Дорнын хуанли хэрэглэдэг, энэ хуанлигаар баяр ёслол тэмдэглэдэг болохоор нь дэлхий нийтээрээ БНХАУ-ыг буддын шашинтай улс гэж ойлгодог. Нээлттэй эх сурвалжуудад 180-250 сая сүсэгтэнтэй, Буддын шашны том төв гэж бичдэг. Гэвч үнэн хэрэгтээ 10 хүний ес нь атейст буюу шашингүй үзэлтнүүд бөгөөд төрөөс шашны бодлогод оролцсоноор итгэл үнэмшил улмаа буурч байгааг гэх агуулга бүхий нийтлэл “South China morning post” сонины цахим хувилбарт нийтлэгдсэн байна. Үлдсэн нэг хувь нь ч улс төрийн бодлого, шунал хүслээсээ болоод төрөл бүрийн хавчлагад өртөж байдаг аж. Энэхүү маш сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.
“Хятадад буддын шашны хэдэн арван мянган лам байдаг ч дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтэн нэг ч байдаггүй. Яагаад гэдгийг эрдэмтэд, лам нар өөрсдөө ч хачирхан ярилцдаг”
Одоо Холливудын од болсон Жет Ли тэргүүтэй уран бүтээлчид 1986 онд шаолиний тулааны урлагийн сургуулийн тухай кино хийхээр /Shaolin Temple 3: Martial Arts of Shaolin / Хэнань мужийн Дуут уулан дахь алдартай сүмд очоод нэг ч лам байгаагүйд ихэд цочирдон гайхсан гэдэг. 1500 жилийн түүхтэй уг сүм уг нь Хятад дахь буддын шашны нэгэн том төв гэгдсээр ирсэн ч цаг хугацааны явцад нэр алдар нь бүтэн үлдсэн ч буддын шашны түүхэн уламжлал нь устаж үгүй болсон байжээ. Уг киноны найруулагч Лау Кар Лейнгийн эхнэр, Хонконгийн нэрт жүжигчин асан Мари Жан Реймерийн хэлснээр, сүм хаалттай, тариачин байрын эрчүүдээр хамгаалалт гаргасан байсан бөгөөд дотор нь байсан гэрэлт бамбаруудыг хүртэл самбараар даруулж хадсан байсан гэнэ. Тиймээс арга буюу тулааны урлагаар хичээллэдэг залуусыг тоглуулсан аж.
“Кино алдаршиж, сүм олны хөлийн газар болоход тэдгээр залуусын олонх нь жуулчдад үзүүлбэр үзүүлэх зорилгоор тэндээ үлдэцгээсэн. Гэсэн ч буддын шашны ёс жаягийг ном журмаар нь дагасан хүн цөөхөн байсан даа” хэмээн Мари Жан Реймер дурсч байна.
Тэрхүү сүмийн байдал нь Хятад дахь буддын шашны сүйрлийг харуулж байгаа бөгөөд өдгөө ч авлига хээл хахуулийн дуулиан шуугиан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтний дутагдал зэрэг сөрөг зүйлсээр үргэлжилсээр байна. Гэхдээ шашин нь хэдий эртний уламжлалтай ч бууран доройтсон шалтгаан харьцангуй хожуу буюу коммунист дэглэм, улс төрийн дарамт шахалттай холбоотой гэж ажиглагчид үздэг байна.
АВЛИГЧАЧ ЛАМ НАРЫН ДУУЛИАН
Буддын шашны зүтгэлтэн хүн авлига хээл хахуульд холбогдох явдал БНХАУ-д байсхийгээд л гардаг. Тухайлбал, Бээжин дэх Лонгчуан сүмийн хамба, БНХАУ-ын Буддын шашинтны холбооны тэргүүн, 52 настай Ши Шиучен ийм хэрэгт холбогдон сүсэгтнүүдийг цочирдуулж байв. Олон нийтийг хамарсан #MeToo хөдөлгөөний хүрээнд түүний эсрэг чиглэсэн баримтууд олон нийтэд хүрч, тэрээр охид бүсгүйчүүд рүү шалиг үгтэй мессеж бичиж байсан нь батлагдсан байдаг. Мөн түүнийг сүсэгтэн олны өглөгөөр бүрдсэн сангаас их хэмжээний мөнгө дураараа гаргуулж, сүм барьж байсныг тодорхой баримттайгаар өгүүлсэн 95 хуудас материал интернэтэд тавигдсан юм. Эрх баригчдын хариу үйлдэл ч шуурхай байж, түүнийг “Буддын шашинтны ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж буруутгаад эдэлж байсан эрх ямбаас нь нэн даруй буулгажээ.
ХЯТАД ДАХЬ БУДДЫН ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ ГАДНЫНХАНД ХААЛТТАЙ
Парисын үндэсний их сургуулийн Дорно дахины соёл судлалын тэнхимийн профессор Же Жи хятадууд авлигач ламынхаа хэргийг түргэн шуурхай шийдсэнд нь талархалтай хандаж байгаа хэдий ч БНХАУ-д оршин байгаа буддын шашинтнуудын эмх замбараагүй байдлын талаар олж мэдэх бололцоог хааж байгаад харамсч байгаагаа илэрхийлж байна. Эрх баригчид ийнхүү шашны асуудлаа гадаад ертөнцөд дэлгэхийг хүсдэггүй нь шашны мяндагтнуудын эрх мэдэлд хүрдэг тогтолцоотой нь холбоотой” гэж тэрээр ярьж байна.
Түүний ярьснаар бол Хятадад буддын шашныг төвөөс албан ёсны дэмжлэг авсан толгой лам нар хянадаг. Гэхдээ тэд улс төрийн хувьд хүч нөлөөтэй ч эгэл сүсэгтнүүдийн хувьд нэр хүнд муутай гэнэ. Шашны хувьд маш том эрх мэдэлтэй ч сүсэгтэн олны дунд байтугай эргэн тойрны хүрээлэлдээ ч багш гэж хүндлэгддэггүй, нөлөөгүй хүмүүс шашны мяндагтнуудынх нь дунд олон байдгийг профессор Жи ажиглаж мэдээд ингэж дүгнэжээ. “Байр суурийг нь улс төр тодорхойлж байхад мяндагтнууд яаж ч сүсэгтнүүдийнхээ дунд нөлөөтэй болох вэ дээ” гэж тэрээр хэлж байна.
Албан ёсны мэдээллээр бол Хятадад буддын шашны 240 000 лам бий. Тэдний талаас илүү нь Түвдийнх. 28 000 орчим сүмд ойролцоогоор 100 000 орчим лам амьдардаг бол үлдсэн нь Юанань, Гуанси мужид ихээр тархсан Тхеравадын сургуулийнхан байдаг аж.
Гэсэн ч “Эх газар”-аас эр зориг, сайхан сэтгэл өгөөмөр зангаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шашны зүтгэлтэн сүүлийн жилүүдэд гарсангүй. Гэтэл хажууханд нь байх арлын Тайваниас сургаалийг нь дэлхий даяар сүсэглэж дагадаг мастер Шин Юнь, Шэн Йен зэрэг нөлөөтэй лам нар тодрон гарчээ.
Хонконгийн их сургуулийн Буддын шашны судалгааны төвийн эрдэмтэн, доктор Цуй Чун Хуй Хятадын шашны энэ сулбагар байдлыг “Шилжилтийн үе”-тэй холбон тайлбарлаж байна. Түүнийхээр бол түүхийн хэмжүүрээр “саяхан” болоод өнгөрсөн “Соёлын хувьсгал” буддын шашны уламжлалыг илт сулран доройтуулсан гэнэ.
“Иргэний дайнаар “Эх газар”-аас тусгаарласны дараа Тайваньд Күнз, Дао, түүнчлэн Буддын сургааль өөрийн агуулгаараа хөгжиж, түгэн дэлгэрэх боломж гарсан” гэж Цуй доктор хэлж байна.
Энэ ялгаа 1949 оноос гарч эхэлжээ. Тухайн үеийн эрх баригчид эх газрыг коммунист “дэг журам”-д оруулахаар үзэл суртлын дайн явуулсан тул буддын гэлтгүй бусад шашнуудын нөлөө илт хумигдан хохирол амссан аж.
“1949 оноос хойш буддын шашин бүтэц зохион байгуулалт, санхүүгийн чадавхиа алдаж, бүх талаараа хямарлд орсон байдаг. Одоо тулгараад байгаа олон бэрхшээл улс оронд социалист шинэчлэлт явагдсан 1950-иад оноос эхтэй” гэж тэрээр хэлсэн юм /БНХАУ-аас гадна буй сүсэгтнүүдийн тухайд Буддын шашны талаар Бээжингийн баримталж буй бодлогын талаарх ойлголт нь “БНХАУ бол шашингүй улс. Коммунизм хэзээ ч шашинтай зэрэгцэхгүй. Гагц Төвдийг эрхшээхийн тулд л буддын шашинд ач холбогдол өгсөн дүр эсгэж, буддын хамаарахыг оролддог. Үүнд нь итгээд хятадын нөлөөг оруулаад ирчих юм бол дараагийн алхам нь буддын шашныг устгах ажилд ханцуй шамлаад орж мэднэ” гэдэг хардлагад үндэслэдэг бөгөөд Далай лам тойруу утгаар ингэж номлодог байна/.
ИНТЕРНЭТ ОРЧИНД ШАШИН СУРТАЛЧЛАХ ТОГТОЛЦООГ ХЯНАНА
“Соёлын хувьсгал” ид явагдаж байхад үзэл суртлын дайны эхний “үр жимс” болох шашингүй үзэлтнүүд буддын шашны лам нарыг гадуурхаж, сүм хийдийг галдан шатаах явдал түгээмэл гардаг байжээ. Одоо цаг тайван болсон ч гэсэн дээр өгүүлсэнчлэн, шашныг мөнгө олох хэрэгсэл болгосон, авлига хээл хахуультай холбогдсон дуулианууд дуусаагүй л байна.
Шашны удирдагчдыг томилдог, шашин чөлөөтэй шүтэх эрх чөлөөг дарангуйлдаг улс төрийн нөлөө нь энэ уналтын хамгийн том шалтгаан гэж ажиглагчид хэлж байгаа юм.
Ши Жиньпин албан тушаалаа авсны дараа буддизм болон орон нутгийн бусад шашныг төрөөс дэмжих бодлого барих болсон нь уламжлалаа сэргээж, итгэл төрүүлсэн хэрэг боловч шашнаар дамжуулан “Зөөлөн хүчний бодлого” явуулах давхар зорилготой байв.
Төрөөс “томилогдсон” шашны удирдагч, толгой лам нар сүсэгтнүүдийг шашин номоос гадна эх оронч үзлээр зангидах үүрэг хүлээдэг ба сургаальд нь эх оронч үзэл санаа, түүний үнэт зүйлсийг магтан дуулсан агуулга шингээстэй байдаг.
Эрх баригчид шашны бүх л үйл хэргийг улс даяар байгуулсан Буддын шашны 41 институт, мөн Шашны хэрэг эрхлэх газар гэх төрийн байгууллагаар дамжуулан хянадаг байна.
Дээр өгүүлсэн байгууллагыг Хятадын коммунист нам Нэгдсэн фронтын ажлын албанд шилжүүлснээр шашинд тавих хяналтаа улам чангаруулжээ.
МӨНГӨ...
Дээр нэг бус удаа дурдагдсан “Шашныг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа” гэх шүүмжлэл нь үндсэндээ сүүлийн 20 жилийн турш дэлхий нийтийн сонирхлыг татаж, тэр хэрээр кино, жүжиг, анагаах ухаан, соёлын хөтөлбөр, аялал жуулчлалын брэнд болоод буй Шаолиний сургуультай холбоотой гэнэ. Технологийн аварга компани Tencent-ийн харъяа мэдээллийн сайт болох Prism-д энэ талаар бичжээ.
Олноо “Удирдагч лам” /CEO monk/ хэмээн алдаршсан, шаолиний нэгэн сүмийн хамба Ши Юнсинь ард иргэд өөрийг нь Шаолиний нэрээр мөнгө олсон гэж буруутгахад өөдөөс нь “Та нар харин “Шаолинь” гэдэг брэндийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна” хэмээн хариу буруутгаж байсан тохиолдол ч бий.
Дэнфэн хот дахь Шаолиний сүм зөвхөн 2015 онд гэхэд л орох тасалбар, өргөл барьц хэлбэрээр /нэг хүнээс 100 юань/ 50 гаруй сая юанийн орлого олжээ.
Гэхдээ Парисын үндэсний их сургуулийн Дорно дахины соёл судлалын тэнхимийн профессор Же Жигийн хэлснээр бол мөнгөний төлөө энэ ажиллагааг өөхшүүлэгч, хүртэгч үндсэн субъект нь орон нутгийн захиргаа гэнэ. “Орлогын гуравны нэг хүрэхгүй мөнгө л сүмд ногддог. Үлдсэн нь Дэнфэн хотын захиргаанд шилждэг” гэж Жи ярив.
Хятадын бусад томоохон сүм хийдийн адилаар, Шаолиний сүмийн удирдах байгууллага нь зөвлөл байдаг. Харин энэ зөвлөлийн гишүүдийн олонхийг Төрийн албан хаагчдаас бүрдүүлдэг ажээ.
Мөнөөх Жи профессор энэ талаар “Шаолиний сүмийн жасын нярав нь хүртэл төрөөс томилогддог учраас зардлаа дээрээс батлуулах шаардлагтай болдог. Сүмийн хамба лам нар санхүүгийн байдлын талаар ярих хориотой” хэмээн ярьсан юм.
Эрх баригчид өнгөрсөн жилээс буддын болон даогийн шашны сүм хийдийг хөрөнгийн биржид бүртгүүлэхийг хориглосон бөгөөд энэ оны хоёрдугаар сард шашны тухай хуульд өөрчлөлт оруулан арилжаанд оролцохыг нь хоригложээ.
“Сүм хийдийн олсон орлогын ихэнхийг орон нутгийн захиргаа авдаг байтал лам нарыг л үргэлж буруутгаж ирсэн” хэмээн профессор Жи нотлоод үнэн хэрэгтээ бол “Соёлын хувьсгал” эхэлсэн 1950-иад оны эхээр л ихэнх сүм хийд газраа хураалгаж, хуулийн дагуу бие дааж мөнгө олох эрхээ хасуулсан гэнэ.
БЭЭЖИН “ТҮРИЙВЧТЭЙ НЬ ЯРИХ” ЗАМААР СҮМ ХИЙДИЙН ХЯНАЛТАА ЧАНГАТГАЖ БАЙНА
“Удирдагч лам” Ши Юнсиний дотны найз нэгэн үйлдвэрлэгч “Шаолиний сүмийг үзэхээр ирж буй иргэдээс хураамж авахаа болих саналыг Ши Юнсинь хэдэн жилийн өмнө гаргасан юм билээ. Гэтэл орон нутгийн захиргаа нь зөвшөөрөөгүй гэсэн. Тэр энэ тухайгаа яриагүй байсан” хэмээн ярьжээ. Эх газрын бусад толгой лам нарын ярьж байгаагаар ч гэсэн Ши Юнсинь бол буддын шашны мяндагтнууд хувирч, эвдэрч байгаагийн амьд жишээ юм байна.
Шаолиний сүмийн оройд БНХАУ-ын төрийн далбаа мандуулсан сонин тохиолдол хэдэн жилийн өмнөөс гарсан. Шаолиний сүмийн 1500 жилийн түүхэнд ийм зүйл болж байсан удаагүй аж. Эх оронч үзлийг уриалах зорилгоор хийгдсэн гэх энэ үйл явдлыг ажиглагчид мөн л улс төрийн нөлөөтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Дээр олонтаа нэр дурдагдсан Ши Юнсиний найз, бизнесмэн эр энэ талаар “Ши Юнсинь яаж өөрөө ийм санаа бодож олох юм бэ. Сүмийн орой дээр туг мандуулна гэж. Тэр амбийцтай нь амбийцтай. Гэхдээ боловсрол нимгэн болохоор тархиа амархаан “угаалгачихдаг” гэмтэй. Түүнээсээ болоод олон удаа онигоонд ордог, нэг тийм хүн” гэжээ.
МУХАРДМАЛ, ГАРЦГҮЙ БАЙДАЛ
Хойд зүгийн Шанси мужаас ирсэн нэг лам нутагт нь шашны эрх чөлөө хязгаарлагдмал, улс төрийн дарамт шахалт нь буддын сургаальд “дуугүй тэвчих” гэсэн соёлыг бий болгож байгаа талаар ярив. Тэрээр илүү ихийг олж мэдэх гэсэн миний дараа дараагийн асуултаас “Бидэнд шийдэх ёстой асуудлууд маш их бий. Гэсэн ч харамсалтай нь нэгийг нь ч шийдэх боломжгүй. Та гүнзгий ухах тусам, хэний ч харахыг хүсэхгүй муу муухай зүйлсийг олж мэдэх болно” хэмээгээд татгалзсан юм.
Бээжингийн зохиолч Ли Хэй буддын шашны өнөөгийн нөхцөл байдлын учир шалтгааныг олчихсон гэнэ. Тэрээр 2004 онд буддын лам нартай ойр байж, далимд нь тамхиа хаях санаатай Хунань мужийн нэгэн сүмд бүтэн сарыг өнгөрүүлжээ. Тэр үедээ сүмийн мяндагтнууд болон төрийн байгууллагын түшмэдүүдийн харилцааны талаар олон зүйлсийг олж мэдсэн байна.
“Асуудал буддын шашинд биш, зохион байгуулалтад л байна. Шашинд итгээд, шүтээд явах хэрэгцээ ард түмэнд ер нь нэг их байдаггүй. Харин шашны байгууллагуудад үнэнч сүсэгтний оюун санааны хэрэгцээг хангачих чадамж алга” гэж Ли хэлсэн юм.
Түүнийхээр бол шашны хэргээр шийдвэр гаргагчдын дунд шашингүй үзэлтнүүд давамгайлах ёсгүй. “Тэдэнд буддын шашныг түгээн дэлгэрүүлэх бус, буддын шашин шүтэгчдийг хэрхэн хянах вэ гэсэн бодол л байдаг” гэж Ли Хэй ярьсан юм.
Аризонагийн их сургуулийн зүүн ази судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Альберт Уэлтерийн хэлснээр бол Хятадын буддын шашны зүтгэлтнүүдийн дунд нүүрлээд байгаа хээл хахуулийн асуудал нь Хятадын коммунист намын шууд тусгал гэнэ. “Буддын шашны сургааль хүнийг хүсэх тачаах төрөлх мөн чанараас нь ангид байлгах дархлаа биш” гэж тэрбээр өгүүлсэн юм.
Харин дээр нэр нэр дурдагдсан Хонконгийн их сургуулийн Буддын шашны судалгааны төвийн эрдэмтэн, доктор Цуй Чун Хуйн бодол илүү өөдрөг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шашны их багш төрөх цаг холгүй бөгөөд одоогоор танигдаагүй л байгаа болохоос олон нуугдмал авьяас билэгнүүд эх газарт байгаа гэдэгт тэрээр итгэдэг гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.67
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах