1953 онд Тензин Норгей болон Эдмунд Хиллари нар анх Эверестийн оргилд гарч, тэр цагаас эхлэн Эверестийн оргилд хүрч үзэх хүсэлтэй мянга мянган хүн дэлхийн өнцөг булан бүрээс Эверестийг зорьдог болсон билээ. Fox News агентлагийн мэдээлж буйгаар 2019 он гэхэд нийт 5200 хүн Эверестийг оргилд хүрсэн байна. Уулын оргил өөд мацаж буй хүмүүс хогоо үүрээд авирах нь юу л бол. Бууж ирэх замдаа хогоо үүрээд буух нь бас л юу л бол.
5200 гаран хүмүүсийн үлдээсэн мянга мянган тонн хогийг цэвэрлэхээр сайн дурын ажилчид санаа сэтгэлээрээ нэгдэн, ажилдаа оржээ. Өнгөрсөн 14 хоногийн дотор л гэхэд Эверестийг нийт 3 тонн хогоос салгаж чадсан байна. 45 хоног үргэлжлэх энэхүү их цэвэрлэгээний дараа нийт 11 тонн хог хаягдлаас салгана хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Эверестэд нийт 30 гаруй тонн хог байдал бий хэмээн албаныхан мэдээлдэг. ''Бидний зорилго бол байгалиа хамгаалж, уулыг өмнөх шиг нь үзэсгэлэнтэй болгох'' хэмээн Непалийн аялал жуулчлалын яамны сайд Данду Раж мэдэгджээ.
Уг сайн дурын ажилд Непалийн уулчид, орон нутгийн засгийн газар болон үндэсний аялал жуулчлалын төвийнхөн оролцож буй юм байна. ''Цас болон чулуунаас өөр бусад зүйлсийг бид цэвэрлэх болно. Унаган төрхийг нь эргүүлэн авчрах хүсэлтэй байна'' хэмээн нутгийн иргэд ярьжээ.
Ууланд авирахаар зорьж, өгсөх замдаа харамсалтайгаар амиа алдсан уулчдын цогцсыг цэвэрлэх хүнд ажил тэдний нуруун дээр иржээ. 2018 онд л гэхэд 775 хүн Эверестийн оргилд гарахаар санаа шулуудаж, авирах оролдлого хийжээ. Гэсэн ч тэд бүгд буцаж ирсэнгүй. Сайн дурын ажилчид өнгөрсөн 14 хоногт их цэвэрлэгээ хийх явцдаа 4 хүний цогцсыг олж илрүүлээд байгаа юм байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна