БАРИМТ: МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг шүүхээс хууль бус гэж үзлээ

2021/09/01


МҮОНРТ-ийн удирдлагын сонгон шалгаруулалт будлиантсан нь ичлэгдэж, одоогийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг хууль бусаар томилогдсоныг шүүхээс тогтоожээ.

 Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс /2021.08.03/МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үед тооллогын комисс хариуцлагагүй ажиллаж, алдаатай тоолсон нь хуулийн байгууллагын шалгалтаар нэгэнт тогтоогдсон тул  /2021.03.05/-нд гаргасан "Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол"-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байна.

 Улмаар А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон /2021.03.05/ өдрийн тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, баталсан журмынхаа дагуу дахин явуулахыг Үндэсний зөвлөлд даалгажээ.

 Товчхондоо, гурван сар гаруй сүр дуулиантайгаар зарлаж, 14 нэр дэвшигчтэй эхэлсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт эхний шатнаасаа л завхарч, дахин бөөн будлиан, бантан болж хувираад байгаа энэ юм.

 АТГ тооллогын хуудсын эх хувь материалыг шалгаснаар үнэн илчлэгджээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 5-нд сонгон шалгаруулалтын тооллогын комисс дүнг танилцуулсны дараагаас “Хууль бус үйл ажиллагаа явагдлаа” гэх маргаан эхэлсэн байдаг.

Тухайн үед М.Уянга, Д.Оюун-Эрдэнэ, Г.Отгонбаяр нар Үндэсний зөвлөлөөсөө тооллогын комиссын гишүүнээр сонгогдож, эхний шатны сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа  577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 буюу хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчээр тодорсон хэмээн зарласан.


 Гэвч маргаан үргэлжилсээр дөрөвдүгээр сарын сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас тооллогын хуудсын эх хувь материалыг авч явсан байна. Уг шалгалтаар оноог зөрүүтэй гаргасан нь тодорхой болж Г.Гэрэл 575, А.Бүрэнбаатар 574 оноо бусад хоёр нэр дэвшигч тус бүртээ 572 оноо авсныг нягталж, тогтоожээ.


 Улмаар МҮОНРТ-ийн дэд захирал асан Г.Гэрэл /тухайн үед ажиллаж байсан/ уг сонгон шалгаруулалтыг хууль бусаар явагдсан хэмээн үзэж /2021.04.15/ шүүхэд хандсан юм байна.

 МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын шүүхийн маргаан үүгээр дууссангүй. А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулжээ.  Харин давж заалдах шатанд ялагдал хүлээсэн тул Дээд шүүхэд өөрийн гомдлоо дэнслүүлэхээр хандсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ойрын хугацаанд түүний гомдлыг эцэслэн шийдэх бололтой.

 Н.Дэмбэрэлийн хувьд томилогдоод сар ч бололгүй өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Учир нь түүнийг  Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлж, улмаар ажлаа өгөхөд хүргэсэн билээ.

 МҮОНРТ-ийн удирдана гэдэг хаан шиг аашилж, эрх мэдлээрээ далайлгана гэсэн үг биш гэдгийг захирал болохоор улайрагсад хэзээ ойлгох вэ

 Олон нийтийн статустай, бие даасан хуультай, үндэсний гэх тодотголыг уран бүтээлдээ шингээн ажилладаг 800 гаруй ажилтантай энэ газарт хэдийнэ удирдлагын хямрал нүүрлэчихжээ. Жил хүрэхгүй хугацаанд гурван Ерөнхий захиралын нүүр үзсэн нь үүний тод жишээ.

 Сонгогдож ирсэн үе үеийн захирлуудынх нь ихэнхи нь улс төрийн нөлөөллөөр сонгогдож, тойрон хүрээлэгчдээ авчирдаг гэх. Одоо ч энэ байдал үргэлжилж байгааг хэлэх хүн олон.

 Сүүлийн ганц л жишээ дурьдахад, өнгөрсөн гуравдугаар сараас хойш Ерөнхий захирлын шахалтанд орж халагдсан, хөдөлмөрийн нөхцөл дордсон гэх 73 хүн гарын үсэг зурж телевизийнхээ Үндэсний зөвлөлд, УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгууллалтын байнгын хороо зэрэг хэд хэдэн газарт хандсан байна. Одоо энэ тоо хэдэн арваар нэмэгдсэн гэх юм билээ. Үүгээр зогсохгүй баахан орлон гүйцэтгэгч захирал томилж, бүтцийн өөрчлөлт хийхээр улайрсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болоод байгаа аж.

 Эцэст нь тэртээ тэргүй намын эсвэл аль нэг нөлөө бүхий улстөрчийн нөлөө, дэмжлэгээр ирдэг энэ албан тушаалыг хуулинд нь заасан шиг нээлттэй хийдэг болчихвол эрх мэдлийн төлөөх энэ дайнд эгэл жирийн ажилтнууд хохирдог байдал багасч мэднэ.

 Т.Хэрлэн

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна