Маргааш "Ягаан туузны алхалт-2019" арга хэмжээ болно

20 цаг 25 минутын өмнө

Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах талаарх мэдээллийг хүргэхтэй холбоотойгоор жил бүр бүх нийтийг хамарсан “ЯГААН ТУУЗ-НЫ АЛХАЛТ БУЮУ PINK RIBBON WALK” арга хэмжээ болдог. Энэхүү арга хэмжээг дэлхий даяар 501 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний Хавдрын Байгууллага анхлан санаачилжээ. ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ арга хэмжээ нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн оролцох дуртай арга хэмжээ болсон бөгөөд эмэгтэйчүүдийн бусад хорт хавдраас сэргийлэх зорилгоор иргэдийн ухамсарыг дээшлүүлэх арга хэмжээ болон өргөжсөн байна. Мөн зарим улсад хавдрын эрэгтэй мэс засалчид нэгдэн Ягаан Зангианы өдрийг зохион байгуулж хавдартай эмэгтэйчүүдэд зориулан концерт тоглож өгөх, хөхний хавдрын мэс заслыг хийхдээ гоо сайхныг нь анхаарч буйгаа илэрхийлдэг болжээ.

Манай орны хувьд ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ-УЛААНБААТАР арга хэмжээ нь 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2018 онд буюу өнгөрсөн жил 300 гаруй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд зохион байуулагчаар Хавдар судлалын үндэсний төв, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Алхиллас ТББ-ууд оролцсон. Мөн арга хэмжээний зардлыг сайн санааны тусламжын үүднээс Лилиум эмэгтэйчүүдийн клубын гишүүд гаргасан байна.    

Энэ жилийн арга хэмжээ нь 5-р сарын 5-ны өдрийн Ням гарагт болно. Энэ үер Улсын Драмын Эрдмийн театрын урд талбайгаас Сүхбаатарын талбайн хойгуур тойрч ирэх ЯГААН өнгөтэй билэг тэмдэг бүхий олон нийтийн явган алхалт хийнэ. Энэхүү алхалтанд “Даван туулагч” төсөлд хамрагдсан хавдараар өвдөж эдгэсэн иргэд болон тэдний гэр бүл, найз нөхөд, мөн сонирхож буй жирийн иргэд оролцох юм.

Image may contain: one or more people

Түүнчлэн хөхний хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын дэглэмийг  зохицуулах, хувийн ур чадварыг сайжруулах үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Хожуу оношлогдсоноос үүдэлтэй асар их гарз хохиролыг анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдолыг таниулах арга хэмжээнүүд болно.

Энэ жилийн арга хэмжээг Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС, Хөхний Эрүүл мэндийн Төв, Карьер хөгжлийн төв, Ахиллас ОУБ, Лилиум эмэгтэйчүүдийн клуб зохион байгуулж байна. Хамтран оролцогч байгууллагаар НЗДТГ, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, ИНЕГ-ын Жаргалант амралт, Баянгол дүүргийн НАЭХ, Нийслэл ротари клуб, Ээж төв, Хариуцлагатай ээж групп, Алдарт ээжүүдийн группын гишүүд оролцож байна. Мэдээллийн хамтрагчаар ЕТV телевизийн хамт олон оролцож буйг дуулгахад тааламжтай байна.

Сүүлийн жилүүдэд монгол эмэгтэйчүүдийн дунд хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Умайн хүзүү, өндгөвч, болон хөхний хорт хавдрын өвчлөл эхний 3 байранд ба 2016 оны сүүлээр хорт хавдраар нийт өвчлөгсдийн 64,3 хувь буюу 10648 нь эмэгтэйчүүд байсан бол 2017 онд шинээр 2 995 тохиолдол нэмэгдсэн байна. Ийм учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл зан үйлтэй болгох арга замаар хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох нь  зүйтэй. Хувь хүнд эрүүл зан үйлийг заах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж тууштай үйл ажиллагаа явуулахыг төр засгаас дэмжих хэрэгтэй байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна