Д.Дагвадорж: Мөнх цэвдэг хайлаад дуусчихвал АЮУЛ учирна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах бүх бололцоог ашиглах ёстой

2022/11/07

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын талуудын 27 дугаар бага хурал болж байна.  “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн тэргүүн, шинжлэх ухааны доктор Д.Дагвадоржоос хурлын үйл явц хэлэлцэх асуудлын талаар тодрууллаа.    

Д.Дагвадорж: “Энэ удаагийн хурал өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь олон салбарыг хамарсан салбар дундын асуудал. Нөгөө талаараа үүнийг хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, техник, технологи гэх мэт өргөн хүрээний асуудлыг ч хамардаг.

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн механизм чухал байдаг. Манай улсад ч бодлого хэрэгжүүллээ гэхэд санхүүгийн механизмаа сайжруулах хэрэгтэй байдаг шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь энэ конвенцод нэгдсэнээр буурай орнуудад дэмжлэг үзүүлэх боломж бүрддэг. Энэ хүрээнд манайд уур амьсгалын “Ногоон сан”, “Дасан зохицох сан”, "Уур амьсгалын тусгай сан" зэрэг төрөлжсөн байгуулагдсан. Үүнийг бүгдийг нь гаднын дэмжлэгээр байгуулна гэсэн үг биш. Үндэсний хөрөнгө, хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэнэ.

Мөн санхүүгийн механизмыг хааш нь чиглүүлж, яаж бэхжүүлэх вэ гэдэг нь чухал байдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын нөлөөлөл, эрсдэл гэж их ярьж байгаа. Арлын жижиг улсуудын хувьд эргэлт, буцалтгүй өөрчлөгдөх уур амьсгалын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлж, шийдвэрлэх талаар ярьдаг. 

Манай орны хувьд эргэлт буцалтгүй өөрчлөгдөх уур амьсгалын нөлөөнд мөнх цас, мөс, усны нөөцийн асуудал, мөнх цэвдэг хайлаад дуусчихвал эргэж байгалийн нөхцөлд орох боломжгүй болж байгаа юм. Энэ мөнх цас, мөс чинь манай орны хөрсний чийгийг барьж байгаа гол зүйл.

Тиймээс энэ мэт эмзэг асуудлыг улс орон бүрд яаж шийдвэрлэх вэ, тэдгээр орны асуудалд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэдэг нь чухал байдаг. Манайх хүлэмжийн хий бага ялгаруулдаг хэр нь үүнд яагаад ач холбогдол өгөх ёстой вэ гэхээр том утгаараа олон улсын хүчин чармайлтад өөрсдийн хувь нэмрийн оруулах, нөгөө талаараа олон улсын өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаанд өөрсдийн боломжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд төлөвлөгөө, бодлого, стратегитай оролцох ёстой. Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад манайх тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Дасан зохицох чиглэлээр бодлого, төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Манайх 2023 он хүртэл төлөвлөгөө гаргасан. Энэ уулзалтын хүрээнд Монгол Улсын санаачилгаар ЮНЕФ-тэй хамтарч газар тариалан, үйлдвэрийн салбарт төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.255
    2022/11/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах