Bohemian Rhapsody кино өнгөрсөн онд нээлтээ хийж, уг киног үзсэн хүн бүхэн л Queen хамтлагийн шүтэн бишрэгч болсон гэхэд хилсдэхгүй. Фреддигийн түүхийг дэлхий мэднэ, харин түүний ''Love of My Life'' дуугаа зориулсан бүсгүй Мери Остины талаар тийм ч их хүмүүс мэддэггүй. Хэдийгээр Мери домогт дуучин Фреддитэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй ч дуучны богино бөгөөд цуутай амьдралын ''цорын ганц хайр'' байсан юм. 1976 онд Меригээс салсан ч гэсэн нас барахдаа ихэнх хөрөнгөө Мерид үлдээсэн тэдний хоорондох хүчтэй холбоог хэрхэн тайлбарлавал зохих вэ?
Мери Остин 1951 онд Лондон хотод төржээ. 19 насандаа анх 24 настай Фреддитэй уулзаж, гүн сэтгэгдэлтэй үлджээ. ''Тэр үнэхээр өөртөө итгэлтэй, харин би хэзээ ч өөртөө итгэлтэй байж үзээгүй. Тэр яг л миний эсрэг тал шиг байдаг.''
Гал ус шиг өөр хүмүүс хэдхэн сарын дараа л гэхэд нэг гэрт хамт амьдрах болов. Фреддигийн өдөр ирэх тусам нэмэгдэх алдар нэр, хөрөнгө чинээ тэдний харилцаанд хүндрэл учруулсангүй. ''Би Фреддид дурлах гэж 3 жил болсон. Би өмнө нь хэнд ч тэгтлээ дурлаж байсангүй'' гэжээ.
''Түүнийг тайзан дээрээс харах надад яг л хүрч боломгүй одыг ширтэж буй мэт санагддаг. Тэр хэзээ нэг өдөр намайг хаяад явна даа гэж боддог байлаа. Түүнтэй байх хором мөч бүрээ хайрлаж байсан'' хэмээн Мери хожим өгүүлжээ.
Тэд сүй тавьж, Фредди түүнд “Love of My Life” дууг зориулан бичив. 6 жил энэ маягаар Фреддигийн алдар нэр тасралтгүй өсөж, тэр хэрээрээ мөнгө чинээтэй болж, оргилд хүрэх үест хосууд холдож эхлэв. ''Намайг орой гэртээ ирэхэд тэр байдаггүй. Үргэлж л оройтож гэртээ ирэх болсон. Бид өмнөх шигээ дотно байхаа больсон. Би түүнээс хэзээ хуримаа хийх вэ, надад хуримын даашинз авч өгөхгүй юм уу гэхэд тэр зүгээр л ''Үгүй'' гэж хэлсэн.''хэмээн Мери өгүүлжээ.
Нэг л өдөр Фредди Мерид өөрийгөө бисексуал гэдгээ хэлэв. Харин Мери хариуд нь ''Үгүй ээ, би чамайг гей гэж бодож байна'' гэжээ. Түүнийг бисексуал гэж бодож байснаас гей гэж бодох нь надад амар байсан хэмээн Мери хэлсэн байдаг. Мери удалгүй залуучуудтай болзох болж, Фреддиг мартжээ. Харин Фредди Мериг мартаж чадахгүй л байлаа. Түүнд өөрийнхөө гэрийн хажууд байр худалдаж авч өгөв. Фреддигийн сэтгэлд үргэлж Мери ойр хэвээрээ байлаа. ''Миний цорын ганц найз бол Мери, бид бие биедээ итгэдэг'' хэмээн Фредди хожмын ярилцлагадаа дурдсан байдаг.
Мери Остин Пийрс Камерон нэрт залуутай гэрлэж хоёр хүүхэдтэй болов. Фредди Жим Хаттонтой 7 жил үерхээд байлаа. ''Миний бүх л амрагууд надаас Яагаад би Меригийн орон зайг нөхөж чадахгүй гэж? гэж асуудаг. Хариулт нь маш энгийн. Тэд Мери биш'' хэмээн Фредди өгүүлжээ.
1987 онд ДОХ өвчнөөр өвчлөх үед нь Мери Фреддигийн хажуугаас салсангүй. Үхэл тэднийг салгах хүртэл холдохгүй гэсэн амлалтдаа Мери ийнхүү хүрсэн юм. 1991 онд домогт дуучин Фредди Меркюри нас барж, өөрийн ихэнх хөрөнгөө Мерид гэрээслэн үлдээжээ.
''Би яг л өөрийн заяаны хань, үүрдийн хайраа алдах шиг болсон.'' хэмээн Мери дурссан байдаг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна