэргээн засах төвд ирлээ. Хэдэн өдрийг хар тамхи, архи дарснаас хол өнгөрүүлсний эцэст Куртын тэвчээр алдагдаж эмнэлгээс оргож, Сиэтлд ирлээ. Сиэтлээр хэрэн хэсүүчилж, энд тэнд харагдсан гэх сургаар эхнэр Кортни нь цагдаад мэдэгдэж Куртыг эрж хайсны эцэст 1994 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Куртын цогцос олджээ. Эрүүрүүгээ буу чиглүүлж, нүдээ аньсан хэвээр хорвоогоос одсон Куртын цогцсыг хамгаалалтын камер суурилуулахаар ирсэн цахилгаанчин олжээ. Куртын хажууд ''Би хөгжим бүтээх, сонсох, зохиох ажлаас удаан хугацааны турш таашаал авсангүй.'' хэмээн бичсэн тэмдэглэл олджээ. Бусдыг дуурайж хайрлагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдахыг илүүд үзсэн Куртын үлгэрлэл, үзэл бодол үеийн үед орших болно.
Курт Кобейн хорвоогоос хальсны 25 жилийн ойг тохиолдуулан ''Үйлчлэгчид үйлчлэх нь: Курт Кобейныг дурсахуй'' нэрт ном хэвлэгдэн гарсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна