Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй

2019/05/02
УИХ-ын чуулганы хуралдаанд төдийлөн үг хэлээд байдаггүй С.Жавхлан гишүүн өнгөрсөн пүрэв гаригт ам нээсэн. Хааяа үг хэлэхдээ хадуурдаг түүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр хэлэлцэх асуудлуудтай холбогдуулж л үг хэлнэ шүү” хэмээн урьдчилан анхааруулсан юм. С.Жавхлан гишүүн “Гурван жилийн турш халаа сэлгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж ирлээ. Тарааж бутраасан төрийн албаны байгууллагуудын томилгоо яагаад орж ирэхгүй байна вэ. Шүүх, прокурорын байгууллагад ажлаа өгчихсөн хүн олон байна. Ингэж төрийн албаа тараасан хэрнээ буцаагаад эвлүүлэх, ор нь гарсан суудлуудыг бөглөх тал дээр яагаад санал оруулж ирэхгүй байгаа юм бэ. Үүнийг яаралтай хэлэлцүүлээч” гэсэн юм.

С.Жавхлан гишүүний хэлсэнчлэн томилгоо хийх шаардлагатай албан тушаал олон бий. Зарим албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дууссан бол заримынх нь удахгүй дуусах гэж байна. Монголчууд “Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй” гэдэг. Буцах цаг нь аль хэдийнэ болсон, удахгүй буцах гэж байгаа хүн төрд олон байна. 

Үндсэн хуулийн Цэц

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар боллоо. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганзоригийг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилж байсан юм. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд өөрчлөлт оруулж энэ тухай заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 26-нд дуусна. Тэд 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд томилогдсон. Тэднийг Улсын дээд шүүхээс санал болгон томилуулж байсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Одоогийн байдлаар Б.Билэгт, Б.Ганбат, Н.Дагва, Д.Эрдэнэчулуун нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэднийг 2012 оны хоёрдугаар сарын 9-нд томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жилийн хугацаа өнгөрчээ. Эрх баригчид Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг сонгуулийн өмнө л анхаардаг учраас дөрвөн гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссаныг өнгөрсөн нэг жилийн хугацаанд анзаараагүй бололтой.

Хүний эрхийн үндэсний комисс

УИХ-аас удирдлагыг нь томилдог дараагийн байгууллага бол Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК). Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаярыг 2013 оны нэгдүгээр сарын 31-нд томилж, П.Оюунчимэгийг улираасан. Тэд тухайн оныхоо хоёрдугаар сарын 7-нд тангараг өргөжээ. Энэ хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дууссан гэсэн үг. ХЭҮК-ын гишүүнийг нэг удаа улираан томилж болдог хуулийн зохицуулалттай. П.Оюунчимэг нь 2007 оноос хойш ажиллаж байгаа учраас улиран томилогдох боломжгүй юм. Харин Н.Ганбаярыг улираан томилох боломжтой.

Саяхан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн тухай шуугиан дэгдэх үед ХЭҮК сайн ажиллахгүй байгаа тухай шүүмжлэл өрнөсөн. Мөн тус комиссын дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан шаардаж байлаа. Түүнийг 2010 онд анх ХЭҮК-ын гишүүн бөгөөд даргаар томилсон. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5.6-д “Комиссын даргыг УИХ-ын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс УИХ гурван жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Ж.Бямбадоржийг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХЭҮК-ын гишүүнээр улираан томилохдоо мөн даргаар улираан томилсон юм. ХЭҮК- ын даргыг гурван жилийн хугацаагаар томилох тухай заалттай ч Ж.Бямбадорж дарга зургаан жил тус комиссын даргаар ажиллаад улирчээ. Түүний комиссын гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах бол даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа нь ирэх арваннэгдүгээр сард дуусах юм байна. Хүний эрхийн үндэсний комиссын даргыг  хэдэн удаа улираан томилж болох тухай хуулийн зохицуулалт байдаггүй ажээ. Тиймээс Ж.Бямбадорж дарга Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаагаа дуустал буюу 2022 он хүртэл одоогийн албан тушаалаа хаших боломжтой юм байна. 

Аудит

Удирдлагуудынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаж байгаа дээрх газруудаас гадна албан ёсны удирдлагагүй байгаа нэг газар бий. Энэ бол Үндэсний аудитын газар. Тус газрын дарга Д.Хүрэлбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдож хууль шүүхийн байгууллагад дуудагдах болсонтойгоо холбоотойгоор албан тушаалаасаа түдгэлзээд байгаа. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд дуудаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон юм. Гэвч тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр түдгэлзээд шалгуулах санал гаргасныг нь УИХ хүлээж авсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа учраас тус байгууллагыг цаашид удирдлагагүй байлгаж болохгүй гэж үзсэн бололтой. Учир нь, энэ долоо хоногийн Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтгээ гаргажээ. Тиймээс уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон. Тус газрын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцүүлэхээр төлөвлөж байснаас үзвэл УИХ-ын дарга хэнийг Ерөнхий аудитороор томилуулах нь удахгүй тодорхой болох ажээ. 

УИХ-аас томилогддог албан тушаалтнуудаас бүрэн эрхийн хугацаа нь дууссан болон энэ онд дуусах хүмүүсийн тухай мэдээллийг шүүж үзэхэд ийм байна.

Татварын ерөнхий газар

Зөвхөн УИХ ч бус Засгийн газраас хийгддэг зарим томилгоо одоогийн байдлаар тодорхой бус байсаар байна. Тухайлбал, Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатыг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш Татварын ерөнхий газар гурван сар албан ёсны даргагүй байна.

Төрийн албыг тасралтгүй, хүчирхэг байлгахын тулд удирдлагуудынх нь томилгоог цаг тухай үед нь хийж байх хэрэгтэй. Анх томилогдож байгаа хүн, удахгүй явах гэж байгаа хүн хоёрын ажилдаа хандах хандлага тэнгэр газар шиг зөрүүтэй байх нь ойлгомжтой. Тиймээс ч монголчууд “Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй” гэлцдэг.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна