Үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр бусдыг гутаан доромжилж байна

2022/04/13

“Энэ хүүр чинь зовлон дүүрэн шарил хөвсөн ганга мөрний усанд хордчихсон юм биш үү дээ” гэсэн постыг уншаад “ яасан бүдүүлэг, эрээ цээргүй, ёс зүйгүй юм вэ" гэж халаглав.

Бусдыг сошиалаар доромжилсон, дайрч давшилсан хүн сэтгэхүйн хувьд хэвийн бус, дутуу гачуугийн комплекстай хэмээдэг.

Ер нь бол сошиал орчин гэдэг хормын дотор саар хийгээд сайхан мэдээллийг түгээн хүргэж, хүнийг алж ч болдог аварч ч болдог том ертөнц ажээ.

Харамсалтай нь  хүнийг авлаж, хэмлэх нь их юм. Улстөрчдийг бол хүслээрээ чичлэж, чиглүүлж, яллаж, шигшүүлж, жижигрүүлж чадаж байна.

Энийгээ тэд ардчилал хэмээн омогшиж, саар бүхэнтэй тэмцэж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байна хэмээн манай үеийнхэн бахархаж байх юм.

Сошиалаар улстөрөө хийж, сошиалын шүүмжлэлд эмзэглэн бухимдаж, бас олон нийтэд таалагдах шийдвэр гаргадаг  манай төрийн дархлаа бас л сул байна.

Төрөө дээдлэн,  төрдөө итгэж, муу муухай үг хэлэхээс цээрлэдэг атал сүүлийн үед төр гэдэг нь хэмлэж, муулах, хэлтийдэн чалчих амны зугаа мэт болж дээ.

Гэвч азна, андууд минь. Бүхнийг харлуулж, доромжлох тусам гэрэл гэгээтэй нэг ч зүйл үлдэх шинжгүй боллоо. Бидний дэргэд ирээдүй маань өсөж өндийж байна. Аав, ээж, ах, эгч нь алив муухайгаар бусдыг доромжилж, дээдлэн хүндэтгэх, эрхэмлэн сахих ёс суртахуунгүй гэж хойч үедээ харагдах боллоо.

Төрийн үйл хэрэг алдаатай, түмэн олны амьдрал сайнгүй байгаа нь үнэн. Гэвч монгол хүний уужуу ухаан буюу төрийн минь сүлд өршөө хэмээн сүсэглэн залбирах итгэл үнэмшлээ бүү гээгээч.

Бидний ихэнх нь  юунаас ч айж эмээхгүй, юуг ч хүндлэхгүй байхыгаа тэмцэл хэмээн омогшдог болжээ. Энэ бүхэн яавч сайн үйлдэл биш.

Хараалгаж, доромжуулсан хэн ч сэтгэл нь эмзэглэж, хийж бүтээхээс илүү айж гэрэвшин, улам л амиа бодно. Эсвэл юу ч хийсэн сайн нэр байх биш хэмээн ичих, эмээхгүй авирлаж мэдэх юм.

Хүндлэл, ёсорхол, эерэг хандлага алсарсаар үр хүүхэд маань өсч өндийхдөө үүх түүхээ үгүйсгэсэн, төрт ёсоо төвөгшөөсөн, дураараа цамнаж, дунд чөмгөөрөө жиргэх вий дээ. Өнөөдрийн томчууд бидний сошиалын тэмцэлийн хар бараанд автчихвий.

Нийгмийн хар бараан масс буюу ёс зүйгүй, гутранги үзэлтэй нэг хэсэг байхад өөрийгөө хамгийн цэцэн мэргэн хэмээн эндүүрсэн сошиал мастерууд ихээхэн хор хөнөөлтэй байх болжээ.

Гагцхүү төрөө дээдлэх ардын ухаанаа бүү умартаач, танд таалагдахгүй таашаагдахгүй байж болох ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө  зөв илэрхийлэх соёлд суралцмаар байна. Манайхан үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр бусдыг гутаан доромжилж байна.

Үх чи, зайл чи, хүүр, солиотой, галзуу ….. өөр юу юу ч билээ хараалын арвин баялаг үгсийн санд мэргэшсэн өнчин тархитай, өөнтөгч, өрөвдмөөр бүлэг давалгаалан гарч ирж байна.

Тэд өдөржин дэлгэц ширтэж, энд тэндийн алдааг шүүрч авч “ жиргэн сэвэх” хамгийн чухал ажилтай хүмүүс юм.

Тэдний ихэнх нь  нүүр тулан уулзах болвол сүү долоосон гөлөг мэт байж чадна. Бэлэг сэлт нэхсэн өлөн харцаар өөд уруугүй ширтэж, өгвөл өвдөг нугалан авч, өгөхгүй бол өширхөж өчнөөн хэл ам хийнэ.

Хэрүүлтэй дэлгэц ширтэж суухын оронд үр хүүхэддээ цаг заваа гаргаж, өдөрт 5 хуудас ч болов уншиж, хэл усны мэдлэгээ сайжруулж, хорвоо ертөнцийнхөн хов живээ хэрхэн ярилцдаг соёлыг олж мэдэх хэрэгтэй шүү дээ.

Өөрийн аз жаргалаа, өөдрөг сайхан бодлоо, өнгөтэй сайхан амьдарч яваагаа, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа зэрэг амьдралын амттай бүхнээ бусадтай хуваалцах сайхан.

Заримдаа амьдрал тохиолдсон алдаа, гутарсан сэтгэлээ, гунигласан шалтгаанаа илэн далангуй хуваалцаж, сэтгэлээ засч бас болно.

Ажил үйлсээ сайжруулж, хүний эрх чөлөөг хангасан, шударга ёсыг дээдэлсэн хуулийг боловсруулахад иргэн хүний хувьд санал бодлоо илэрхийлэх ч нээлттэй.

Ер нь бол хязгааргүй цахим орчинг ухаалаг соёлтой ашиглах арга зам мөн хязгааргүй.

Д.Батзаяа



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.234
    2022/04/13

    Манай улс төрчид их ухаалаг болхоор Монгол улс хөгжилтэй сайхан орон байгаа шд

    Хариулах