МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Захиргааны Ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Захиргааны Ерөнхий хуульд УИХ-аас 14 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Гэвч Ерөнхийлөгч хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн. Д.Ганзориг нь өмнө нь УИХ-аас томилогдсон. Тэгэхээр орны хүнийг УИХ-аас нэр дэвшүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар цэцийн гишүүнд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа санал оруулсан. Бүлэг түүний оруулж ирсэн саналыг дэмжсэн" гэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "2017 онд УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт УИХ-ын 12 гишүүн багтсан байдаг. Ажлын хэсэгт бие даагч, АН-ын төлөөллөөс бас бий. Ажлын хэсгийн гол зорилго 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар хийх хууль байсан. Энэ хуулийн дагуу 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг хийсэн. Гэхдээ цаашдаа гурван өөр сонгуулийг нэг хуулиар хийх нь эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм байна гэдэг том сургамж авсан. Үүнийхээ дагуу ажлын хэсэг ажиллаад, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын нь тусдаа хуулиар, орон нутаг, сум, дүүргийн сонгууль нь бас нэг өөр хуулиар явагдах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Тиймээс Сонгуулийн тухай өөрчлөлтүүдийг хийсэн.
Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн эрх баригч нар ашигтай байдлаар баталдаг практик байсаар ирсэн. Цаашдаа Монгол Улсын эрх ашиг, ард иргэдэд хэрэгтэй хувилбар нь юу байх вэ гэдгийг ажлын хэсэг ярьсан. Дөрвөн хувилбар гаргаж ярилцсан. Ингээд Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгоод байна.
Хуулийг төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудтай хоёр удаа уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гурван хуулийн төслийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст тавьж, иргэд, олон нийтээс нээлттэй санал авахад 234 санал ирүүлсэн.
Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлна. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна