“Авилгатай тэмцэх газраас намайг шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй. Учир нь би ашиг сонирхлын зөрчил огт гаргаагүй. Ийм асуудалд холбогдохыг ч хүсэхгүй. Би энэ ажлыг тогтвор суурьшилтай, байгаа түвшнээс нь ахиулж хийхийг эрмэлзэж байгаа. Түүнээс би эрх мэдэл, эд хөрөнгө харж энэ ажлыг хийгээгүй. Би өнөөдөр, маргаашаар өөрийнхөө ирээдүйг балладаг хүн биш.” Энэ бол Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханы өнгөрсөн жил “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага.
Тэгвэл авилга хээл хахуулийн асуудалд холбогдохыг хүсдэггүй хэмээн ярьж байсан тэрээр АТГ-т шалгагдаад удаж байгаа юм байна.
Үүгээр зогсохгүй мөрдөн шалгалтын хугацаанд АТГ-ын комиссарууд түүнийг албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авилга авсан болохыг хөдөлшгүй баримтаар нотолсон байгаа юм.
Ингээд саявтархан түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт холбогдсон гадны иргэд, банкны хуулга гэх мэт хөдлөшгүй баримтуудаар нотлогдсон тул хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэлээр, “Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран тус байгууллагыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ. Дэд дарга Ш.Батсайхан гэх мэт төрийн ажлын ямар ч туршлагагүй нөхдүүд монгол жолоочдынхоо эрх ашгийг уландаа гишгэж, авилга хээл хахуульд идэгдэж байна” гэх утгатай мэдээлэл цацагдаж байсан нь оргүй биш бололтой.
Учир нь Ш.Батсайханыг хуулийн байгууллага шалгаж эхлэхдээ, “Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан, С.Дэлгэрнаран нар хятад компаниудад дамлан зарж, хээл хахууль авч байна” гэх гомдол мэдээллийг Монгол компаниудын зүгээс баримттайгаар АТГ-т хүргүүлсний улмаас түүнийг шалгаж эхэлсэн юм байна.
Бид дараагийн удаад Ш.Батсайхан нь Хятад улсын ямар, ямар компаниас хэр хэмжээний авилга, хээл хахууль авсан тухай мэдээллийг баримттайгаар хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна