Улаанбаатар, Увсаар талцуулсан LRT төсөл

Өчигдөр 10 цаг 00 минут

LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл УИХ-ын гишүүдийг хот хөдөөгөөрөө талцаж, “зодолдоход” хүргэв. Хэрүүлийн алим хаанаас эхэлж, хэрхэн өрнөж байгаа талаар товчхон дурдъя.

LRT төслийн талаар товч

2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэгний төсөлд зээл тусламж хүсэж, БНХАУ-ын тал зөвшөөрөв.

2022 оны гуравдугаар сарын 17-нд Хотын дарга Д.Сумъяабазар уг төслийн талаар танилцуулгыг олон нийтэд өгсөн.

Гүүрэн байгууламж бүхий баганан тулгуурт хөнгөн галт тэргийг Буянт-Ухаа 2 хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэлх 18.1 км замд барьж байгуулна.

2022 оны тавдугаар сарын 15-нд ажил эхэлнэ. 2023 оны есдүгээр сарын 30-нд суурь төмөр зам, тулгуур байгууламжийг дуусгана.

2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгана.

2024 оны дөрөвдүгээр сарын 30-нд рес төмөр тавина.

2024 оны тавдугаар сарын 31-нд цахилгааны холболтуудыг хийгээд туршилтын вагоныг явуулах хуваарьтай хэмээн танилцуулав.


Улаанбаатар ба Увсын талцал

Дээрх төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороонд танилцуулж дэмжлэг авсан хэдий ч Төсвийн байнгын хороо дэмжилгүй унагаав. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төсвийн хэмнэлт хийх шаардлагатай энэ үед өрийн тааз тулгасан төслийг дэмжихгүй”, “1 км нь 51 сая ам.доллараар барьж байгаа нь хэтэрхий үнэтэй хэмээх” тайлбар өгсөн. 

Харин Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан тэргүүтэй нийслэлээс сонгогдсон гишүүд өрийн тааз тулахгүй гэх тооцооллыг Сангийн яаман дээр хийсэн, барих тооцоо өртөг нь бусад улсын илэрхийлсэн үнийн саналтай ижил байгааг тайлбарлаж байгаа. 

Эцэстээ Улаанбаатар хотын чухал асуудлыг шийдэх төслийг Увсаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар зогсоолоо хэмээн хотоос сонгогдсон 24 гишүүн бухимдаж, чуулганы хуралд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа нь энэ.

Улаанбаатар хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрснийг судалгааны байгууллагууд хэлж буй.

Нөгөөтэйгүүр, үе үеийн хотын удирдлагуудын санаачилсан төслүүд ажил хэрэг болоогүй нь болгоомжлох асуудал мөн. Э.Бат-Үүлийн үед метро, С.Амарсайханы үед дүүжин тээвэр гээд хэрэгжээгүй ажлууд байгаа ч энэ удаад тэг зогсолт хийхээс өмнө зоримог хөдөлж заавал ажил хэрэг болгохоо Д.Сумъяабазар амлаж байгаа.

Ийм ч учраас өрийн таазаа бодоод ТЭГ зогсолт хийх үү, эрсдлийг даагаад том хөдлөх үү гэдгийг УИХ дахь МАН-ын бүлэг хэрхэн шийдэхийг харах үлдлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.251
    18 цагийн өмнө

    Энэ төсөл бол үлгэр л дээ. Ихээхэн өртэй хүнд ийм их мөнгийг бариулах хэрэг байна уу ер нь

    Хариулах
  • 213.87.144.35
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.131.238.150
    Өчигдөр

    үнэн бодит ажил болговол год л юм байна. Даанч хийхээсээ ИДЭХ сэтгэхүй нь их болохоор ИДЭЭД ЗАМХРАХ байх даа. Тэгээд хэдэн баганатай л үлдэх болов уу даа... Хэцүү юм аа УЛС орноо хөгжүүлээд ХҮН шиг аваад явах ХҮН МОНГОЛ УЛСАД алга уу......

    Хариулах