Д.Нарангэрэл: Баян-Өлгийд амиа алдсан хүмүүс тарваганы элэг, цөс, бөөр түүхийгээр нь залгисан

2019/05/02
Өнгөрсөн сарын 29-30-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан. Уг хэрэг явдлыг  тарваган тахлын тохиолдол байж болзошгүй гэж үзэн тус аймагт хөл хорио тогтоосон. Ингэснээр Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байгаа бөгөөд мэргэжлийн багийн дүгнэлт гарчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Өчигдөр Баян-Өлгий аймагт шуурхай баг ажиллахаар явсан. Мэргэжлийн багийн дүгнэлтийн талаар тодруулахгүй юу?

-Эрүү мэндийн яам, Улсын онцгой комисс болон Зоонозын өвчин судлалын  эмчийн баг газар дээр нь ажиллаж байна. Эхний ээлжинд Зоонозын өвчин судлалын эмчийн баг шаардлагатай эм тариа, оношлуур, аппаратаа авч явсан. Үүний дүр дүнд 19.00 цагийн орчимд шинжилгээний дүгнэлт гарч тарваган тахал мөн болохыг тогтоосон. Олон нийтийн яриад байгаа шиг байдал хүндэрсэн юм байхгүй. Эмнэлэг болон бусад албан газрууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн хүмүүстэй хамгийн ойр байсан 152 хүнийг тусгаарлаж, эмчилгээнд оруулсан. Одоогийн байдлаар тэндээс өвчний шинж илэрсэн хүн байхгүй.

-Халдвар авсан шалтгааныг тарваганы хүн мах буюу элэг, цөс түүхийгээр нь залгисан гэдэгтэй холбоод байсан. Халдвар авсан шалтгаан нь энэ болж таарав уу?

-Бидэнд одоогоор ирсэн мэдээллээр “Эхнэр нь бөөр буюу хүн мах залгисан” гэсэн. Өнөөдрөөс авсан нэмэлт мэдээллээр нөхөр нь бас “Тарваганы элэг, цөс түүхийгээр нь залгисан” гэлээ. Бөөр, элэг, цөс буюу хүн маханд тарваганы үүсгэгч буюу бактер хамгийн их хадгалагддаг. Тэгэхээр энэ нь нөгөө хүндээ халдвар маш ихээр тараадаг. Ер нь түүхий тарваганы эд, эрхтэн идэх нь сайн гэдэг нь ШУ-аар нотлогдоогүй. Ам дамжсан ярианд итгээд ийнхүү түүхий мах залгисан нь нэг гэр бүлийн хоёр хүн амь эрсдэж, 0-12 насны дөрвөн хүүхэд өнчин үлдэх шалтгаан боллоо. Тун харамсалтай байна. Тарваганы эд, эрхтэнийг түүхийгээр нь залгиж болохгүй гэдгийг иргэдэд анхааруулмаар байна.

-Вакцинд хамрагдаагүй байсан уу?

-Энэ жилийн вакциныг долоодугаар сараас хийж эхлэх хуваарьтай байгаа. Нөхрийн тухайд өнгөрсөн жил тарваган тахлын вакцин хийлгэсэн гэдэг мэдээлэл байна. Тиймээс ч эмнэлзүйн хувьд нөхрийн шинж тэмдэг бүдэг хэлбэртэй яваад, эмнэлгийн тусламж авч чадаагүй бөөлжиж нас барсан. Үүнийг бид нарийн шалгана.

-Тухайн орон нутгаас ирсэн онгоцны зорчигчдыг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эхнэрт нь хийсэн шинжилгээгээр тарваган тахал эхлээд гэдэсний хэлбэртэй  байснаа дараа нь үжил буюу бүх биеэр тархсан гэдэг нь тогтоогдсонТиймээс Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаад, эхлээд хэсэгчилсэн хөл хорио тавьсан бол өчигдрөөс эхэлж өндөр зэрэглэлийн горимд шилжсэн. Энэ утгаараа бид тус аймгаас агаарын хөлгөөр ирсэн 13 хүнийг тусгаарлаж шинжилгээнд оруулсан. Үүнд тус аймгаас ирсэн 11 хүн, хоёр нь онгоцны үйлчлэг байгаа. Мэдээж тэд тус аймагт байгаа хүмүүстэй уулзсан, гар барьсан шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүсийг өчигдөр орой 16.30 цагийн орчимд тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг гэрт нь буцаасан. Мөн өнгөрсөн сарын 29-нд Баян-Өлгий аймгаас гарсан автобустай 34 хүнийг өчигдөр орой Өвөрхангайн Нарийнтээл суман дээр түр саатуулж, хүмүүсээс нь шинжилгээ авсан. Тэднээс ямар нэгэн өвчний шинж, нян илрээгүй тул наашаа замд гаргасан.

-Тухайн бүс нутагт өмнө нь бас тарваган тахал илэрч байсан шүү дээ. Яагаад энэ бүс нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Баян-Өлгий аймгийн долоон сум тарваган тахлын идэвхтэй бүс байдаг. Энэ сумдын зургаад нь тарваган тахал гарсан. Ногооннуур сумын тэр хавьд энэ жил тарвага маш элбэг байгаа. Мөн тус сумаас өнгөрсөн болон энэ онд шинжилгээ авахад тэнд байгаа тарваганаас хорвуу чанар буюу тарваган тахлын өвөрмөц нян илэрсэн. Өөрөөр хэлбэл, тэр нян хүн амьтанд халдвал илүү хүчтэй буюу үхэлд хүргэх аюултай байдаг. Тухайн бүс нутгийг тарваган тахлын “А” бүс гэж нэрлэж байгаа.

-Шалтгаан нь юу вэ. Бүс нутгийн онцлогоос хамаардаг уу?

-Бүс нутгийн онцлог байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн амьтны байгалийн онцлогоос хамаараад жил бүр идэвтэй бүс нь өөр байдаг. Энэ жилийн хувьд цаг уурын байдлаас болж энэ газар тахлын идэвхтэй бүс тус нутагт хамаарсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна