Хятадын Bytedance компанийн TikTok ухаалаг утасны аппликейшн гарсан цагаасаа эхлэн олон мянган хэрэглэгчидтэй болсон. Өөрийн хөгжилтэй богино бичлэгүүдийг TikTok хуудсандаа байршуулж хандалт цуглуулдаг энэхүү платформд өөрийн гэсэн ''одууд'' ч бий болоод амжжээ. Тэдний нэг болох 21 настай Вики Банхан бүсгүй өөрийн TikTok ашиглаж хэрхэн мөнгө олдог тухайгаа хуваалцжээ.
''Би нэг өглөө сэрээд л Испанийн арал дээр болох үдэшлэгт уригдсан. Намайг яагаад урьж, үнэ төлбөргүй үдэшлэгт оролцуулсан юм бэ гэж асуухад тэндхийн зохион байгуулагч надад чиний TikTok дээрх 1,300,000 дагагчдийг ч мөн энд ирүүлэхийг хүссэн учир чамайг авчирсан юм аа гэсэн.'' Энэ цагаас эхлэн Банхан бүсгүй интернетээр мөнгө олох болжээ. ''TikTok-оор мөнгө олох яг л инстаграм хуудсандаа бүтээгдэхүүн сурталчилсан зургаа оруулж мөнгө олдогтой ижил. Гэхдээ TikTok аппликейшн цаашид илүү өсөж хөгжих хандлагатай байгаа учраас инстаграмаас илүү амжилт олох болно'' гэжээ.
TikTok-ийг 2018 онд л гэхэд 660,000,000 хүн гар утсандаа татаж суулгасан бол энэ тоо Инстаграм аппликейшнийг татсан хүмүүсийн тоонооос 220,000,000-оор илүү байгаа юм. TikTok-ийг өсвөр насны залуучууд ихэвчлэн татдаг бөгөөд энэ нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үдэшлэг эвент зохион байгуулагчдийн мөрөөдөл болсон зорилтот бүлэг билээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна