БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тодруулбал, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа дуулгав. Тэрбээр “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад ч жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа цэвэрхэн яваарай гэж хүсч байна.
Энэ жил 3500 жуулчинд нээлт үзэх тасалбар олгож байгаа. Одоогоор нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10000 жуулчин нээлт үзэх саналаа ирүүлсэн. Харин манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгөх боломжгүй. Хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгвөл Монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Харин манай яамнаас наадмын нээлтийг орой нь дахин орчуулгатайгаар жуулчдад зориулан хүргэхээр зорьж байна.
“Naadam night” гээд жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болно. Өглөө нь тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтээ үзэх боломж олгож байгаа юм. Бас бүсийн наадмуудад ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Жуулчид нийслэлд наадам үзэж чадаагүй бол бүсүүдийн наадмыг сонирхох боломжтой. Харин наадмын тасалбарын тухайд аялалын компаниуд үйлчилгээ, хөтөлбөр гээд багцаар нь зардаг тул жуулчдад үнэтэй мэтээр ойлголт төрдөг. Тэр бол аялалын компани, жуулчин хоёрын тохиролцоод бий болсон зүйл” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна