ОНЦЛОХ: Дэлхийн улс орнууд үертэй “ТЭМЦСЭН” амжилттай ба амжилтгүй КЭЙСҮҮД

2023/07/07

Нийслэлийн хэмжээнд хэдэн өдрийн турш үргэлжилсэн борооны улмаас Сэлбэ, Туул, Дунд гол эргээсээ халин авто замууд усанд автаж, голын эрэг орчмын зам хаагдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хүрээд байгаа билээ.

Гэвч энэ бол дэлхийн өнцөг булан бүрд орж л байдаг энгийн бороо. Гамшгийн хэмжээнийх биш! Стандартын бус хот төлөвлөлт, зөвшөөрөлгүй газар олголтын улмаас энгийн бороо гамшгийн хэмжээнд хүрээд буй.

Тэгвэл дэлхийн улс орнуудын үерийн үеэр авч хэрэгжүүлсэн болон урьдчилан сэргийлэх онцлох туршлагуудаас бид ОНЦОЛЖ байна. Улс орон бүрд үерээс урьдчилан сэргийлэх янз бүрийн аргууд байдаг бөгөөд энэ нь харьцангуй түвшинд амжилттай болдог аж.

Тухайлбал, Нидерландын Дельта Ворксоос эхлээд Виннипег дэх Улаан голын үерийн суваг гэх мэт сонирхолтой бөгөөд сургамж авч болох үерээс хамгаалах арга хэмжээний талаар хүргэж байна.

ЯПОН

Японы хамгийн их хүн амтай Токио хотын доор үерийн усны дэвшилтэт систем болох томоохон хонгилын сүлжээ байрладаг. Токиогийн үерийн систем нь Метрополитан бүсийн гаднах газар доогуур ус зайлуулах хонгил буюу G-Cans төсөл болон Фурукава усан сангаас бүрддэг ба дэлхийн хамгийн дэвшилтэт үерийн хяналтын системүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

G-Cans төслийг 2006 онд нийт 6 барилгын компани барьсан бөгөөд ойролцоогоор 3 тэрбум ам.долларын өртөгтэй аж. Энэхүү бүтээн байгуулалт нь асар том бөгөөд барилгын ажил дууссанаас хойш үерийн хохирлыг хоёр дахин бууруулсан байна.

/Төсөл амжилттай болсон ч цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж хот төлөвлөгчид цаашид нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг дахин бодолцож байгаа./

G-Cans ус зайлуулах хонгил

/G-Cans ус зайлуулах хонгил/

НЬЮ ОРЛЕАНС

Орчин үед үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг Нью Орлеанс хотод Катрина хар шуурганы дараа тохиож байжээ. Энэхүү үерийн ус зайлуулах систем нь олон километр урт далан бүхий сүлжээ байсан ч 2005 онд болсон хар салхины үед амжилттай ажиллаж чадаагүй. Үр дүнд нь хотын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь усанд автсан байдаг. Үерийн улмаас олон тэрбум долларын хохирол учирч, оршин суугчид амь нас, амьжиргаагаараа хохирсон. Энэ нь үерийн ус зайлуулах систем хангалтгүй эсвэл бүтэлгүйтсэн тохиолдолд ямар үр дагавар учирч болзошгүй талаарх хатуу анхааруулга болсон тохиолдол юм.

/Нью Орлеанс хотын урт далан бүхий ус зайлуулах систем/

НИДЕРЛАНД

Дэлхийн улс орны үерийн менежментийн хамгийн сайн жишээ гэж тооцогддог систем Нидерландад байрладаг. 1953 онд Хойд тэнгист болсон хүчтэй үерийн улмаас 1800 хүн амь үрэгдсэний дараа үүнтэй адил эмгэнэлт явдал дахин тохиолдохоос сэргийлж Дельта Воркс комисс байгуулагджээ.

Түүнээс хойш Нидерланд улс үерийн менежментийн системээ мэдэгдэхүйц сайжруулж, одоо дэлхийд алдартай болсон. Тус улсад хэрэгжүүлж буй арга хэмжээний хамгийн тод жишээнүүдийн нэг нь "Room for the River" төсөл юм. Үүнд Нидерландын засгийн газар 2.8 тэрбум доллар зарцуулсан бөгөөд тус улсын усны урсгалыг сайжруулж, газар нутгаа дахин төлөвлөн үерээс илүү сайн хамгаалахын тулд хэд хэдэн шат бүхий арга хэмжээ авчээ.

Үүнд далан сувгийг нүүлгэн шилжүүлэх, үерийн амны түвшинг бууруулах, шаардлагатай тохиолдолд оршин суугчдыг үерийн амнаас хол газарт нүүлгэн шилжүүлэх зэрэг багтжээ. Урсгал усны дагуу үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд голын эрэг дагуу амьдардаг олон тооны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хэдийгээр эдгээр томоохон алхмуудад засгийн газар болон иргэд сөргөөр хандаж болох мэт санагдавч тус улсын үерийн менежментийн санаачилгууд нь засгийн газраас асар их дэмжлэг авч түүгээр зогсохгүй үерт өртсөн хүн амын талархал, сайшаалыг үргэлж хүртдэг байна.

Rijkswaterstaat Room for the River компанийн гол, усны мэргэжилтэн Ханс Брауверс:

“Хүмүүс үүнийг баяртайгаар хүлээж авдаггүй. Хэрэв та тэр байшинд гурван үеэрээ амьдарсан бол нүүх гэдэг маш хэцүү хэрэг. Гэхдээ бид устай тэмцэж биш устай зохицож амьдрах арга замыг олох ёстой. Бидний даалгавар тодорхой. Манай санхүүжилт тогтмол байдаг. Хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явагдаж байна.” гэв.

Үүнээс гадна тус улсад Дельта Воркс, Зуйдерзее Воркс зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа ба эдгээр төслүүд нь томоохон хэмжээний газруудыг үерт автахаас сэргийлсэн бөгөөд улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх усны урсгалыг зохицуулахад асар их тусалсан юм.

Нидерланд бол үерийн менежмент хэр чухал болохыг бусад улсад үлгэр жишээ болгон харуулж буй улсуудын нэг маргаангүй мөн бөгөөд АНУ, Хятад, Африк, Австрали зэрэг улс тус улсаас усны менежментийн зөвлөгөө авдаг аж. Манай улс ч мөн Нидерланд улсын үерийн эрсдэл, хохирлыг бууруулах тууштай үйл ажиллагаанаас их зүйл суралцаж болно.

"Room for the River" төсөл

Дэлхийн өнцөг булан бүрээс эдгээр жишээнүүдийг харахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, зохицуулах нь амар хялбар зүйл биш гэдгийг харж байна. Нидерландын систем хүртэл сүүлийн хэдэн арван жилд байнга шинэчлэгдэх шаардлагатай болсон бөгөөд дэлхийн дулаарлын сөрөг үр дагавартай тэмцэх чадваргүй болох вий гэсэн айдас үүсээд байгаа.

Ийнхүү хариуцлагагүй байдал, үерийн эрсдэлийн талаарх ерөнхий ойлголт дутмаг байгаагаас болж үерийн хохирлыг бууруулахын тулд зоригтой алхам хийхээсээ илүүтэйгээр хохирол тохиолдсоны дараа засах гэж оролдон сандардаг нийгэмд бид амьдарч байна.

Япон, Нидерланд улсуудын жишгээс харахад, зөв менежментэд их мөнгө шаардагддаг болох нь тодорхой байна. Энэ нь манай улсад ижил төстэй чанартай системийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол саад бэрхшээлүүдийн нэг юм.

Бэлтгэсэн: А.Бавууханд






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна